Ц.Элбэгдоржийн давах учиртай даваа

527-1364954146middleАН-ын доторх фракцуудын дайн ид дундаа өрнөж байна. Сүүлийн үед намынхаа эсрэг хүчтэй дуугарах болсон УИХ-ын ги­шүүн Ж.Батзандан, Х.Тэмүүжин, М.Батчимэг нарыг Ерөнхийлөгч Ц.Элбэг­доржийн “албат”-ууд гэдгийг нь  улс төрийн хүрээнийхэн андахгүй.
Дээр нь “Шонхор” фракцийнхан ч хүч нэмэрлэж, Эбэ-г дэмждэг гэдгийг өнгөрсөн түүхүүд нь гэрчилнэ. Энэ бүхнийг дурьдах болсон шалтгаан нь хамгийн сүүлд улс төрийн тайзнаа тавигдаж, олны ташаалд нийцсэн тэрхүү жүжгийн найруулагчийг тодотгох гэсэн төдий.
Хамгийн их ардчилалтай гэж өөрсдийгөө тодотгодог АН-д 1990 оны өмнөх МАХН-ын Улс төрийн товчоо шиг бүлэг, бүтэц үүсчихсэн байгаа тухай М.Батчимэг гишүүн зүгээр нэг ам алдчихсангүй. Зөвхөн найруулагчийн  зааварласны   да­гуу бэлдэж өгсөн үгийг нь мэдлэгийнхээ хү­рээнд  баяжуулж хэлснээс цааш­гүй.
Гэ­тэл түүний үг намынхаа удирд­­лагуудыг онц байдал зарлаж, шуур­хай хуралдахад хүргэх юм чинээ санаагүй биз. Бүр энэ завшааныг ашиглан намын нэр хүндээр орж ирсэн зарим нэгнийг эргүүлэн татах тухай партизанууд хөндөөд авав.
Гэхдээ М.Батчимэгийн ард Ц.Элбэгдорж, мөн түүний мэдлийн байгууллага байгааг тэд мартчихаж. Ж.Батзангийн хувьд ч ялгаагүй. С.Эрдэнийн “сүүдэр” гэх тодотголыг улс төрийн хүрээнийхэн нэрнийх нь өмнөтгөл болгон нэрлэж заншсан.
Иргэний хөдөлгөөний гэгдэж байсан түүний амьдрал хэдийнэ түүх болон улиран одсон юм хойно. Гэхдээ түүний төрөлхийн тэмцэгч зан чанарыг нь байнгын ажиллагаатай парламентад “зөв”-өөр ашиглах санааг мэргэн бөөдий олоод харчихаж.
Ж.Батзандангийн үг, үйлдэл бүр АН-д шургалсан МАН-ын тагнуул мэт дүр төрхийг гэрчилнэ. Бүр дэргэдэх нөхдүүдээ эхнэр, нөхрөөр нь хүртэл гадуурхаж, тохуурсан юм даг. Х.Тэмүүжингийн хувьд ч ялгаагүй.
Хуулийн мэдлэгээрээ хатуу самрыг дагуулахгүй гэж өөрийгөө дүгнэдэг тэрбээр хавтаст хэргийг уудалж, мөрдөн байцаалтын нууцыг задруулна гэдэг санаатай үйлдэл биш гэж үү.
МИАТ-ийн хэргийг нийтэд мэдээллэж, ил болгосноор хувьчлалын асуудал нь замхарч, олон албан тушаалтныг араасаа чирэхэд хүрээд байгаа. Энэ хэрэгт улстөрчид холбоотой талаар салбарын сайдын амнаас цухалзсан ч тэднийг нэрлээгүй нь бас л шалтгаантай.
Товчхондоо, дээрх хүмүүсийн сүүлийн үеийн үйлдлүүд Ц.Элбэгдорж гэгч чухам хэн бэ гэдгийг улс төрийн тайзнаа амьдруулж байгаагийн илрэл.
Ц.Элбэгдоржийн фракцтай нэг тал болдог “Шонхор”-ынхон АТГ-ыг захирдаг. Мөн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ч тэдэнтэй нэг тал, санаа нэгдмэл.
Ийм байхад Эбэ-г сөрөх зоригтон байх уу, АН-д. Энэ бол АН Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн сон­гуулиар дэмжиж ажиллахаас өөр аргагүй нөхцөл байдал. Тиймээс эцсийн хариугаа гаргаж чадахгүй тээнэгэлзэж ядан “Энэ удаагийн сонгуулиар одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дэмжиж ажиллана даа” хэмээн бувтнаж байх вэ дээ.
Уг нь Н.Алтанхуягийн “Алтан гадас” фракцийнхан АН дотроо олон кноптой. Х.Баттулгын МоАХ ч тэднээс дутахааргүй кноп олонтой. Ерөнхий сайдын санаа нь хотын дарга Э.Бат-Үүлийг их сунгаанд сойх сонирхолтой. Тиймдээ ч УИХ-д өрсөлдүүлэлгүй Нийслэлийн ИТХ-д багаа удирдан орохыг “үүрэгдсэн”.
Энэ нь мэдээлэлд ойр нийслэлчүүдийн итгэлийг олж авах зорилготой. МАН-ынхан нэр хүндээ алдаж, дахин өндийхөөргүй болсон тул АН тэр дундаа Улсын баатар сонгогчдыг соронздох А төлөвлөгөө боловсруулсан нь энэ.
Харамсалтай нь, эрх мэдлийн дээр байгаа Ц.Элбэгдорж бүхнийг атгачихаад тавихгүй байгаа нь тэдний тооцоолоогүй үйлдэл байж. Хэрэв энэ удаад л Ц.Элбэгдоржийг барьж чадвал дахин улс төрд алхуулахгүй байх арга хэмжээг Д.Эрдэнэбат хариуцах бололтой юм шиг байгаан.
Тэр нь хэлсэн үгнээс нь харагддаг. Тэрбээр “Ерөнхийлөгч албан ту­шаалаа өгсөн л бол улс төрд дахин орж, намуудын харьяалалд багтахгүй байхыг хуульчлах юм. ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан гэж хавтгайруулахгүй Ерөнхийлөгч гэсэн статусыг л авч үзэх хэрэгтэй” гэж хэлж байсан.
Энэ бол Ц.Элбэгдорж энэ удаад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж чадахгүй бол дахин улс төрд эргэн ирэх учиргүй гэсэн Н.Алтанхуягийн түүнд өгч байгаа сэрэмжлүүлэг. Н.Багабанди шиг титэм үг тэрлэнэ үү, Н.Энхбаяр шиг урьдын үйл лайгаа эдэлж хорих ангид “амьдарна” уу хамаагүй гэсэн санаа ч гэж нэрлэж болно.
Түүнчлэн Женко ч их сунгаанд бас хүч үзчих нууцхан сонирхолтой тухай зарим хүн цайны хачир хийх нь бий. Иймээс Эбэ хүчтэй өрсөлдөгчөө намнахын тулд МИАТ-ийн хэргийг ил болгож, хувьчлалын асуудлыг нь нам дарав.
Х.Тэмүүжингийн хэлсэн үг бүр Х.Баттулга, Л.Болд нарын МИАТ-ийг хувьчлах гэсэн санаархлыг үгүй хийсэн юм. Өөрөөр хэлбэл, Х.Баттулгад өгсөн Эбэ-гийн дохио гэж ч тайлбарлаж болохуйц. Ээлжит жүжиг ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл үргэлжилнэ.
Гэхдээ ойрын хугацаанд бүр хүчээ авна. Энэ нь нэр дэвшигч тодруулахтай холбоотой учраас. Уг нь айдгаа авдартаа хийлээ гэж сэтгэл нь амарч суусан ардчилсан Ерөнхийлөгчид давах даваа дэндүү олон байна даа, хөөрхий.
Л.Нинжсэмжид
Эх сурвалж:

URL:

Сэтгэгдэл бичих