Гав дөнгөтэй “боодог” болтлоо шатсан Бааварын үнэн баримтаас

baavar12554sssssХар тамхи хэрэглэсэн, бусдад худалдаалахыг завдсан гэх хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж буй “Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар 3-4 дүгээр зэрэглэлийн түлэгдэлтэй биеийн байдал нь туйлын хүнд байна. Түлэнхийн хамгийн өндөр зэрэглэл нь дөрөв бөгөөд ийм хэмжээний түлэгдэлтэй хүн шууд нас бардаг аж. Тэрбээр ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаад сахилгын камерт гал гарсан улмаас ийнхүү түлэгдэжээ. Баттай эх сурвалж буюу өөрийнх нь хэлснээр бол түүнийг усанд орохоор явж байхад нь нэгэн удаан хоригдсон хоригдол “бидэнтэй хамт усанд орохгүй яасан юм” хэмээн толгой уруу нь хоёр ч удаа цохиод авчээ. Харин түүний хариуд Баавар “миний найз яаж байна” гэж хэлэхийн завсарт хоёр харгалзагч ирээд ямар ч үгийн солиогүй хоёр гарыг нь ард нь гавлаад, хөлийг нь дөнгөлөөд сахилгын өрөөнд хийжээ. Монгол Улсын хуулиар бол гавлаж дөнгөлнө гэж байдаггүй бөгөөд эрүү шүүлт болох энэ аргыг ШШГЕГ дотоод журам гэдгээрээ зохицуулдаг ажээ. Энэ явдал бол гуравдугаар сарын 22-ны орой болсон аж.

Харин түүнийг сахилгын камерт нэг хоносны маргааш буюу гуравдугаар сарын 23-ны 12 цагийн орчимд чухам хаанаас бүү мэд гал гарч, улмаар хамаг хувцас нь шатаж дуусаад биеэнд нь наалдаж, маш хүнд түлэгдсэн байна. Энэ хооронд гартай гавтай, хөлдөө дөнгөтэй Баавар “Гал гарч байна, амь авраарай” хэмээн  25-30 орчим минут хашигарч байхад тус хорих ангийнхан ямар ч тусламж үзүүлээгүй. Ийм урт хугацааны туршид амь тэмцэн хашигарч байхад тусламж үзүүлээгүй нь хэний ч сонирхолыг татна. Түүнээс биш сахилгын камерт сэжигтнээр хоригдож байгаа хүнийг хамгийн өндөр хяналтад байлгадаг. Тэгээд ч урьдчилан хорих төвийн өрөө бүр  хяналтын камертэй, тэнд хүн шатаж, 30 орчим минут амь тэмцэн хашигарч байхад бүү хэл өчүүхэн төдий хөдөлгөөн чимээ гарахад л мэдэж байх ёстой. Нөгөө талд сэжигтэн Баавар сахилгад орох хэмжээний хэрэг өдүүлээгүй гэдэг нь эх сурвалжийн хэлж байгаагаас харагдаж байгаа юм.

Удаан хоригдсон гэх хоригдол ямар ч шалтгаангүйгээр түүнийг цохиж, үймээн дэгдээгээд, мөн харгалзагч нар ямар ч үгийн солиогүй гавлаж, дөнгөлөөд сахилгын камерт оруулж байгаа зэргээс харахад ямар нэгэн зохион байгуулалт ч байж магадгүй гэмээр. Мөн нэгэн зүйл дурдахад, гуравдугаар сарын 5-ны өдөр түүнд холбогдох шүүх хурал болох байсан ч бусад хуралд оролцогчдын өмгөөлөгч ирээгүй шалтгаанаар хурал нэгэнт хойшилсон байсан ч Бааварыг шүүх хурал болох цагаас 30 минут хоцорч ирсэн гэх шалтгаанаар Урьдчилан хорих төвд хорьсон аж. Харин түүнийг шүүх хурал энэ сарын 25-ны өдөр шүүх хурал нь болох байжээ. Ийнхүү ШШГЕГ-ынхан эрүүл саруул хүн хүлээж аваад хүн танихын аргагүй “боодог” болтол нь шатаалаа. Өнөөдөр хууль зүйн салбар, шүүх засаглал ямар хэмжээнд ажиллаж байгааг харуулаад зогсохгүй хүний эрх, хүний амь гэдэг өнөөдрийн төр засагт өт хорхойноос ч дор үнэлэгдэж байгаагийн нэгэн тод жишээ энэ биз ээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин шүүх, хууль зүйн салбарын шинэчлэлийн тухай амаа цангатал ярьдаг нь зүгээр л шоу төдий зүйл байсан нь эндээс харагдана. Тиймээс Бааварын ээж, ар гэрийнхэн нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд өргөдөл гаргажээ.  Алдаж онодог хорвоогийн амьдралд хийж бүтээхийн төлөө чармайж, нийгмийн сайн сайхан үйлсийн төлөө дуу хоолой болж явсан эгэл нэгэн уран бүтээлч залуугийн амь насыг хутганы ирэн дээр авчрах ямар шалтгаан байв гэдэг нь ч цаанаа асуудал дагуулна. Тэгээд ч Бааварын хувьд сэжигтнээр л шалгагдаж байгаа болохоос биш, ял авчихсан ялтан биш. Өөрөөр хэлбэл түүнийг буруутан гэдгийг нь шүүхээр нотлоогүй байна.

Тэгэхээр гал гарч, түүнийг шатах үеийн камерын бичлэг заавал байх учиртай бөгөөд 30 минутын турш амь тэмцэн бахирч байхад харгалзагч, хянагч нар яагаад туслаагүй юм гээд олон асуудлын учиг хөвөгдөх нь дамжиггүй. Будангуй цаг, энэ нийгмийн сайн сайхны төлөөх туг нь болж явсан уран бүтээлч өнөөдөр амьд үлдэх эсэх нь тун ч эргэлзээтэй байна. Гэтэл зарим мэдээллийн хэрэгслээр “Баавар өрөөнийхөө залуутай муудалцсан учир түүнийг тусгай камер луу шилжүүлсэн байна. Гэвч удалгүй тусгай камерийн өрөөнд гал гарснаар тэрээр түлэгдэж, сэхээнд хүргэгдсэн аж” гэх буюу бараг л амиа хорлох гэж асаагууртай орж гал тавьсан гэх мэтээр санаатай, санаагүй мэдээлэл тарааж байгаа нь харамсалтай. Сахилгын бүү хэл бусад камерт хорихоор оруулж байгаа хүнийг ам хамрын нүхийг хүртэл шалгадаг учиртай. Энд ахиад л нөгөө хууль хяналтын байгууллага Х.Тэмүүжин сайдын тэргүүлдэг салбарын ажлын хариуцлага яригдана. Тухайн өдрийн болсон процес камерт дурайтал үлдсэн байгаа учраас олон нийтэд зөв мэдээлэл өгөх учиртай. Түүнчлэн үүний ар талд ямар нэгэн зохион байгуулалт байж магадгүйг эх сурвалжийн мэдээллүүд ч хэлж байгаа юм.


Б.Өлзийт


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих