Г.Солонго: Бодибилдинг хүний амьдралыг зөв хэмнэлтэй болгодог

0825e4763ed04682original2011 оны Улсын аваргын алтан медальт, 2012 оны Бодибилдинг фитнессийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Азийн аваргын фитнесс төрлийн шагналт тавдугаар байрын эзэн, бодибилдинг фитнессийн тамирчин, ОУХМ Г.Солонготой ярилцлаа.
-Хэдэн наснаасаа энэ спортыг сонирхон хичээллэх болсон бэ?
-Энэ спортоор 24 наснаасаа хичээллэж эхэлсэн. Одоо 12 дахь жилдээ хичээллэж байна. 10 жилд байхдаа урлагаар хичээллэдэг, хүүхдийн ордны бүжгийн дугуйлангийн бүжигчин хүүхэд байлаа. Тэмцээн, уралдаанд байнга оролцдог хөдөлгөөнтэй хүүхэд байсан.
-Ингэхэд Та ямар мэргэжилтэй билээ?
-Би Испани Улсад Урлагийн их сургуулийг уран зураач, МУИС-ийг аялал жуулчлалын менежер, Удирдлагын ака- демийг Бизнесийн удирдахуйн ухааны магистраар төгссөн. Ер нь мэргэжилтэй, мэдлэгтэй байх хэрэгтэй. Манай тамирчдын зарим нь спорт, биеийн тамир гээд мэдлэг боловсролоо гээчихдэг юм шиг санагддаг.
-Зураг зурдаг гэж байсан. Ямар төрлийн зураг зурдаг вэ?
-Ихэвчлэн байгалийн зураг зурдаг. Удахгүй өөрийн бие даасан үзэсгэлэнгээ гаргах бодолтой байгаа.
-Царай зүс, бие галбир эмэгтэй хүнийг өөртөө итгэлтэй байхад тусалдаг. Та өөртөө хэр итгэлтэй бүсгүй бол?
-Өөртөө итгэлтэй байлгүй яахав. Мөн өөртөө дэндүү их хайртай.
-Биеэс чинь таалагдахгүй хэсэг байдаг уу?
-Аав ээжээс заяасан биеэ бид өөрсдөө хайрлахгүй бол хэн хайрлахав. Дүлий байснаас дэлдэн байсан нь дээр шүү дээ. Тиймээс бид энэ биеэ ийм тийм гэж голох эрх байхгүй. Намайг эрүүл саруул, бүрэн бүтэн сайхан төрүүлж өгсөн аав, ээждээ баярлаж, өөрийгөө маш ихээр хайрладаг. Хүн ер нь өөрийгөө хайрлаж байж бусдыг хайрладаг юм.
-Бодибилдинг фитнессээр хичээллэж эхлэхэд өөртөө ямар зорилго тавьж байв. Одоо Таны өмнөө тавьсан зорилго юу вэ?
-Анх илүүдэл жингээсээ салах зорилготойгоор хичээллэсэн. Тэр үед одоо байгаагаасаа нэлээд махлаг байсан. Цаашдаа эх орноо төлөөлж дэлхийн нэр хүнд бүхий тэмцээн, уралдаанд оролцож, Монголынхоо нэрийг гаргах хүсэл, зорилготой бэлтгэл сургуулилтаа хийж байна. -Бодибилдинг фитнессээр хичээллэхэд нас чухал биш юм шиг байна. Учир нь 80 настай бодибилдингийн тамирчин байдаг гэж сонссон л доо?
-Энэхүү спорт нь нас харгалзахгүй. Ямар ч насны хүн хичээллэж болно. Хүн өөрийнхөө хэмжээнд биеэ хөгжүүлж чадвал тухайн насандаа залуу сайхан харагддаг.
-Бодибилдинг фитнессээр хэдэн наснаасаа хичээллэж эхлэх хэрэгтэй вэ?
-Аль ч насны хүн биедээ тохирсон ачаалал авч долоо хоногт 3-4 удаа дасгал хийвэл зөв сайхан, бие галбиртай болно. Өсвөр насны хүүхдүүд үсэрч харайсан сунгалтын дасгал хийж байвал зүгээр. Харин 25 наснаас дээш хүний биед тодорхой хэмжээний унжилт явагдаж эхэлдэг. Бие дэх каллогени багасч хөгшрөлт явагддаг. Иймээс энэ насандаа хөдөлгөөний дутагдлаас гарах ямар нэгэн спортоор хичээллэх хэрэгтэй. Тэгж байж хүн эрүүл сайхан биетэй байна.
-Ер нь энэ спортын төрлөөр хичээллэсний ач холбогдол юу вэ. Танд ямар үр дүн авчрав?
-Бодибилдингийн спорт нь эрч хүчтэй болгож, хөдөлгөөний хомсдолыг арилгадаг. Хөдөлгөөнтэй байж дасгал хийснээрээ хүн эрүүлжиж, гоё сайхан, бие бялдартай болно. Ер нь хөдөлгөөний дутагдлаас болж хүнд өвчин эмгэгүүд үүсдэг. Энэ спортоор удаан хичээллэх тусам залууждаг юм. Мөн бодибилдингийн спорт нь хүний амьдралыг зөв хэмнэлтэй болгодог. Согтууруулах ундаа, тамхи хэрэглэдэггүйгээрээ онцлогтой.
-Бодибилдинг фитнессээр хичээллэхэд мөнгө их шаарддаг гэдэг. Энэ талаар сонирхмоор байна?
-Бодибилдинг фитнесс бол мөнгөний спорт. Сонирхогч болон тамирчны төвшинд бэлтгэл сургуулилтаа хийх хоёрын хооронд асар их ялгаа бий. Сонирхогчийн төвшинд биедээ анхаарч, бие галбираа сайхан болгохын тулд хичээллэхэд их мөнгө шаарддаггүй. Харин тамирчин хүний хувьд энэ спорт нь санхүү их шаарддаг. Нэг тэмцээнд орохын тулд тамирчид доод тал нь нэг жил бэлтгэл сургуулилтаа хийдэг. Тамирчид бэлтгэлээ хийх явцад хэрэглэдэг бэлдмэлдээ л сардаа хоёр, гурван сая төгрөг зарцуулдаг. Үүнийг жилээр нь тооцвол 20, 30 сая төгрөг зарцуулж байж гадаадын тэмцээн, уралдаанд оролцдог гэсэн үг. Дээрээс нь тамирчид тэмцээнд бэлтгэх явцдаа энгийн хоол биш органик хоол хүнс хэрэглэдэг. Тэгэхээр бодибилдингийн спорт санхүү шаардсан өндөр өртөгтэй спорт.
-Зар сурталчилгаанд тоглох санал ирдэг үү?
-Би өөрийн гэсэн бизнес эрхэлдэг. Хувийн зочид буудал, дэлгүүртэй. Реклам сурталчилгааны санал ирдэг ч тэр болгонд ороод байх цаг зав байдаггүй юм.
-Цаашид энэ галбираа хэчнээн жил хадгалах бол?
-Ер нь бол насан туршдаа энэхүү спортоор хичээллэнэ. Энэ спорт миний амьдралын нэг хэсэг болсон. Хүн өдөр бүр хоол иддэгтэй адил би өдөр бүр дасгал сургуулилт хийдэг.
-Бусад орны тамирчинтай харьцуулахад манай бодибилдинг фитнессийн тамирчид хэр төвшинд байна вэ?
-Дэлхийн бусад оронд тамирчид ар гэрийн амьдралдаа санаа зовох зүйлгүүгээр бэлтгэл сургуулилтаа хийдэг. Учир улс орныхоо нэрийг гаргаж байгаа тамирчдын хангамж нь маш өндөр байдаг. Манай тамирчид бол гадаадын тэмцээн уралдаанд оролцохдоо бүх зардлаа өөрсдөө хариуцдаг. Гэсэн хэдий ч манай орны тамирчид бусад орны тамирчдаас дутахааргүй амжилт үзүүлдэг шүү.
-Анхандаа хүмүүс эрэгтэй хүн л бодибилдинг фитнессээр хичээллэдэг гэсэн ойлголттой байсан. Эмэгтэй бодибилдинг фитнессийн тамирчид гарч ирэхэд нийгэм их цочирдож хүлээж авсан. Ер нь Монголд бодибилдинг фитнессийн хэчнээн эмэгтэй тамирчин байдаг бол?
-Хэчнээн байгааг хэлж мэдэхгүй. Олон эмэгтэй энэ спортоор өрсөлдөж байгаа. Гэхдээ эмэгтэй хүний хувьд маш хүнд спортын төрөл. Учир нь эмэгтэй хүний булчин байгалиасаа хөгждөггүй онцлогтой. Бид чинь байгалиасаа уян налархай зөөлөн байхаар заяагдсан. Тиймээс бодибилдингийн эмэгтэй тамирчид булчингаа ялгаруулж, хөгжүүлэхийн тулд эрэгтэй хүнээс хоёр дахин илүү бэлтгэл хийх шаардлагатай болдог юм.
-Монгол эрчүүдийн зарим нь эмэгтэй хүнд булчин шөрмөс хэрэггүй гэдэг. Таныг анх энэ спортоор хичээллэж эхлэхэд гэр бүлийнхэн дунд чинь эсэргүүцэж байсан хүн бий юу?
-Манай гэр бүлийнхэн 100 хувь дэмждэг. Сүүлийн үед бодибилдингийн спорт илүү нийтийг хамарсан эрүүл мэнд, гоо сайхан тал уруугаа чиглэж байна. Боди эмэгтэйчүүд гэхээр нэг л булчин шөрмөс болсон биерхүү хүүхнүүд байдаг гэсэн ойлголт хоцрогдсон. Бодибилдинг фитнесс нь ямар ч илүүдэл өөхгүй зөв биеийн пропорцтой, хамгийн чухал нь бодибилдингийн спортыг илүү эмэгтэйлэг төрхтэй хослуулан хөгжүүлсэн булчингийн ялгарлыг харуулах зорилготой.
-Өдөр болгон дасгал сургуулилт хийдэг үү?
-Энгийн үед өдөрт хоёр цагийн бэлтгэл хийдэг. Харин тэмцээнд бэлтгэх явцдаа өдөрт 6-7 цагийн бэлтгэл хийдэг. Сүүлийн жилүүдэд спорт гимнастикаар хичээллэж байгаа. Тэмцээнд бэлтгэх явцад өглөө нь гүйлтийн зам дээр гүйж, дугуй унаж, өдөр нь гимнастикийн бэлтгэлээ хийж, орой хүчний бэлтгэлээ хийдэг.
-Манай улсад таргалалт ихэсч байгаа гэж ярих болсон. Энэ тал дээр таны бодол?
-Биед хуримтлагдсан илүүдэл өөх эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Хүн өдөр бүр эрүүл мэндээ бодож, доод тал нь 30 минут дасгал, хөдөлгөөн хийх цаг гаргаж чаддаг байх хэрэгтэй. Хэрвээ тэгж чадвал таргалалт буюу илүүдэл жингээс айгаад байх шаардлагагүй. Хүн эрүүл сайхан харагдахыг хүсвэл хөдөлмөрлөх хэрэгтэй. Тэвчээртэй, тууштай байх юм бол хүн бүр өөрийнхөө хэмжээнд биеэ сайхан хөгжүүлэх боломжтой.
-Бие галбираа засахын тулд гэрээр хичээллэх, фитнесст явах хоёрын аль нь илүү үр дүнтэй вэ?
-Мэдээж фитнесст явах нь илүү үр дүнтэй. Мэргэжлийн багшийн зөвлөгөөтэй, зориулалтын газарт дасгалаа хийх нь илүү үр дүнд хүргэдэг юм.
-Найз залуутай юу?
-Найз залуу байхгүй.
-Ер нь Танд ямар залуу таалагддаг вэ?
-Би тамирчин хүн болохоор эрч хүчтэй, спортлог эрчүүдэд дуртай. Хамгийн гол нь өөрөөсөө өөр дүр бүтээлгүйгээр яг өөрийнхөөрөө байдаг тийм хүн надад таалагддаг.
   Г.НЯМСҮРЭН


URL:

Сэтгэгдэл бичих