Т.Рэгзэдмаа: Харшлын өвчин удам дамждаг

toosontsor-middleДэлхийн харшлын байгууллага/World Allergy Organization/-аас санаачлан  “Харшилтай тэмцэх дэлхийн долоо хоног”арга хэмжээг “Хүнсний харшил-Дэлхий дахинд тулгамдаж буй эрүүл мэндийн асуудал” сэдвийн дор дэлхийн өнцөг булан бүрт зохион байгуулахаар болжээ.

Монголын Харшил судлалын нийгэмлэг, ЭМЯ-ны Харшил судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс хамтран манай улсад харшлын оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн талаар эмч нар, судлаачдад зохих, мэдлэг чадвар олгох сургалт семинарыг энэ сарын 8-15-ны өдөр зохион байгуулж байна. УКТЭ-ийн харшлын тасагт жилдээ 8-10 мянган хүн шинжилгээнд хамрагддаг байна. Улсын клиникийн I эмнэлгийн клиникийн профессор, Харшил судлалын тэргүүлэх зэргийн эмч Т.Рэгзэдмаатай уулзав.

-Харшлаар өвчлөгсөд их болжээ. Юунаас үүдээд байна вэ?

-XXI зууны өвчин гэж нэрлэгдээд байгаа харшил хүрээлэн буй орчин, агаарын бохирдолтод хүний бие дасан зохицож чадахгүй байгаагийн илрэл юм. Шороо тоос, хурц үнэр, хүнсний бодис зэрэгт мэдрэг байх чанарыг хэлнэ. Харшил хүмүүсийн дархлааны систем, бие организмтай холбоотой. Хүн бүр харшил тусдаггүй. Гэхдээ тусахгүй гэх магадлал байхгүй. Яагаад гэвэл сүүлийн үед хүмүүсийн дархлаа суларсан. Дархлааны системийн гажиг үүсдэг учраас харшилтай болдог. Манайхан дархлаагаа сайжруулбал харшил гайгүй болно гэдэг. Дархлаа сулрахаар харшилтай болдоггүй. Дархлааны систем илүү хөгжөөд ирэхээр дархлаа зүгшрүүлэх буюу дархлаа дарангуйлах эмчилгээ явагддаг. Түүнийг дархлаа сайжруулах гэж хүмүүс эсрэгээр нь буруу ойлгодог.

-Харшлын шинж тэмдэг яаж илэрдэг вэ?

-Тоосны харшил нь хамар битүүрч найтаалгана, хамраас шингэн ус гарна, нүд загатнаж, нүднээс нулимс гарна, хоолой сэрвэгэнэж ханиалгана, бачуурч амьсгаадаж гуурсан хоолойн багтраан шинжээр илэрдэг. Хүнсний харшил нь биен дээр янз бүрийн тууралт гарч, загатнах зэрэг арьсны харшлын шинжээр илэрдэг. Ургамлын тоосны харшил нь улирлын шинж чанартай. Дөрөвдүгээр сараас модлог ургамлын тоос, тавдугаар сарын сүүлээр улиас, зургадугаар сард үет ургамал, наадмаас хойш зэрлэг буюу хогийн ургамлын  харшил хөдөлдөг. Нэгэнт харшлаар өвчилсөн бол хүндрүүлэхгүй байх нь чухал.

-Манайд ямар төрлийн харшил давамгайлах хандлагатай байна?

-Манай эмнэлгийн харшил судлалын кабинетээр үйлчлүүлж байгаа өвчтнүүдийн ихэнх хувийг тоосны харшилтай хүмүүс эзэлдэг. Дараа нь ургамлын тоосны харшил, гуурсан хоолойн багтраа, эмийн харшил, хүнсний харшил ихэсч байна. Сүүлийн үед хүнсний харшил эрс нэмэгдэх болсон. Энэ нь импортоор хүнсний бүтээгдэхүүн их орж ирж байгаатай холбоотой. Хүнсний бүтээгдэхүүнд химийн бодис, будаг их ордог. Тиймээс энэ жилээс хүнсний харшлын эсрэг аян өрнүүлж сэргийлэх талаар сургалт явуулж байна.

-Харшил их өгдөг хүнсний бүтээгдэхүүнийг нэрлэвэл?

-Урдаас оруулж ирж байгаа жимс, лаазтай, лаазгүй, ууттай, газрын самар, сүүн бүтээгдэхүүн, үнээний цэвэр сүү харшил их өгдөг. Тиймээс хүн бүр идэж байгаа хоол хүнсэндээ анхаарах хэрэгтэй.

-Гоо сайхны бүтээгдэхүүн харшил өгдөг шүү дээ. Энэ талаар?

-Гоо сайхны бүтээгдэхүүн, тосны харшил харьцангуй гайгүй байдаг. Харшилтай хүмүүс үнэртэй усыг нүцгэн биедээ цацаж болдоггүй. Үсний будаг харшил их өгдөг. Энэтхэгийн нунтаг будагнаас харшил өгсөн хүмүүс их ирдэг. Үсний будагнаас харшил авсан хүмүүс нүүр нь хавдаад, шүүс гоожоод ирдэг. Гоо сайхны бүтээгдэхүүнүүд хил гааль дамжиж ирдэг болохоор хадгалалтын нөхцөл алдагдаад мууддаг. Охид бүсгүйчүүдэд хэлэхэд гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авахдаа баталгаатай, буцах эзэнтэй газраас авч хэрэглэх хэрэгтэй.

-Харшлыг эдгэрдэггүй өвчин гэдэг?

-Манайхан харшлын өвчин хэзээ ч эдгэрдэггүй гэж ойлгодог. Эмчлэгддэг, гэхдээ төгс эдгэрдэг өвчин биш. Тийм учраас эмчилгээний явцад намжмал байдалд оруулаад сэдрээхгүй байх нь чухал.

-Бага насны хүүхдүүд харшлаар өвчлөх нь ихэслээ. Шалтгаан нь юу вэ?

-Багадаа диатиз буюу шүүдэст эмзэгшилтэй байсан хүүхдүүд том болоод харшлын өвчнөөр өвдөх магадлал өндөр.  Харшил халдахгүй ч удам дагадаг. Эцэг эх нь хоёулаа харшилтай бол хүүхдийн 70-80 хувь, хэн нэг нь харшилтай бол 50 хувь нь харшилтай болдог. Тухайн хүний харшлын мэдрэг шинж чанар нь хүүхдэд удамшдаг.

-Харшлын эмчилгээний талаар ярихгүй юу?

-Харшлын эмчилгээний дөрвөн зарчим бий. Нэгдүгээрт, өвчтөн харшлын өвчний талаар эрүүл мэндийн боловсрол, мэдлэгтэй байх ёстой. Хоёрдугаарт, урьдчилан сэргийлэх. Тоосжилтын үеэр болж өгвөл гадаа гарахгүй, ургамалтай газраар явахгүй байх хэрэгтэй. Яг харшил үүсгээд байгаа орчноосоо аль болохоор зайлсхийж, зугтана гэсэн үг. Гурав дахь нь эмийн эмчилгээ. Манай улсад дэлхийн хэмжээнд олон улсын практикт хэрэглэж байгаа эмийн бодисууд орж ирсэн. Хамрын шүршлэгүүд, нойр хүргэдэггүй удаан үйлчилгээтэй харшлын эмүүд бий. Дөрөв дэх нь дархлааны эмчилгээ. Тухайн хүний дархлааны систем ямар байгааг шинжилнэ. Дархлаа нь аль тал руугаа гажуу байна, түүнийг нь зүгшрүүлэх эмчилгээ юм.

-Харшлаас яаж урьдчилан сэргийлэх вэ?

-Харшлын өвчин хүндэрдэг болохоор эмчлүүлэхгүй хаяж болохгүй, улам даамжирна. Тиймээс юунд харшилтайгаа мэдээд тохирсон арга хэмжээ авах ёстой. Урьдчилан сэргийлэлтийн гурван түвшин бий. Нийтийг хамарсан арга хэмжээ байна. Тухайлбал, агаарын бохирдлыг бууруулах, хотжилтыг сааруулах, орчны бохирдлыг багасгах. Хүмүүс байгальтайгаа ойр байж цэвэр агаарт тогтмол гарах хэрэгтэй. Энэ сарын 8-15-ны өдөр ЭМШУИС дээр сургалт семинар зохион байгуулж байна.

Ж.Болор

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих