Монгени сургууль яах аргагүй улсын өмч

lhagva05850505005“Монгени” цогцолбор сургуулийн захирал Н.Лхагва улсын өмчийн сургуулийг хувийнх мэт ашиглан сурагчдаасаа төлбөр авч байсан тухай яригдаж байгаа. Мөн төлбөрийн мөнгөөр сургуулийнхаа хашаанд нийслэлийн өмчийн газар байр, өргөтгөлүүд барьж улмаар хувийнх болгохоор хөөцөлдөж буй талаар манай сонин цувралаар нийтэлж байсан билээ. Энэ удаа тус сургуульд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан нягтлан Ч.Чимэддулам болон бага ангийн багш Т.Лхамсүрэн нартай ярилцсанаа хүргэе.

Ч. Чимэддулам: Тэр хоёр байшинг улс өмчдөө бүртгэж авах ёстой

-Та “Монгени” сургуультай ямар холбоотой вэ?

-Одоо “Монгени” сургууль байрлаж буй гурван давхар цагаан байшин өмнө нь хүүхдийн “Солонго өргөө” гэдэг байгууллага байсан. Тэр байгууллага анх 1983 онд Эвлэлийн төв хорооны харьяа хүүхдийн соёл спортын төв гэсэн нэрээр байгуулагдаж сүүлд “Солонго өргөө” гэж нэрээ шинэчилсэн юм. Харин “Мон­гени” сургууль өөрийн орон байргүй, цэцэрлэг, сургуулийн анги танхим зайчилж яваад 1997 онд манай байранд ирсэн. Одоо Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ дүүргийн Засаг дарга байхдаа “Солонго өргөө”-тэй нийлүүлж “Монгени Солонго” цогцол­бор сургууль болгосон. Улсын 108 дугаар сургууль гэсэн дугаартай шүү дээ.

-Тэр үед суралцагчдаас төлбөр авдаг байсан уу. Өргөтгөлүүдээ хэзээнээс барьж эхэлсэн бэ?

-Тухайн үед 60-80 мянган төгрөгийн төлбөр л авдаг бай­сан. Нэг жилийнх нь төлбөр манай дансанд ороход би тооцоог нь гаргаж байсан. Дараа нь тусдаа нягтлантай болоод ар талд байгаа байрыг “Капитрон” банкнаас зээл авч барьсан. Зээлээ сурагчдын төлбөрөөр төлж байсан. Тэр байрнуудын санхүүжилтийн эх үүсвэр нь хүүхдийн төлбөр шүү дээ. Гэтэл хувийнх юм шиг яриад байдаг. Уг нь анх Н.Лхагва захирал “Улсад бүртгэлтэй сургууль учраас энэ байр улсын өмчид орох ёстой, бүртгүүлнэ” гэдэг байсан. Би арав гаруй жил нягтлангаар нь ажилласан. Эхлээд би хичээлийн байраа өргөтгөж байна гэж боддог байсан. Сүүлдээ Өмчийн газраас ч энэ хоёр байшингаа улсын өмчид бүртгүүл гэж шахаж эхлэхэд захирал гарын үсэг зурахгүй зугтаж эхэлсэн дээ.

-Гарын үсэг зурахгүй байгаагаа юу гэж тайлбарладаг байв?

-Миний оюуны өмч гээд ярьдаг юм аа л ярина. Уг нь эх үүсвэр нь сургалтын төлбөр учраас энэ хоёр байшин бол улсын хөрөнгө шүү дээ.

-”Монгени сан”-г хэзээ байгуулсан юм бэ?

-Тэр санг 1999 он гэхэд л байгуулсан байсан. Сургалтын төлбөрөө ингэж тусад нь авч байгаад дараа нь байшин сав барина гээд их сайхан ярьдаг байсан. Гэтэл сүүлд нь хувийнх нь болчихож байгаа юм. Нэг мэдсэн Солонго гэдэг нэрийг авч хаяад “Монгени” цогцолбор болгосон. 2011 онд Авлигатай тэмцэх газраас шалгахад байрнуудаа эцэг, эхчүүдийн хандиваар барьсан гэж байсан. Тэгэхэд нь би эцэг, эхчүүд зүгээр хандив өгөхгүй. Сургал­тын төлбөрөөр л энэ хоёр бай­шин боссон. Албаар авсныг хандив гэхгүй шүү дээ гэж хэлж байсан.

-Сурагчдаас төлбөр авдаг болохоор багш нарын цалин дээр урамшуулал өгдөг үү?

-Багш ажилчид нийлээд 100 гаруй хүн бий. Төлбөртэй сургууль учраас багш нарыг зохих хэмжээнд урамшуулж, техник хэрэгслээр хангаж байх ёстой. Гэтэл дандаа л “Бүсээ чангалаарай байшинтай болох гэж байгаа шүү” гээд ямар ч урамшуулал өгдөггүй байсан. Тэгж явж явчихаад яаж өөрийнхөө болгож чадаж байна аа. Манайх улсаас бүх юмаа 100 хувь авдаг байсан. Цалин яг л хууль тогтоомжийн дагуу л авдаг. Гадаад гээд байгаа япон багш нар Жайкагийн шугамаар цалингүй ажилладаг юм. Төлбөрийн бүх мөнгө “Мон­гени” санд орж байгаа. Заал байрнуудад нь өчнөөн түрээслэгч бий. Боксын клуб, интернэт бий. Үндсэн гурван давхар байранд цайны газар бий. Наад талд нь хүнтэй уулзах талбай өдрийн цай өгнө гэж илүү гаргаж барьсан өргөтгөлд өөрийнх нь дүү нар дэлгүүр ажиллуулдаг.

-Улсын өмчийн сургууль болохоор төлбөр авч болохгүй. Хяналтын байгууллагуудаас арга хэмжээ авдаг байсан уу?

-Мэргэжлийн хяналтаас төлбөрийг нь болиул, байраа орлого болго гэсэн шийдвэр гаргаж байсан. Гэсэн ч хэрэгждэггүй. Өмчийн харилцааны газар баланс тушаах болгонд л Монгени хоёр байшиндаа орлого ав тэгэхгүй бол балансыг чинь авахгүй гэдэг. Тэгээд дээгүүр яриад би баланс өгөх болчихдог шүү дээ. Би тэтгэвэрт гаран гартлаа хоёр байшинг нь улсын өмч болгох гээд чадаагүй. Н.Лхагва захирал улсын сургуулийн захирал гэж төсвөөс цалин авна. Мөн өөрийнхөө байгуулсан “Монгени” сангаас захиран зарцуулах эрхтэй гэж бас цалин авдаг байсан. Их олон жил ингэж авсан. Бид хичнээн хашгираад нэмэргүй. Миний мэдэж байгаагаар энэ хоёр байшин улсын өмч байх ёстой.

-Багш нар энэ асуудлыг шүүмжилдэг үү?

-Янз бүрийн асуудал тавьбал зайлуулна. Ямар ч залуу хүн ажилгүй болохыг хүсэхгүй биз дээ. Жилдээ 40-50 багш солигддог. Бага сургуулийн хэдэн багш нар бол байж байдаг. Харин дунд сургуулийн багш нар бол дандаа л солигдоно. Залуу хүмүүс жаахан янз бүрийн юм ойлгох гээд эхэлвэл халагдчихдаг. Шинэ багш бол юу ч мэдэхгүй шүү дээ. Тэгээд хоёр жил болоод солигдоно. Энэ нь тэр хүний баримталдаг зарчим байх. Манайхаас халагдсан хүмүүс үг дуугүй гараад л явчихдаг. Багш нар их сонин юм билээ. Энэ өмч хөрөнгө хэнийх, яасан юм гэдгийг ойшоодоггүй. Цалингаа аваад л явж байдаг. “Монгени” сангаа одоо хүргэн н.Болдбаярынхаа нэр дээр болгосон байна лээ. Хүүхдүүдийн сургал­тын төлбөрийг дутуу цуглуулсан ангийн багш нарын амралтын мөнгийг барь гэдэг байсан. Тэгэхээр нь би төсвөөс цалин авч байгаа хүмүүсийн амралтын мөнгийг барьдаг нь ямар учиртай юм. Сангаасаа юу өгч байгаа юм. Хүний амралтын мөнгийг барьдаг эрх та нарт байхгүй гэдэг байсан. Гэхдээ л хэдэн багш нарыг хүүхдүүдийн сургалтын төлбөр оруулсангүй гээд цалин дээр нь зовоогоод байдаг. Багш нарын урамшил байдаг. Улсын сургуулийн багш нарыг төрийн бус санд мөнгө оруулаагүйн төлөө тэр урамшууллыг нь хасдаг. Орон байргүй тэнэж явсан хүн Солонго өргөөтэй нийлээд хоёр байшин барьчихаад миний хувийн өмч гээд яваа юм шүү.

“Монгени” сургуулийн бага ангийн багш Т.Лхамсүрэнтэй ярилцлаа.

Н.Лхагва захирал багш нарын нийгмийн асуудалд анхаардаггүй

-Та “Монгени” сургуульд хэдэн жил ажилласан бэ?

-Анх 1991 онд 20 дугаар сургуульд хоёр ангид байгуулагдаж байхад дүүргээсээ томилолт аваад очиж байлаа. Тэгээд тасралтгүй 20 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. Энэ бол улсын сургууль би ажиллах хугацаандаа улсаас л цалинжиж байсан.

-Анх байгуулагдахдаа төлбөртэй байсан уу?

-Төлбөртэй байсан. Эхний тав, зургаан жил 3-4 мянган төгрөг багш нарт өгдөг байлаа. Тэр нь багш нарын урам зоригийг сэргээгээд эхний 10 жилийн хугацаанд сургалтын чанар маш сайн байсан. Сүүлдээ байшин барилга руу бүх хөрөнгө нь ороод сүүлийн 10 жил багш нарт урамшуулал өгөхөө больсноос гадна сургалтад ерєєсєє анхаарахаа больчихсон доо.

-Төрийн өмчийн сур­гууль байж яагаад төлбөр авдаг байсан юм бол?

-Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор Н.Лхагва захирлын бичсэн төсөл түрүүлж сургууль байгуулсан юм билээ. Тухайн үед ардчилал гээд юм юм бужигнаж байсан болохоор тоогоогүй байх. Э.Бат-Үүл, Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарын хүүхдүүд тухайн үед суралцаж л байсан. Харин багш нар улсын сургууль л гэж орж ажиллаж байсан. 20 дугаар сургууль дээр хэдэн жил болоод Солонго руу очиж байлаа. Энэ үнэнийг Д.Юнгэрэн багш бид хоёр л хэлдэг. Энэ чинь 108 дугаар сур­гууль гэсэн улсын дугаартай шүү дээ. Яах аргагүй улсын сургууль юм.

-Анх төлбөр авч байхад нь энэ тухай яагаад ярьдаггүй байсан юм бэ?

-Нэмж байр барихдаа Н.Лхагва захирал “Би тэтгэвэрт гарахдаа аваад явахгүй хүлээлгэж өгнө” гэдэг байсан. Харин сүүлийн жилүүдэд “Ми­ний өмч, хувийн сургууль та нарыг би ажлын байраар хангаж байгаа” гээд эхэлсэн. Тэгээд л яагаад улсын сургуулийг ингэж байгаа юм гэдэг маргаан эхэл­сэн. Манай захирал хувийн шүүхтэй юм шиг аашилдаг. Янз бүрийн асуудал гарахаар шүүх рүү явъя гэдэг.

-Одоо сургалтынх нь чанар хэр бол?

-Эхний 10 жилийн хугацаанд сайн байсан. Түүнээс хойш сургалтын чанарт анхаарахгүй, байшин барилга гээд явчихсан. Багш нараа хөгжүүлэх талаар сүүлийн 10 жил юу ч хийгээгүй. Багш нараа ч тогтвор суурьшилтай ажиллуулдаггүй. Жилд дунжаар 30-40 багш халчихдаг. Багш нарт сургалтын төлбөрөөс ерөөсөө урамшуулал өгдөггүй.

-Ямар шалтгаанаар халдаг вэ?

-Төлбөр авч байгаа хүмүүс чинь хавар эцэг эхчүүдээс засварын мөнгө авах ёсгүй биз дээ. Гэтэл мөнгө ав гэж шахдаг. Зарим залуу багш нар эцэг эхчүүдээс мөнгө хурааж авч чадахгүй бол тэгээд халагдана шүү дээ. Шинэ жилээр бас хүүхдүүдээс мөнгө авна. Халагдах тушаал дандаа мөнгө төгрөгнөөс л болдог. Мөн Галбадрах, Энхбаатар гэх мэт үнэнийг хэлдэг залуу багш нар байлаа. Тэгээд үнэн үг хэлсэн бол халагдана.

-Танил талаа хэр татдаг хүн бэ?

-Өөрийн тойрон хүрээлэгчдээ сайн бүрдүүлсэн. Жишээ нь үйлдвэрчний хорооны дарга Мягмарсүрэн, япон хэлний багш Оюунгэрэл гээд олон хүн бий. Мөн өөрийнх нь охин, хүргэн, бэр бий. Техникийн ажилчид бол бүгд нутгийнхан байдаг.

-Н.Лхагва захирлын тэтгэвэрт гарах хугацаа нь болсон гэх юм билээ?

-Бид хоёр нас чацуу хүмүүс. Өөрөө тэтгэвэрт гарахгүй юм шиг авирладаг. Дөнгөж саяхан эрхлэгч нараа цуглуулчихаад би 70 хүртлээ ажиллана гэж байна гэсэн. Тэгэхээр хөдөлмөрийн хууль энэ хүн дээр зөрчигдөх нь дээ. Ер нь багш нарыг цуглуулах их дургүй. Хүмүүсийн санал шүүмжийг огт хүлээж авдаггүй. Уг нь сургуулийн багш нар сард нэг удаа цуглаж үйл ажиллагаагаа ярих ёстой биз дээ. Гэтэл цөөхөн цөөхнөөр нь тэнхим болгочихдог. Тэгэхээр хамт олон хоорондоо танилцдаггүй. Дүүргийн Засаг дарга байсан Амгалан, Төрийн сангийн дарга Долгорсүрэн, дүүргийн Боловсролын газрын дарга Галсанжав, Нийслэлийн боловсро­лын газрын дэд дарга Болормаа нар энэ хүмүүстэй сургалтын төлбөрийн мөнгөтэй холбоотой.

Ж.Баяхсайхан

НИЙСЛЭЛ ТАЙМС


URL:

Нэр: Anonymous Огноо: 14 June 2015

атаархсан хүмүүс юу ч гэж байж мэднэ, юм хийж байгаа хүнд хүн өшөөьэй байдаг юм шигээ…

Сэтгэгдэл бичих