Б.Дөлбадрах:Цагдаагийн амь нас хороосон буу бүртгэлгүй байсан

images6986556

Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид,аймгийн Засаг даргын зөвлөлийн өргөтгөсөн энэ сарын 10-ны өдрийн хурлаар аймгийн Эрүүгийн гэмт хэргийн нөхцөл байдлын асуудлыг хэлэлцлээ.

Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Б.Алтанбадрал 2012 оны гэмт хэргийн мэдээлэл,урьдчилан сэргийлэх,цаашид авах арга хэмжээний талаар мэдээллээ. Цагдаагийн газрын дарга Б.Дөлбадрах энэ хурал дээр  “Оны эхний 1 дүгээр улиралд 491 өргөдөл ирсний 50 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 97 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оныхоос өссөн. Бүртгэгдсэн гэмт хэргийн 54 хувь нь хулгай,бусдын эрх чөлөөнд халдсан,тээврийн хэрэгсэлээс үүдэлтэй зөрчил гарч байна. Энэ сарын 2-нд галт зэвсгээр хүний амь хороосон хэрэг Булган сум төдийгүй хил залгаа аймаг сумдыг цочроосон. Уг хэргийг үйлдсэн шувууны буу бүртгэлгүй байсан. Бүртгэлгүй галт зэвсэг Булган суманд 17 илэрч цагдааг буудсан юм чинь намайг буудах вий гэдэг айдаст хүн бүр автсан байна. Аймгийн хэмжээнд нийт 2363 галт зэвсэг бүртгэлтэй, үүний 12 нь огт бүртгэлгүй байна” гэж   мэдээллээ.

Өргөтгөсөн хуралдаанд оролцсон аймгийн Прокурорын газрын дарга Б.Ганбаатар ”2012 онд нэг хүн амины хэрэг гарч байсан бол он гарснаас хойш дөрвөн хүн амины хэрэг гарч онц гэмт хэрэг 80 хувь өссөн.Буянт,Мянгад,Дөргөн сумдад малын хулгай ихэсч,Манхан чиглэлд авто тээврийн осол,Булган,Жаргалант суманд гэмт хэрэг их гардаг ” гэв. Тэрээр он гарснаас хойш аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл огт хурал хийгээгүй, залуу үеийнхний толгойд юм хийхээс гадна гэмт хэргээс сэргийлэхийн тулд олон нийтэд үйлчилдэг ваар цэнгээний газар, зах, дэлгүүрүүдийг камержуулах ажлыг шуурхай эхлэх хэрэгтэйг зөвлөв.

Аймгийн Ерөнхий шүүгч Д.Тайванхүү “Хүүхдүүд буу зэвсэг барьж явдаг болсон. Хууль хяналтад шинэчлэл явагдаж байгаа ч үр дүн харагдахгүй байна” гэж шүүмжлээд Ховд аймагт баруун бүсийн шүүх байгуулагдаж энэ сарын 15-наас 6 багц хууль хэрэгжинэ “гэлээ.

Насанд хүрээгүй хүүхдүүд хулгайлах гэмт хэргийн 54 хувийг үйлддэг. Тэдэнд нөлөөллийн ажил муу байдаг. Зөвхөн хүүхдийн байцаагч сургуулиуд дээр яриа хийснээр энэ ажил хязгаарлагдаж байгааг Цагдаагийн газрын дарга Б.Дөлбадрах зөвлөлийн өргөтгөсөн хуралд асуудал дэвшүүлж тавьлаа.

Энэ хуралдаанаас Үндэсний аюулгүй байдал хангах чиг үүрэг бүхий байгууллагуудаас гадна иргэн бүрийн оролцоог идэвхжүүлэх, архи согтууруулах ундааны дэлгүүрийг цөөрүүлэх, байгууллага аж ахуй нэгжүүдийг хяналтын камертай болгох, тухайн байгууллагын ажил дүгнэх үзүүлэлтэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг шалгуур үзүүлэлтийн нэг болгох саналууд гаргалаа.

 А.Бямбасүрэн МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих