Хөшөөтийг “хөшөөсөн” Лю овогт Монголын шүүхтэй сүлбэлдсэн үү

527-1365561476middleӨдгөө Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй Хөшөөтийн нүүрсний орд 87.5-хан сая тонн нүүрсний нөөцтэй хэмээн тогтоогдоод байгаа. Эл учраас дээрх орд улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газрын жагсаалтад “тоогдохгүй” байгаа.
Тодруулбал, томхон шанагатай техник тус ордыг ганцхан самраад нөөцийг нь шавхчих учраас шалбааг шиг жаахан гэгдэх тус орд төр засагт “адлагдаад” буй юм. Гэхдээ дээрх асуудлыг иргэд өөр өөрийн өнцгөөс тольдож, тус тусын байр суурийг илэрхийлсээр ирсэн.
Харин 87.5 тоннын нөөцтэй гэх эл асуудлыг эрс буруушааж, эртнээс өдгөөг хүртэл тэмцэж ирсэн иргэд шүүх тогтолцооноос болж арга мухардсан тухай мэдээлэв.
Сийрүүлбэл, Хөшөөтийн нүүрсний ордыг улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газарт оруулах саналыг УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгах тухай нэхэмжлэлийг иргэн Б.Мөнхбаатар, О.Батсүх нар Сүхбаатар дүүргийн шүүхэд өнгөрсөн оны нэгдүгээр сард гаргасан аж.
Харин шүүх уг нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн хэдий ч Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх эрхийг нь зөрчсөн үйл ажиллагаа явуулж, Шүүх засгийн газрын байгууллагыг хараат бусаар шүүх чадваргүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв.
Учир нь Сүхбаатар дүүргийн шүүх иргэний хэргийг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 16-нд үүсгэсэн хэдий ч хариуцагч тал болох Засгийн газар итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилохгүй хэргийг удаашруулсаар байжээ. Харин тэд шүүх үүнд ямар ч арга хэмжээ авч чадаагүй хэмээн үзэж байна.
Засгийн газраас шүүх хуралдааны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Засгийн газрын хэрэг эрхлэх газар (ЗГХЭГ)-ын даргыг томилсон боловч хариу тайлбараар аргацааж, шүүх хурал товлосон өдөр ирэхгүй байсаар бүтэн жилийн нүүрийг үзсэн аж.
Тодруулбал, шүүх хуралдаан 10 гаруй удаа хариуцагч ирэхгүй байна, талуудын мэтгэлцэх зарчимыг хангана гэх зэргээр хойшлуулсан ч шүүх хуралдааныг хойшлуулсан гурван удаагийн л захирамж байдаг аж. Улмаар шүүх, нэхэмжлэгч нар “аргаа барж” ЗГХЭГ-ын даргыг албадан ирүүлэх захирамж гаргажээ.
Гэтэл тухайн өдөр хариуцагч тал мөн л шүүхийг үл хүндэтгэсэн байна. Удаа дараагийн эл үйлдлээс шалтгаалж, анхан шатны шүүх ажиллагаа өнгөрсөн сарын 3-ний өдөр хариуцагч талгүйгээр явагджээ.
Үүний эцэст шүүх шийдвэрээ гаргаж, Монгол Улсын үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 1, 16 дугаар зүйлийн 12, 14, Иргэний хуулийн есдүгээр зүйлийн 15.1-д зааснаар Б.Мөнхбаяр, О.Батсүх нар нь дээрх нэхэмжлэлийг гаргах бүрэн эрхтэй байна. Гэвч Засгийн газарт хуулиар хүлээсэн үүргийг шүүх шаардах эрхгүй хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хавсаргаагүй аж
Анхан шатны шүүх дээр бүдэрсэн иргэд өнгөрсөн хоёрдугаар сарын 8-ны өдөр давж заалдах гомдол гаргасан байна. Гомдлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх (ИХШХШ) тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлж, баримтыг хавсарган шүүхэд өгчээ.
Харин давж заалдах гомдпыг шүүхийн мэдээлэл, лавлагааны ажилтан хүлээж авахдаа хуульд заасан давж заалдах хугацаанд байгаа эсэх талаар гомдол дээр тэмдэглэл хийлгэж улсын тэмдэгтийн хураамж төлсөн эсэхийг шалгаж хүлээж авах ёстой стандарт байдаг аж.
Гэтэл гаргасан гомдлийн дагуу ИХШХШ тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.3-т заасны дагуу давж заалдах шатны шүүхэд гурав хоногийн дотор хүргэх үүрэг хүлээсэн анхан шатны шүүх 45 хоног дарагдуулсны дараа давж заалдах шатны шүүхэд хэргийг хүргүүлэхдээ зориуд санаатай тэмдэгтийн хураамжийг төлсөн баримтыг хавсаргалгүйгээр явуулсан гэж нэхэмжпэгч тал үзэж байна.
Үүний улмаас давж заалдах шатны шүүх хурал гомдлыг хүлээж аваад улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй учир гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзах тухай захирамж гаргасан аж.
Тиймээс хариуцлага алдсан Сүхбаатар дүүргийн ерөнхий шүүгч болон шүүгчийн туслах нарт хариуцлага тооцуулахаар Шүүхийн сахилгын хороо болон тус дүүргийн тамгын газарт гомдол гаргахаар зэхээд буй аж.
Мөн давж заалдах шатны шүүхэд гомдлоо дахин гаргахаар болжээ. Үүний эцэст нэхэмжлэгч тал болон тэдгээрийн өмгөөлөгч Ш.Жаргалсайхан нар шүүх засаглалын ажиллагаанд ашиг сонирхлын зөрчил шургалсан байж болзошгүй хэмээн үзээд буй юм.
Нэхэмжлэгч тал ялбал нийгэмд ямаар тустай вэ
Монголын баруун хязгаарын гүнээс олдсон Хөшөөтийн нүүрсний уурхайг албан ёсоор 87.5 сая тоннын нөөцтэй гэх. Харин аман яриагаар эл тoo асар өндөр буюу 306-460 сая тонн нүүрсний нөөцтэй гэгддэг.
Энэ нь Тавантолгойн нүүрсний орд газрын араас бичигдэх томоохон тоо. Үүнийг тус ордын дийлэнх хувьцааг эзэмшиж буй БНХАУ-ын иргэн Лю Чэн Линий босгож чадсан хөрөнгөөс харж болно.
Тодруулбал, “Монголиан Энержи Корпораци” буюу “Мон Эн Ко” компани Хөшөөтийн ордын 51 хувийг эзэмшдэг. Эл хувийг Лю овогтой нутаг нэгт гурван иргэн нь хуваалцдаг.
Харин дийлэнх буюу 21 хувь нь Лю Чэн Лин гэгчийнх. Тэрбээр өөрийн хувьцаагаа арилжаанд оруулж 2.5 тэрбум ам.доллар болгосон талаар мэдээлэл байдаг. Тиймээс улсад нээх ашиг тусгүй хэмээн үл тоогдоод буй эл нүүрсний ордоос гадны иргэн асар их мөнгө босгож чадав.
Үүгээр зогсохгүй “Мон Эн Ко” компани өөрийн албан ёсны цахим хуудас дээрээ нүүрсний нөөцийг 87.5, 460 ч бус 2.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй хэмээн зарлаж, цаашид 4.4 тэрбум болтлоо өсөх магадлалтай хэмээсэн байдаг.
Гэтэл энэ орд Монгол Улсын стратегийн орд газарт оролгүй хоцров. Харин ашигт малтмалын тухай хуулийн 4.1.12-д “стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд” гэж үндэсний аюулгүй байдал, улсын болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг” хэмээн тодорхойлсон байдаг.
Тэгвэл тус орд нь таван хувийг давуулан биелүүлж, хүний хөгжил сангийн орлого болох байлаа. Энэ тухай мөн Хүний хөгжил сангийн тухай хуулийн нэгдүгээр зүйлийн 1.1 -д “Энэ хуулийн зорилт нь ашигт малтмал, уул уурхайн салбарын орлогоос хуримтлал үүсгэж, тогтвортой өсөн нэмэгдэх байнгын нөөц бүрдүүлэн иргэддээ тэгш хүртээх зорилгоор хүний хөгжил сан байгуулах, түүнийг бүрдүүлэх, сангийн хөрөнгийг удирдах, зарцуулах, гүйцэтгэлийг нь тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” хэмээн заасан байдаг.
Харин хуулийн гуравдугаар зүйлийн 3.2-т зааснаар хүний хөгжил сангийн орлого нь “стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг, хувьцаа борлуулсны орлого”, мөн “ашигт малтмалын орд газарт ашигт малтмал олборлох, боловсруулах үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн улсын төсөвт ногдох хэсэг” зэргээс бүрдэх байв.
Гэтэл өнөөдөр бидэнд тус ордоос ашиг шим горьдох эрх алга. Монголын газар, бидний баялаг хэдий ч харийн шошгоор “брэнд” болж, хууль .сахиулах байгууллага нь Лю нутгийнхантай “уусч”, ашиг сонирхолоороо нэгдсэн байж болзошгүй гэх харийг иргэдэд төрүүлээд байна.
Б.Ширнэн
Эх сурвалж: 

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих