Л.ГЭРЭЛМАА: ЧАНАРЫН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ БАРААГ ЭРГҮҮЛЭН ТАТНА

china-huns165355

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнөөдөр мах, махан бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрлэгчдэд хүнсний тухай хуулиуд, дотоод хяналтын чиглэлээр сургалт зохион байгууллаа. Уг сургалтын үеэр МХЕГ-ын Үйлдвэр, үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга Л.Гэрэлмаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
    -Энэ удаагийн сургалтыг ямар зорилгоор зохион байгуулж байна вэ? Мах үйлдвэрлэгчдийг нэгэн дор цуглуулснаар ямар үр дүн хүлээж байна вэ?
-Өнгөрсөн гуравдугаар сарын нэгнээс Хүнсний тухай хуулиуд хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан энэ сургалтыг зохион байгуулж байна. Шинээр баталсан хуулиудаар хүнсний үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч бүх аж ахуйн нэгжүүдийн хариуцлагыг өндөрсгөсөн. Иймээс аж ахуйн нэгжүүд түүхий эд татах эхний шат дамжлагаасаа эхлээд бэлэн бүтээгдэхүүн болж, хаяг, шошго зүүн гарах хүртэл бүх үе шатанд дотоод хяналт хийж, бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлыг хариуцах шаардлага тавигдаж байгаа.
МХЕГ-ын хувьд хүнсний чиглэлээр үйл ажиллагааг явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэр төрлөөр нь ангилж, технологийн онцлогийг харгалзан дотоодын хяналт тавих аргачлал, шинэ хуулийн зохицуулалтуудын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилготой цуврал сургалтуудыг зохион байгуулж байна. Энэ удаа махны асуудал эрхэлсэн 80 гаруй аж ахуйн нэгж, сургалтад хамрагдахаар төлөөллөө ирүүлсэн байна. Мэдээж хэрэг шинэ хуулиар хүнс үйлдвэрлэгчид болон импортлогч компаниудын үйл ажиллагаа, технологийн орчныг шинэ шатанд гаргахыг зорьсон. Тэгэхээр энэ сургалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа сайжирч, стратегийн бүтээгдэхүүн болох хүнсний хадгалалт, хамгаалалтад ахиц гарна гэж найдаж байна.
    -Нөөцийн махтай холбоотойгоор мах махан бүтээгдэхүүн, түүний хадгалалт, тээвэрлэлт олны анхаарлын төвд байх болсон. Энэ тал дээр шинэ хуульд ямар зохицуулалт орсон бэ?
-Одоогоор манай улсад мах махан бүтээгдэхүүнтэй холбоотой 80 гаруй стандарт мөрдөгдөж байна. Худалдаалалт, тээвэрлэлт гээд шат шатандаа хамаарах стандартуудыг мөрдөх учиртай. Шинэ хуулийн хувьд хүнсний зах зээлд оролцогч талуудын эрх үүргийг тодорхой зааглаж, нарийвчилсан заалтуудыг оруулсан. Ингэснээр хүнсний салбарын цалгар назгай байдал хумигдах учиртай. Хэрэглэгчдийн хувьд ч эрсдэлгүй бүтээгдэхүүнийг сонгож, хэрэглэх ёстой гэсэн заалт ч бий.
    -Мах махан бүтээгдэхүүний талаар танайд ирсэн гомдол барагдуулалт, эргэх холбоо ямар түвшинд байна вэ? Шинэ хуулийн хүрээнд ямар өөрчлөлтүүд ажиглагдана гэж үзэж байна вэ?
-Өмнөх хуулиар бол чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлсэн бол хуулийн этгээдийг 250 мянган төгрөгөөр торгодог, хэрвээ асуудал даамжирсан бол үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авдаг байсан. Харин шинэ хуулиар бол хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эсвэл буруу шошготой, хуульд заасан хэм хэмжээнүүдийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлээгүй, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зах зээлээс эргүүлэн татах эрх зүйн орчин бүрдээд байна. Ингэхийн тулд эрсдэл үүсгэж буй бараа, бүтээгдэхүүний гарал үүсэл, нийлүүлэлтийн хэмжээг тогтоох ул мөрийн тогтолцоог нэн даруй бүрдүүлэх шаардлагатай. Ингэхийн тулд нарийвчилсан бүртгэл зэргийг аж ахуйн нэгжүүдээс шаардана. Энэ дагуух шинэ заавар зөвлөмжийг ч сургалтаар танилцуулж байна.
Хэрэв зөрчилтэй бараа бүтээгдэхүүнээ зах зээлээс татан аваагүй, хуульд заасан хэм хэмжээг бүдүүлгээр зөрчсөн тохиолдолд иргэн хүнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгох, хуулийн этгээдэд 30-75 дахин нэмэгдүүлсэн хэмжээний мөнгөн торгууль ногдуулах, үйл ажиллагааг нь бүрмөсөн зогсоож, тухайн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх эрхийг хасах гэсэн хариуцлагын заалтуудыг тусгаж өгсөн. Ингэснээр өмнөх шиг зөрчил дутагдал гаргасан бол үйл ажиллагаагаа түр зогсоож байгаад дахин үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг явдлыг таслан зогсоох нөхцөл бүрдэж буй юм.
    -Нөөцийн махны чанарын асуудал олон нийтийн дургүйцлийг ихэд хүргэж байна. Харлаж удсан, дан цээж мах нийлүүлэгдэж байна гэсэн гомдлыг Ерөнхийлөгч ч иш татлаа шүү дээ?
-Нөөцийн мах борлуулж буй цэгүүдэд долоо хоног бүр шалгалт хийж байгаа. Эхний мэдээллүүд өнгөрсөн долоо хоногт нэгтгэгдсэн. Орхон, Дархан-Уул, нийслэлийн хэмжээнд уг шалгалт хийгддэг. Орхон аймагт нөөцийн мах нийлүүлж буй “Эрдмийт” ХХК-ийн лавлахад хийсэн шалгалтаар мах хадгалах, ангилан савлах цех нь 22.4 хувь буюу бага эрсдэлтэй гэсэн дүн гарсан. Дархан-Уулын мах нийлүүлэгчид ч мөн адил 21-25 хувь буюу бага эрсдэлтэй гэсэн дүгнэлт гараад байна. Нийслэлийн хувьд ч ялгаагүй.
Манай хяналтын байгууллагын хувьд нөөцийн махны эрүүл ахуй, хадгалалтын горим зэргийг хянаж, үнэлгээ дүгнэлтээ хийдэг. Энэ үүднээс бол ноцтой асуудал гараагүй байна. Харин гуяны мах уу, цээж мах уу гэх мэт асуудлуудын хувьд хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын шалгаж тодруулах асуудал юм.
    -Ярилцлага өгсөнд баярлалаа.

    Я.Баяр

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих