ТҮРЭЭСЛЭГЧДИЙГ ДАРАМТЛАХАА ЗОГСООХЫГ ШААРДАВ

f0c4e1b5e807db8ebig“Нарантуул трейд” ХХК-ын ерөнхий захирал Ш.Сайхансамбууд худалдааны төвийн удирдлагуудын дарамт шахалтын талаар тус захын ҮЭХ-ныхон мэдэгдэл хүргүүллээ.
“Нарантуул” худалдааны төвийн өргөтгөл, гэр ахуйн бараа, хүнсний зах, гадаа захад 30 мянга гаруй иргэн 15 жил ажиллаж байна. Тэдний 90 гаруй хувь нь гэр бүлээрээ ажиллагсад байдаг аж.
Тус худалдааны төвийн захиргаа нь 385-425 мянган төгрөгийн үнэтэй төмөр авдар хийлгэн түрээслэгчдэд худалдаалахдаа “Тээш, түрэлтийн үнэ хойшид авахгүй” хэмээж байсан ч дахиад төмөр авдар бүрээс 30 мянган төгрөгийг цахилгаан, камержуулалтын хөлс гэж авч эхэлжээ. ҮЭХ-ны дарга Б.Байгалмаа, “Сүүлийн 4 жилд 26 албан тоот, шаардлага, мэдэгдэл хүргүүлж байсан ч албан ёсоор нэг ч удаа хариу өгөөгүй. Түрээслэгчидтэй бичгээр гэрээ байгуулдаггүй, түрээсийн мөнгө авдаг ч мөнгөний баримт өгдөггүй. Талон гэж 1000 төгрөг авдаг. Түрээслэгчдийг байцаагч нар нь дур мэдэн хүссэн мөнгөөрөө торгодог. Түрээслэгчид үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй. ҮЭХ-ндоо өргөдөл бичиж гомдол мэдүүлбэл газрыг нь хураана хэмээн дарамталдаг” гэв.
ҮЭХ-ноос халуунд халж, хүйтэнд хөрч, хүнд хатуу нөхцөлд эрүүл мэндээ золиослон хөдөлмөрлөж, түрээс төлбөрөө цаг тухайд нь төлж ирсэн түрээслэгчдийн ажлын байрыг 30 мянган төгрөг өгөөгүйн төлөө хураана гэж дарамтлан, хүчээр авч байгаа үйлдлийг таслан зогсоож өгөхийг хүссэн юм. ҮЭ-ийн хороо нь түрээслэгчдийн эрх ашгийг хохироосон, дур зоргоороо авирласан үйлдэлтэй тууштай тэмцэх болно гэдгээ мэдэгджээ. Иймээс түрээслэгчид ҮЭХ-нд өргөдөл гомдол гаргаж, улмаар Хүний эрхийн үндэсний комисст мэдээлэл хүргүүлжээ. Комисс мэдээллийн дагуу тус захад хяналт шалгалт хийж, түрээсийн гэрээг хуульд засан шаардлагад нийцүүлж байгуулах, тухайн гэрээгээр сар бүр авах төлбөр, хураамжийн асуудлыг зохицуулахыг шаарджээ.
Ж.Болор

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих