“МОНГОЛ УЯАЧ 3000” ЗӨВЛӨЛГӨӨН ХЭНТИЙД БОЛЛОО

indexНЭЭН55Монголын Морин спорт уяачдын холбоо Хэнтий аймагт “Монгол уяач 3000” зөвлөлгөөнийг саяхан зохион байгууллаа.
Монголын морин спортыг үүсгэсэн өлгий нутгаас энэ жилийн зөвлөлгөөнөө эхэлж буйг ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн онцолж хэлсэн. Тэрбээр зөвлөлгөөний өмнөх өдөр Азийн морин уралдааны холбооны хуралд оролцоод Хонконгоос Хэнтийд иржээ. Тэрбээр зөвлөлгөөн дээр уяачиддаа мэдээлэл хийхдээ,
-Монгол адуугаа паспорттой болгоё, бүртгүүлье. Ингэж байж бид дэлхийн морины бодлогыг ярих ёстой. Дэлхийн адууны баярын үеэр америк уяач квартер адууныхаа тухай, оросууд орос адуугаа, арабууд араб адууныхаа тухай ярьж байна. Тэгвэл монголчууд бид монгол адуугаа ярина. Монголын хурдан морины уралдааныг бид геннисийн номонд бүртгүүлэхээр зорьж энэ үеэр 3000 морь уралдуулахаар төлөвлөж байна. Ийм учраас бид зөвлөлгөөнөө ингэж нэрлэсэн юм. Аймаг болгоноос 100 их насны морьд уралдуулна гэж тооцоолоод байна. Тэгэхээр Хэнтий аймгийн уяачид 100 их насны морьдоо авч очиж уралдуулна. Энд оролцох уяачдыг бүртгэж авч зургийг нь авч 3000 мориороо каталоги гаргана. Геннисийн номонд уралдсан морьдын каталоги гаргаж, Дэлхийн геннисийн холбоо, ММСУХолбоо, Монгол улсын Засгийн газрын хамтарсан батламж бичиг гардуулна. Иймээс манай уяачид 3000 морины уралдаанд идэвхтэй оролцож, монгол соёлд хувь нэмрээ оруулахыг уяачиддаа уриаллаа.

Хонконг-д болсон Азийн морин уралдааны холбооны хурал дээр монголоос нэг санал тавьжээ. Монголын морины спорт уяачдын холбооны “Алтан морь” шагналыг Азийн хурдан морины уралдааны шагнал болгох саналыг дэмжиж, Азийн хэмжээнд хурдан морины уралдаанд хамгийн их идэвх зүтгэлтэй ажилладаг морины зүтгэлтнийг шалгаруулж Монгол улс Азийн “Алтан морь” шагналыг гардуулж байхаар болсон байна. 750 жилийн өмнө Адууны яам байгуулж байсан их эзэн хаан маань өнөөдөр дэлхийн морины том зүтгэлтнүүдэд Монгол улсынхаа нэрээр морины шагнал гардуулах болсон нь сайхан завшаан юм.
Энэ жил улсад “Их хурд” уралдаан, Хэнтий аймагт зүүн бүсийн хурдан морьдын уралдаан, Монгол адууны 3000 хурдан морины баяр, бусад олон наадам уралдаанууд болох нь ээ. Хурдны өлгий нутгийг адууны тоосон дунд амьдарч байсан, олон сайхан хурдтай хүн удирдах болсонд ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга ихээхэн билэгшээж баяртай байна билээ.
П.Сэргэлэн дарга нэрэндээ таарсан хүн юм. Салбар холбоодынхоо үйл ажиллагаатай газар дээр нь танилцахын хажуугаар уяачдынхаа санал бодлыг сонсдог аж.
Галшар сумын уяач Ухна гуай, “Манай аймагт морь татдаг газар, цэнгэлдэх хүрээлэн хоёр их зайтай байна. Морь татах газар маань эзгүй шахам байдаг. Дээр үед төрийн сүлдэт туг, шашны тугаа зэрэг мандуулаад морь мордох бүрд сан тавьж, хоёр тугныхаа дундуур морио гаргадаг, морь эргэх газарт бас ламын бүрээн дуунаар морьд эргэдэг байсан. Одооных шиг буун дуугаар биш. Хурдан морь их эрсдэлтэй байдаг. Бөхчүүд хөлийн хамгаалалттай барилддаг шиг морины хөлийн хамгаалалтыг хэрэглэж байвал ямар вэ. Бооцоотой уралдаан эрт дээрээс хориотой байсан. Одоо бооцоотой уралдаан хүүхдүүдийг муу занд сургаж багаасаа мөрийтэй тоглоомд суралцах нэг хэлбэр болоод байна уу даа гэж бодогдож байна”,
Төгсийн Балжиннямын Хишигням: Миний аав 1944 оноос эхлээд морь уяж, наадамд удаа дараа дээгүүр давхиулж байсан. Тэр үед уясан бүх морины 3/2-ыг барьж үнэмлэх бичиг өгдөг явдлыг сэргээвэл яадаг юм бол. Энэ бичиг баримт нь их чухал байжээ. Манайд баадан дүүрэн бичиг байсан. Би шарга азаргаа унаад Ардын хувьсгалын 29 жилийн ойгоор улсад тавд давхиулаад маршал Чойбалсангийн гараас дээлийн торго, баадан боовоор шагнуулж байсан. Хүүхдээр морь унуулах нь ёс. Бид унасаар ч ирсэн. Хамгийн гол нь уяач, хүүхэд, морь гурав учраа олж байвал тэрэндээ ч морь сайн давхидаг юм. Миний аав аймгийн МААЯ-ны дарга байхдаа удам судартай адуу цуглуулж, хурдан шарга азарга болон бусад хурдан морьдоо авч байсан юм. Ингээд би 16 хүртлээ хурдан морь унаж 20 хүрээд морь уясан. Улсын наадамд түрүү 5 морийг 5 өөр хүн цоллодог байсан болохоос бүгдийг зэрэгцүүлж бариад цоллочихдог байгаагүй.
Морьдын ихэнх хувийг барьдаг байхад ийм багцаа баримжаагүй өндөр шан харамж өгдөггүй байсан. Өөрийнхөө морийг унаж байгаад нь дээлийн торго, хүний морь унаж байгаад нь дээлийн торгон дээрээ 100 төгрөг тавиад өгдөг байсан. Тэгээд Чойбалсан гуайг нас барснаас хойш улсын наадамд очиход Жанчив генерал гэдэг хүн дээлийн торго өгөөд, боовыг нь өгдөггүй болсон байсан. Морь гаргана гэдгийг одоогийн уяачид мэдэхгүй болсон юм шиг санагддаг. Морь гаргахад асар дотор морин хуур хүнгэнүүлж, үүдээр нь морьд тарлаж гардаг байсан. Асрын үүд их том зайтай байна. Манай Баянхутаг сум хэзээнээс хурд ихтэй, уяач олонтой нутаг. Дамдингийн Доржпагам гэдэг уяач улсын наадамд очоод нэгийг түрүүлгээд, 4-ийг айрагдуулаад ирж байсан. Тэр түүх номон дээр байдаг л байх. Уяач хүн хүүхэддээ уралдааны замыг нарийн сайн зааж өгөөд энэ замын энүүгээр нь яваарай гэж үзүүлж харуулан зааж өгдөг байсан. Ер нь хүүхэддээ сайн зааж сургаж чадахгүйгээс дутуу эргэх, элдэв муу зүйл гардаг болсон байх. Тэр үед морь гарааны төхөөрөмж юм гэж байгаагүй шүү дээ. Дарцаг л байсан. Ардын хувьсгалын 30 жилийн ойгоор нэг удаа азарга км дутуу эргэснээс хойш 10 морийг 1 цэрэг хөтөлж тавьдаг болсон. Өвлийн уралдаалга гэж байгаагүй. Хаврын эхэн сараас уралддаг. Бээлийтэй хүүхэд мориныхоо жолоог сайн барьж чаддаггүй, дандаа үстэй, товчтой нударгатай дээлтэй уралдана. Хүүхэддээ л их анхаардаг байсан даа. Хувцас хунарт нь хүртэл. Тэр үед аймгийн дарга ганц машинтай, өөрөө морьтой хүмүүстэй цуг явж тавьж өгөөд хүүхдүүдийг бие засуулж, олмы нь чангалж өгч гаргадаг байсан. Тиймээс уяачид хүүхдээ маш сайн сургах /элдэв будлиан зөрчил гаргуулахгүй байх талаас нь/ шаардлагатай гэж бодож байна.
Дэлгэрхаан сумын уяач Намсрайжав: -Морь эргүүлэх төхөөрөмж гэдэг хэрэгтэй юм уу. Маапааны л төхөөрөмж болов уу даа. Машин олноор явуулдагыг болимоор байна. Морьд мотортой уралддаг боллоо шүү. Тугий нь хүртэл морьтой хүн бариад явдаг байсан. Тэр олон машинууд тоосоор булж замыг нь ч харагдуулахгүй болгож байна. Уяачдын хөдөлмөрийг дүгнэхдээ өөрчлөлт оруулмаар байна. Үнэлэгдэхгүй өнгөрөх явдал байна. Уралдааны замыг маш сайн засахгүй бол осолтой болжээ. Өвөл их уралдсанаас болж нойтон замд хүүхэд эндэж байна. Морины сүүлийг шуух юм уу эсвэл боохгүйгээс морины хонго гуядаад хурды нь сааруулдаг. Бас нэг зүйл гэвэл, морины бай шагналд анхаарах хэрэгтэй байна. Гүйлгээгүй муу хужаа дугуй, муусайн хэмхэрхий төмөр замын ая даахгүй, очоод нохойны уяа болох юм ч өгч байна шүү /уяачид хөгжилдөн инээцгээж байв/. Нөгөө талаар бид холбооныхоо санг арвижуулах хэрэгтэй байна. Манай аймаг ер нь зүүн талаасаа усныхаа урсгалыг сөрж морио уралдуулж болдоггүй юм уу. Одоо мориныхоо тавилан, уралдааны замыг эргэж харвал яасан юм бэ. Дээр үед намайг хүүхэд байхад сөрж уралддаг байсан шүү дээ.
Аргагүй л хурдны цөм нутгийн уяачид морины ёс жаяг, уламжлал соёлыг мэдэх юм гэж холбооны удирдлагууд сайшааж байлаа. Ингээд ММСУХолбооны хүндэт өргөмжлөлийг уяач, морины зүтгэлтнүүдэд гардууллаа. Уяач Ч.Цагаанзандан, Эрдэнэбаатар, Гомбодорж, ШШГА-ны дарга А.Намсаманд, Батноров сумын Засаг дарга Г.Тайванжаргал нар эл хүндтэй шагналыг хүртлээ.
Ирэх жил хурдны цөм сүргийг бий болгосон Галшар сумын өвгөн ноён хэмээх М.Пүрэвжавын мэндэлсний 170 жилийн ойг угтуулаад Хэнтий аймаг Пүрэвжавтаны хүндэтгэлийн байгууламж, нэрэмжит гудамж, морин тойруулгыг ирэх 4 жилдээ багтаан барьж байгуулахаар төлөвлөж байгаа тухай аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжав танилцуулж уяачдаасаа алга ташилтаар шагнуулав.
Аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар уяачдынхаа гаргасан саналыг анхааралтай хүлээн авч, морийг бүрээн дуугаар эргүүлэх, гарааны төхөөрөмж сэлтийг шинэчилнэ гээд 4-р сард Өвгөн ноён судлалаар эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна. Манай Хан Хэнтий аймаг төрт ёс үүссэн голомт нутаг, 2-рт монголд морин спортыг бий болгосон түүхэн алдар гавъяатай хүмүүстэй нутаг. Өвгөн ноён Пүрэвжав гэдэг хүн бол яах аргагүй Монголын морин спортын анхдагч загалмайлсан эцэг хүн юм. Тийм учраас энэ хүний алдрыг мөнхжүүлэх, энэ бахархал соёлыг хойч үедээ таниулах зорилгоор олон ажлыг хийнэ. Мөн Батноров сумын Тожил дархны ур хийцийг сурталчилсан үзэсгэлэнг энэ хурлын үеэр гаргана. Тожил дархны ур хийц, бүтээлийг хамгийн их эдэлж хэрэглэдэг хүмүүс бол манай уяачид малчид байна. Энэ үйл ажиллагааг хамтад нь зохион байгуулна. Тожил дархны ном каталог гаргана. Хан Хэнтий аймгаас төрөн гарсан найман их аварга бөхчүүдийн хөшөөт цэцэрлэг байгуулахын зэрэгцээ өвгөн ноёны цуут найман хүлгийг алдаршуулсан хөшөөт өндөрлөг байгуулахаар болсон гэлээ.
Зөвлөлгөөн дээр Монгол улсын Тод манлай уяач Дуламсүрэн Хэнтий хан, Өвгөн ноёны үлдээсэн адуугаар ийм өндөр цол шагнал авсан учраас би Хэнтий нутагт сэтгэлийн өртэй явдаг хүн гээд уяачдын асуугаад байсан бооцоот уралдааны талаар, “Бооцоот уралдаан гэж монголд болдоггүй юм. Татаастай уралдаан л болдог. Наадам зохион байгуулах болон тэр наадамд уяач хүн оролцох эрхээ л авч байгаа, нэг ёсондоо такс төлж байна гэсэн үг. Тэгж байж бид уралдаанаа зохион байгуулна. Зөвхөн Өлзийт хороонд 1 насны 500 морь уягддаг. Уяач бид байхгүй бол төрийн наадам болох уу? Морин уралдаан бол хүн төрөлхтөний түүхэнд бий болсон оюуны өв соёл юм. Гагцхүү бид баталсан дүрэм журам стандартаа хэрэгжүүлж сурах л хэрэгтэй. Ингэж хүүхдээ хамгаалах ёстой. Тусгай дэлгүүрт хамгаалалтын стандартын хувцас, малгайг зарж байгаа. Морины хөлний хамгаалалтыг 2,5 – 2,8 км-т уралддаг морьдод хэрэглэдэг зүйл. Манайд тохирохгүй, морины хөлийн судсыг боочихдог сайн хамгаалалт биш юм байна лээ гэж ярьсан бол, П.Сэргэлэн дарга, “Бид морио хүүхдээрээ унуулж уралдуулах уу, үгүй юу гэдэгтээ тулаад байна. Өнөөгийн суурьшсан, хотожсон, ахуйгаасаа холдсон хүмүүс хүүхдээр морь унуулж байгааг зэрлэг цэнгэл гэж ойлгодог болчихоод байна. Зохион байгуулалттай том уралдаанд хүүхэд эндсэн тохиолдол байхгүй. Жижиг, хэдэн хүний зохион байгуулсан уралдаанд л хүүхэд эндээд байна. Нөгөө талаар хүүхдийнхээ аюулгүй байдалд сэтгэл зовж хамгаалж чадахгүй байгаагаас уяачдын хөдөлмөр тэр чигтээ үгүйсгэгдэхэд хүрч болзошгүй байна хэмээн өнөөдөр хурцаар яригдаж байгаа хурдан морины хүүхдийн хамгаалалтад уяачдын анхаарлыг хандуулсан.
Ингээд зөвлөлгөөнд оролцсон уяачид энэ талаар нэлээд сайн ярилцаж хамгаалалтын хувцас хэрэгсэл, малгайтай болохоо амлацгаасан юм.
Энэ намар уяачдын холбооноос уяачдын их хурал зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүний наана уралдаан наадам зохион байгуулж буй дүрэм журамд өөрчлөлт оруулахаар төлөвлөн уяачдаасаа олон санал асуулга авах аж. Эл зөвлөлгөөн дээр, уралдааны зам хэт их хол байна уу, хоёр талдаа уралдах нь зөв үү гэж уяачдаас асуулаа. Урьд нь олон төрлийн шим тэжээлтэй өвс ургамлыг морь идэж, байгалаас хэрэгтэй эрдэс тэжээлээ авчихдаг байсан бол сүүлийн үед 4-5 төрлийн л өвс ногоо ургадаг болж байгалиас авдаг шим тэжээлээ авч чадахгүй болохоор морь маань нэг ёсондоо хэврэг талдаа орж байгаа тул дээрх асуудал тавигдаж байгаа аж. Дээрээс нь уралдаанууд олон болоод морьд хурдан болж, өрсөлдөөн ширүүсээд ирэхээр моринд нилээн ачаалал ирж эндэх явдал гарах болжээ. Иймээс 2 талдаа биш гараан дээрээсээ уралдуулдаг болбол яасан юм бэ гэж асууж байна.
Хэнтийн уяачид морьд хоёр талдаа уралдаж буй хэрэг биш, зөөлөн шогшуулаад очиж байгаа нь нэг ёсондоо морины бие халаалт дасгал болдог гэж байлаа. Морины тавилан ч холдохгүй, таарна гэсэн саналыг зонхилон өгсөн юм.
Морио өндөр үнээр худалдаж аваад, тэжээгээд арчлаад байдаг уяачид маань морио унадаг хүүхдээ хайхрахгүй байж болохгүй. Хамгаалалтын хувцас, хэрэгслийг нь аваад өгчих хэрэгтэй гэж морины зүтгэлтнүүд индэр дээрээс дахин дахин хэлж сануулж байсан. Харин нэгэн ахмад уяач шөвгийн бөхчүүдэд допингийн шинжилгээ хийгээд байхад түрүүлсэн моринд бас яагаад хийж болохгүй билээ гэсэн асуудал ч тавьж байсан. Ямар нэг хүч оруулах тариа хийдэг гэж дуулддаг гэж байлаа.
Зөвлөлгөөний үеэр Галшар сумын алдарт уяач Д.Очирбаттай уулзлаа. Тэрбээр 1986 оноос хойш 16 наснаасаа эхлэн морь уяж байгаа их бага наадмаас 50 гаруй айраг авсан туршлагатай уяач аж. Галшар адууны цус хэвээр хадгалагдаж яваа гэж үздэг байна. Иймээс Өвгөн ноёны алдарт хүлгүүдийн удам угшил Галшартаа бий. Өөртөө бөгөн адууны нь угшил бий гэлээ. Алдарт уяач Донойн Цэвэгмид гуайн бөгөн хул, Норов хүрэний удамтай адуутай ажээ. Холбооноос тавьж байгаа асуудлын тухайд морьд хоёр талдаа уралдах нь зөв, моринд бие халаалт болно. Замын тавилан ч болно, морьд тэжээлтэй тамиртай уралддаг болсон гэлээ. Харин Дэлгэрхаан сумын алдарт уяач, Улсын алдарт уяач Х.Сүрэнхор агсны ах дүүгийн хүүхэд болох Ц.Нямсамбуу гуай болохоор морьд хоёр талдаа уралдахыг таашаадаггүй гэж байлаа. Тэрбээр 43 жил морь уяж байгаа хүн. Жаргалтхаан сумын уяач С.Төртогтох 20-иод жил морь уяж байгаа, улс бүс, аймаг сумын наадмаас 10 түрүү, 30 айраг авсан. Жаргалтхааны Сүнгийн адуу, Чанцал адууны цус орсон, Галшарын бөгөн адуу, Мөнххааны адуутай уяач. 1998 онд улсад халтар азаргаа аман хүзүүнд давхиулсан, төвийн бүсийн уралдаанд хязаалан аман хүзүүлүүлсэн, 2010 онд улсад шүдлэн түрүүлгэсэн, хүний өөрийн адуугаараа Дүнжингараваас 1 түрүү, 8-9 айраг авсан ажээ. Тэрбээр морь унаач хүүхдээ хамгаалахын зэрэгцээ хариуцлагыг сайжруулж, эргэж зугтаалгахгүй, элдэв муу зүйл хийлгэхгүй байхыг зааж сургах нь маш зөв юм гэсэн бодолтой зөвлөлгөөний танхимаас гарч ирсэн юм.
Зөвлөлгөөн дээр Улсын алдарт уяач Г.Содномыг Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнасныг гардуулж баяр хүргэлээ.indexНЭЭН55


URL:

Сэтгэгдэл бичих