Авиралт Авралтаар өндөрлөжээ…

image0001p

Авиралт Авралтаар өндөрлөжээ…

 

Ерөнхий сайд маань 70 гаруй хүнтэй нэлээн хүчтэй баг бүрдүүлж Бурхан Халдун ууландаа “Авиралт хийсэн” бололтой. Ууланд Авиралт хийх нь ер нь бол хийморь сэргээсэн чухал үйлс гэх үзэл манайхны дунд цөөнгүй жилийн өмнөөс дэлгэрээд буй. Ялангуяа, манай төр, засгийн өндөр албатуудын дунд.

Сайн мууг мэдэхгүй л дээ. Гэхдээ, энэ моодны цаана шашны итгэл үнэмшил байх магадлал өндөр. Өндөр уулнаа гарч эзэн савдагт нь залбирахыг Монгол дахь Шарын, бөөгийн шашны аль аль нь дэмждэг. Нутгийн ууландаа залбир, өөрийн биеэр очиж өргөл өргө… гэх мэтээр.
Манай томчууд шинэ жил, цагаан сар, за тэгээд сонгуулийн өмнө, бас сонгуульд ялсан бол Засгийн газар бүрдүүлэх, улстөрийн эрх мэдэл хуваарилах зэрэг эгзэгтэй цагуудын өмнө ёс мэт ууланд гарч сүүгээ өргөж хувь заяагаа даатгадаг нь шинээр сэргэн тогтож буй заншил гэмээр.
За юутай ч ууланд авирах нь манай шинэ соёлын нэг хэсэг болж байгаа зүйл мөн. Харин, энэ удаад ерөнхий сайд маань эзэн богд Чингисийнхээ уулнаа гарч залбирал үйлдэхээр явсан нь үнэн бол, бас үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс аврах ажиллагаа явуулахад хүрсэн нь үнэн бол нисдэг тэрэг байтугай хамаг нөөцөө зарж байгаад аврах нь зөв зүйтэй хэрэг буй за. Ерөнхий сайдаа ууланд тэр чигээр нь хаячихаж болох уу? Урд гарсан иргэний хэрэгтэй харьцуулаад яриад буй нь буруу биз ээ.

Харин, уул руу Авиралт зохион байгуулах нь Ерөнхий сайдын үүрэгт ажлын дотор байж болох уу, үгүй юу? Ямриймаа хийж гэнэт цасан шуурганаар уул рүү зүглээ вэ? Төрийн бөө, зайрангууд нь тэгж айлдсан уу? эсвэл Гандангийн хамбын шоонд тэгж буув уу? Ийм өнцгөөс асууж болох байх аа. Ер нь төрийн онцгой тэргүүн алба хашиж, эрх ямба эдэлж буй эрхэм хүмүүс “хувь хүний эрх чөлөө” гэдэг зүйлээс бүрэн татгалзан буй бүхий л бие, сэтгэл, оюунаараа улсынхаа төлөө хоёргүй оюунаар зүтгэх ёстой л доо. Түүхийн туршид төрсөн агуу удирдагч нар дандаа тийм хүмүүс байдаг…

Гэвч, Бурхан Халдун бол Төрийн Тахилгат, манай ард түмний төдийгүй, дэлхийн монголчуудын шүтээн болсон уул. Цагийн байдлаас улбаалан Бурхан Халдун ууланд Ерөнхий сайд өөрийн биеэр очиж Төрт ёсны зан үйл хийх шаардлага гарсан ч байж болох. Юутай ч Авиралт хийсэн улс эсэн мэнд л дуулдана. Бурхан Халдун уул Монголчууд биднийгээ авралдаа багтаах болтугай.

Ц. Буянцогтоо


URL:

Сэтгэгдэл бичих