Нийтийн тээврийн автобус дахь амьдрал

Нийтийн тээврийн үйлчилгээ өглөөнөөс эхлэн ачаалалтай. Автобус дотор нэг хэсэг амьдрал буцална. Зарим нь гар утсаар гэртээ байгаа юм шиг уйлж дуулж, чанга чанга ярина. Цүнх ухчихлаа, халаас суйлчихлаа гэнэ. Мөнгөтэй мөнгөгүйдээ хүрч муудалцана. Архи үнэртүүлсэн, аашилж авирласан алив бүхэн бууж сууна. Залуухан охид хөвгүүд суудлаа алдчих вий гэсэн шиг худлаа унтсан дүр эсгэнэ. Бууя сууя гэж хашгиралдана. Хачин үнэр танар ханхлуулсан хог ухагчид хар шуудай үүрчихсэн орж ирж зорчигсдыг үргээнэ. Иймэрхүү дүр зураг манай нийслэлд л хаа сайгүй байдаг.

Аливаа хотын соёл нийтийн тээврийнхээ үйлчилгээнээс харагддаг гэдэг. Саяхнаас автобусанд хогийн сав тавихаар болжээ. Гудамжинд тоотойхон харагддаг хогийн сав яахаараа автобусанд тавигдах болов оо. Монголчуудаас их юм гарна шүү. Аргаа бардхдаа автобусныхаа хогийг хямгадах гэсэн санаа.

Уул нь буудал болгон дээр хогийн сав байдаг даа. Зорчигч хэдхэн буудал яваад буухын хооронд
тасалбараа автобусандаа хаячихалгүй буучихаж болмоорсон. Зарим нь цөмсөн самрын яс, уусан ундааныхаа савыг хаячихна.

Сүүлийн үед том оврын автобусанд микроны орилдог нь халдчихжээ. Буудал дээр удаан зогсоход нь зорчигч “яваач ээ” гэхэд нь мөнгө хураагч “яарч байгаа бол таксигаа бариад явахгүй юу” гэх нь сонсогдоно. Дэндүү харилцааны соёлгүйгээ харуулж байгаа хэрэг.

Манайхан нийтийн тээврийн үйлчилгээ муу, мөнгө хураагч нар ааш муу гэнэ. Ингэж хэлэх нөхцлийг иргэд өөрсдөө бий болгодгоо мэдмээр. Иргэдэд тохь тухтай сайхан нөхцөл бүрдүүлэх гээд суудлын бүрээс хийж бүх бололцоог бүрдүүлэхэд түүнийг нь ураад ухаж төнхөөд хоролчихно. Нохойг сайхан хоолоор цатгаж цатгаж тавьчихад хог дээр очоод яс мэрж байдгаас ялгаа нь юу байна.

Иргэд хаана аль буудалд буухаа мэдэж автобусанд суудаг. Тэгвэл хаана хэзээ буухаа ч мэдэхгүй автобусанд олз хайгчид олширчээ. Хүний цүнх зүсээд нэг удаа 500 мянган төгрөг авчихаж байгаа хүн чинь ажил хийгээд яах юм бэ.

Иргэдийн хайхрамжгүй гэнэн салан задгайгаасаа үл бүтэх нэгэнд өгөөш бэлдэж өгдөг. Энэ нь нийслэлийн иргэд нийгэмшиж чадахгүй байгааг харуулж байна гэсэн үг. Тэгэхээр 1950, 60-аад онд явагдсан соёлын довтолгооны нэг хэлбэрийг нийслэлийн иргэдэд явуулмаар.

Автобусанд биеэ авч явахаас эхлээд зааж сургах хэрэгтэй болж байна. Манай нийтийн тээврийнхэн суудал дүүрчихээд байхад хүнээ чихээд байдаг. Япон хүмүүсээр жишээ авахад хүмүүс бие биедээ ч хүрэхгүй, хашгирч чанга ярих нь байтугай хүний өөдөөс ч эгцлэн хардаггүй. Манай өсвөр насны залуучууд хаана юунд яваагаа бодож үзэхгүй хашгиралдаж явах нь таатай биш харагддаг.

Сүүлийн үед нийтийн тээвэрт мөнгө төлөх хүн эрс багассан. Янз бүрийн үнэмлэх, виза болон цахим карт үзүүлнэ. Түүнийгээ ихээхэн харам гаргаж ядан харуулсан болно. Мөнгө хураагч оюутнуудыг “алив наадхаа олигтойхон харуулаач, нэг их гийгүүлчихсэн юм шиг” гэж хялалзах нь инээдтэй. Эцэстээ үнэн мөнийг нь харах гэсэн мөнгө хураагчтай хэрүүл үүсгэнэ.

Нийслэлийнхээ иргэдийг соёлжуулахад нийтийн тээвэрт үйлчлүүлэхээс эхэлмээр. Шинэ зууны нийслэл хотод хэн дуртай хүн шилжиж ирээд амьдарч чадахгүй болох нь тодорхой болж байна. Компаниуд автобусны үнийг нэмэх гэдэг нь нэг талдаа зүйд нийцмээр ч юм шиг. Өртөг өндөртөй хотод соёлтой л хүн амьдрах ёстой. Дэлхийн том хотуудын иргэд хувьдаа машинтай байдаг ч нийтийн тээврийг илүүд үзэж түүгээр зорчиж байдаг жишээтэй. Манайхан болохоор хамгийн ядуу нь автобусаар зорчиж байгаа юм шиг ойлгодог.

Ийнхүү автобусанд амьдрал буцалсаар. Хэзээ нэг метро гэдэг нь баригдаж хүмүүс хэл амгүй соёлтой үйлчлүүлэх юм бол доо. Нийтийн тээврээр үйлчлүүлэх соёл нийслэлийнхэнд дутагдаж байна.

Н.Лхагва

нийслэлтаймс


URL:

Сэтгэгдэл бичих