МОНГОЛ-ЯПОНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ “ЭРЧ” САНААЧИЛГА ХЭРЭГЖИХ БОЛЛОО

big_abegukjhukhukhukЯпон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн манай улсад хийсэн албан ёсны айлчлалын үр дүнд ноён Шинзо Абэгийн дэвшүүлсэн хоёр орны Стратегийн түншлэлийг эрчимжүүлэх, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилготой “Эрч” санаачилгыг хэрэгжүүлж, энэ хүрээнд “Эдийн засгийн туншлэлийн хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар харилцан тохиролцлоо. Мөн хоёр орны хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжихээр “Экспортын зээлийн шугам нээх тухай хэлэлцээр” хийж, “Дунд хугацааны хөтөлбөр” байгуулах боллоо.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар хоёр улсын хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч нарт өнөөдөр хийсэн хэлэлцээнийхээ талаар хамтарсан мэдээлэл өглөө.

Мэдээллийн эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлэлцээ харилцан ойлголцсон, итгэлцсэн, найрсаг уур амьсгалд амжилттай болж өнгөрснийг онцлоод, Япон улстай Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд “гуравдагч хөрш” Япон улстай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газар улс төрийн өндөр ач холбогдол өгдгийг мэдэгдлээ.
Хэлэлцээний үед хоёр орны улс төрийн харилцааны өндөр түвшинг хадгалж, итгэмжилсэн байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг бие биеэ нөхсөн харицлан ашигтай байх зарчмыг хэрэгжүүлэх, соёл боловсролын, иргэд хоорондын хамтын ажиллагааг өргөтгөх, олон улсын тавцанд бие биенээ дэмжсэн хамтын ажиллагаа өрнүүлэхэд, хамтран ажиллахаа харилцан нотолсон байна. Мөн Монгол, Японы Стратегийн түншлэлийг нийгмийн бүх салбарт эрчимжүүлэн хөгжүүлэх, түүний дотор эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гарган урагшлуулан хөгжүүлэхэд хэлэлцээ чиглэгджээ.
Түүнчлэн, эрхэмсэг ноён Шинзо Абэ хоёр орны Стратегийн түншлэлийг гурван үзэл санааны дагуу эрчимжүүлэн хөгжүүлэх санаачлага дэвшүүлсэн байна. Тодруулбал эрх чөлөө ардчилал, энх тайван, бие биедээ харилцан туслах гэсэн гурван үзэл санааны дагуу эрчимжүүлэн хөгжүүлэх санаачилга дэвшүүлснийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг талархан хүлээн авч, энэ уриагаар хоёр орны харилцааг урагшлуулан хөгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлжээ.
Хэлэлцээний үеэр Ерөнхий сайд Шинзо Абэ хоёр орны Стратегийн түншлэлийг эрчимжүүлэх, манай орны эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилготой “Эрч” санаачилга дэвшүүлсэн байна. Энэ санаачилгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг талархан хүлээн авч, хамтран ажиллахаа илэрхийлэн, энэ зорилгоор бизнес, санхүү, хөрөнгө оруулалтын таатай нөхцөл, эдийн засгийн харилцан ашигтай, бие биеэ нөхсөн хамтын ажиллагааны бодит орчин бүрдүүлэх зорилготой “Эдийн засгийн туншлэлийн хэлэлцээр”-ийн явцыг түргэтгэж, ойрын хугацаанд байгуулах асуудлаар ярьж тохиролцжээ.
Мөн хоёр орны хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжихээр “Экспортын зээлийн шугам нээх тухай хэлэлцээр” байгуулахаар тохиролцож, стратегийн түншлэлийн харилцааг эрчимжүүлэн хөгжүүлэх зорилготой “Дунд хугацааны хөтөлбөр” байгуулах нь зүйтэй гэж санал нэгджээ. Энэ хөтөлбөрт ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх дээд түвшний харилцан айлчлал, эдийн засгийн хамтын ажиллагаа, тухайлбал нүүрс болон дэд бүтэц зэрэг салбарт хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, соёл, боловсрол, олон улсын тавцан дахь хоёр орны хамтын ажиллагааны чиглэлүүдийг тусгахаар төлөвлөж байгаа аж. Мөн зөвхөн уул уурхайн салбараар хязгаарлахгүй бусад олон салбарт оруулах Японы хөрөнгө оруулалтыг сайшааж хүлээн авахаа, дэмжиж ажиллахаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг илэрхийлсэн байна.
Хэлэлцээний үеэр ноён Шинзо Абэ Японы гадаад бодлого дахь Монгол Улсын ач холбогдол өсч байгааг тэмдэглээд, манай орны дунд, урт хугацааны хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тусалж, хамтран ажиллахаа илэрхийлснийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцолж байв. Тухайлбал, сургалт оношилгооны эмнэлэг байгуулах, олон шинэ улсын онгоцны буудлын ажлыг эхлүүлэх, Дархан хотод Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг чиглэлд дэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажиллахаа мэдэгдсэн байна.
Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэх, орчин үеийн хөгжлийн үндэс суурийг тавихад анхнаас нь нэн чухал дэмжлэг үзүүлж ирсэн, манай гол түнш орон, гуравдагч хөрш Япон улстай цаашид харилцаа, хамтын ажиллагаагаа улам зузаатгаж, хамтран ажиллах байр суурьтай байгааг Ерөнхий сайд дахин илэрхийллээ.
Ноён Шинзо Абэ сэтгүүлчдэд өгсөн мэдээллийнхээ эхэнд Ерөнхий сайд болсноосоо хойш гурав дахь гадаад айлчлалаа гэргийн хамт Монгол Улсад хийж байгаадаа баяртай байна гээд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Монголын ард түмэн халуун дотно хүлээн авсанд чин сэтгэлээсээ талархал илэрхийлэв.
Тэрбээр “Өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нартай хоёр улсын хоорондын харилцаа, бүс нутгийн нөхцөл байдал, олон улсын байдлын талаар маш ач холбогдолтой яриа хэлэлцээ хийлээ. Яриа хэлэлцээний үеэр миний зүгээс Япон, Монгол хоёр улс гурван үзэл санааг нийтлэг эрхэмлэн дээдэлж, харилцааны хөгжлийн тулгуур болно гэдэгт тохиролцож, намайг санал нэгтэй дэмжлээ. Түүнчлэн Ерөнхий сайд Н.Алтанхуягтай стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэхэд улс төр, аюулгүй байдлын салбарын стратегийн яриа хэлэлцээрийг эрчимжүүлэх, эдийн засгийн харилцаа болон хүн солилцоог идэвхжүүлэх гэсэн гурван чиглэлд хамтран ажиллахад санал нэгдсэн.
Ялангуяа эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд миний зүгээс “Эрч” нэртэй хамтын ажиллагааны санаачилгыг дэвшүүллээ. Энэ хүрээнд Япон улсаас байгаль орчинг анхаарч Монголын хамгийн том цахилгаан станц болох “ТЭЦ-4”-ийн өргөтгөлд эрчим хүчний үүсгэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 4.2 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэлээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хоёр улсын харилцааны ерөнхий чиглэлээр ярилцсан. Хоёр улсын стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэхэд салбар бүрийн хамтын ажиллагаа, харилцааг улам тууштай хөгжүүлэх талаар санал нэгдсэн.
Энэ удаагийн Монголд хийж буй айлчлалаар миний Монголтой харилцаагаа бэхжүүлэх гэсэн хүсэл эрмэлзлэл, санааг ойлгосон гэдэгт итгэл төгс байна. Мөн энэ айлчлал нь хоёр улсын харилцааг үсрэнгүй хөгжүүлэх боломж олгоно гэдэгт найдаж байна” гэсэн юм.
Ерөнхий сайд нар дээрх мэдээллийг хийсний дараа хоёр орны сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв.

-Япон улсын “Санкэй” сонин: Хойд Солонгосоос пуужин хөөргөх, цөмийн туршилт хийх зэрэг өдөөн хатгах үйл ажиллагаа явуулж байгаа болон япон иргэдийн хулгайлагдсан асуудлын талаар таны бодлыг сонсмоор байна. Айлчлалын үеэр энэ талаар ярилцсан уу?
-Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Энэ чиглэлээр бид ярилцсан. Монгол Улс Солонгосын хойгийн ээдрээтэй байдлыг намжаах, тогтворжуулах, зургаан талт яриа хэлэлцээ болон холбогдох бусад хоёр талын яриа хэлэлцээг сэргээхийн төлөө байдаг. Бид ийм арга хэмжээг өмнө нь Улаанбаатар хотод зохион байгуулсан. Монгол Улс БНАСАУ-тай хэвийн харилцаатай улсын хувьд зарим яриа хэлэлцээг Улаанбаатар хотод зохион байгуулах, холбогдох талуудын байр суурийг Пхеньянд тайлбарлах зэргээр хувь нэмрээ оруулж ажиллахад бэлэн байгаагаа дахин илэрхийлсэн. Мөн Зургаан талт яриа хэлэлцээнд Солонгосын хойгийн олон улсын хамтын нийгэмлэгийн хяналтан дор цөмийн зэвсэггүй бүс болгох, цаашдаа Зүүн хойд Азийн энхтайван, тогтвортой байдлыг хангах үр нөлөөтэй механизм болно гэж Монгол Улс үздэг.
Хулгайлагдсан япон иргэдийн асуудал зэрэг БНАСАУ Япон улсын хоорондох шийдвэрлэгдээгүй асуудлыг цогцоор нь шийдвэрлэх ёстой гэсэн Япон улсын байр суурийг Монгол Улс дэмждэг гэдгээ энэ яриа хэлэлцээний үеэр илэрхийлсэн. Түүнчлэн Монгол Улс 2013 оны хоёрдугаар сард БНАСАУ-аас цөмийн туршилт хийсэнтэй холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан тогтоолыг НҮБ-ын гишүүн орны хувьд дагаж мөрдөхөө мөн мэдэгдсэн.

-“Eagle” телевиз: Энэ сарын 15-нд БНХАУ-ын шинэ удирдагч Си Жинпин албан тушаалаа хүлээн авч, үүнийхээ дараа ОХУ-д анхны гадаад айлчлалаа хийсэн. Энэ айлчлалыг та юу гэж харж, дүгнэж байгаа вэ?
-Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ: Гуравдагч орон хоорондын асуудлаар миний зүгээс ямар нэгэн санал хэлэх зохимжгүй болов уу гэж бодож байна. Аливаа улс орнуудын Засгийн газрын тэргүүний гадаад оронд хийж байгаа айлчлал нь төрөл бүрийн хүчин зүйлсийг иж бүрнээр шийдвэрлэдэг гэж бодож байна. Миний удирдаж байгаа Засгийн газрын хувьд эрх чөлөө, ардчилал, хуулийн захиргаа, үндсэн хүний эрх гэх мэтийн нийтлэг үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлдэг улс орнуудын харьцаагаа чухалчлан үзэж, мөн дэлхийн үйл явцыг холоос ажиглан харж байгаа шиг тийм стратегийн үүднээс гадаад харилцаагаа төлөвлөх нь чухал гэж үзэж байгаа.

-Японы “NHK”: Хэлэлцээгээр бүс нутгийн асуудлаар ярилцсан уу? БНХАУ Монгол Улсын хөрш орон. Сүүлийн үед Хятад улсын цэргийн хүч эрчимжиж, нутаг дэвсгэрийн асуудлаар өөрийн байр суурийг олон улсын нийгэмлэгт уриалж байгаа. Хятад улсыг тойрсон асуудлаар ямар яриа хийсэн бэ? Мөн Япон улсад атомын цахилгаан станцын ослын дараа эрчим хүчний эх үүсвэрийг хангах асуудал чухал болж байгаа. Хэлэлцээгээр энэ талаар ямар үр дүнд хүрсэн бэ?
-Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ: Хойд Солонгост хандах Японы байр суурийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид тайлбарласан. Хойд Солонгосын олон улсын нийгэмлэгт хийж байгаа өдөөн хатгах ажиллагааг бид хэзээ ч хүлээн зөвшөөрөх боломжгүй. Саяхан гарсан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг зайлшгүй хэрэгжүүлэх ёстой. Хулгайлагдсан япон иргэдийн асуудлын хувьд Японы Засгийн газар маш их чухалд үзэж, заавал шийдвэрлэнэ гэсэн байр суурьтай байгаа. Энэ байр суурийг Монгол Улсад тайлбарлаад дэмжлэг хүссэн. Монголын зүгээс бидний байр суурийг ойлгосноо хариу илэрхийлсэн. Өнгөрсөн онд Улаанбаатарт болсон Япон, Хойд Солонгосын уулзалтад Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлсэнд мөн бид талархлаа илэрхийлсэн.
Япон, Хятадын харилцаа нь өмнө хэлж байсанчлан Японын хувьд хамгийн чухал хоёр талын харилцааны нэг. Өнөөдөр Япон, Хятадын харилцаа бага зэрэг ээдрээтэй байгаа боловч Японы зүгээс байдлыг дэвэргэж, хурцатгах ямар ч бодол байхгүй, харин ухаалаг дөлгөөнөөр асуудалд хандаж байна. Мөн энэ асуудал нь хоёр улсын харилцаанд бүхэлд нь нөлөөлөх ёсгүй гэсэн байр суурьтай хандах нь Япон, Хятад улсын стратегийн харилцан ашигтай харьцааны уг санаа юм. Миний зүгээс яриа хэлэлцээний хаалга хэзээд нээлттэй байна.
Байгалийн баялгийг ашиглах асуудлын талаар хэлэлцээгээр ярилцсан. Монгол бол байгалийн баялгаар үнэхээр арвин орон. Япон байгалийн баялаггүй ч өндөр технологитой. Тиймээс энэ салбарт хамтран ажиллах нь хоёр талд ашигтай гэж бодож байна. Бид эрчим хүчний тал дээр хамгийн зохимжтой хамтын ажиллагааг бий болгоно. Энэ үүднээс хоёр улсын харилцааг эрчимжүүлэн бэхжүүлэх ёстой. Японы компаниудын сонирхол мөн өндөр байгаа.

-МОНЦАМЭ агентлаг: Монгол Улсын Засгийн газар Япон улстай харилцах харилцаанд ямар ач холбогдол өгч байна вэ? Японы талтай эдийн засгийн ямар ямар хамтын ажиллагаа өрнүүлэхээр төлөвлөж байгаагаа тодруулахгүй юу?
-Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Монгол Улсын Засгийн газар гуравдагч хөрш Япон улстай хөгжүүлж байгаа найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд улс төрийн хувьд өндөр ач холбогдол өгч байгаа. Ер нь Япон улстай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг юм. 2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Япон улсад хийсэн айлчлалын үеэр тохиролцсон хоёр улсын стратегийн түншлэл хөгжүүлэх чиглэлээр харилцаагаа хөгжүүлж байгаа. Монгол Улс өнөөдөр үсрэнгүй хөгжлийнхөө гараан дээр ирсэн. Бид хувийн хэвшлийн харилцаа, хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих замаар хоёр орны эдийн засгийн харилцааг ойрын жилүүдэд шинэ шатанд гаргах зорилт тавьж байна. Үүнд уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуй зэрэг эдийн засаг, үйлдвэрлэлийн бүх салбарт Японы дэвшилтэт технологийг ашиглах, нэмүү өртөг шингэсэн баялаг бүтээхэд Япон улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байна.
Хоёр улсын Ерөнхий сайд нарын сэтгүүлчдэд хийсэн мэдээлэл энэ хүрээнд өндөрлөсөн бөгөөд үүний дараа ноён Шинзо Абэ Монгол ардын намын дарга Ө.Энхтүвшинтэй уулзлаа. Хөтөлбөрийн дагуу үүний дараа “Их тэнгэр” цогцолборт Ерөнхий сайд Н.Алтанхуяг, гэргийн Х.Сэлэнгэ нар ноён Шинзо Абэ, гэргийн Акиэ Абэ нарыг хүндэтгэн зоог барих юм.
Айлчлал маргааш үргэлжилж, ноён Шинзо Абэ УИХ-ын дарга З.Энхболдтой уулзан, Японы цэргийн дурсгалын цогцолборт цэцэг өргөнө. Улмаар зочид 10.20 минутад “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас онцгой үүргийн нислэгээр Монгол Улсаас мордох юм.
Н.Гантуяа

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих