CNN: Монголд сүүлийн хагас зуун жилд тохиогоогүй хахир өвөл болж, таван сая мал хорогджээ

Screenshot 2024-03-25 140711

Монгол Улсад өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсний улмаас 4.7 сая гаруй мал хорогдож, олон мянган хүний ​​амьжиргаа, хүнсний хангамжид аюул заналхийлж буй талаар CNN мэдээллээ.

Зуд хэмээх хүнд нөхцөл байдал нь температурын огцом бууралтаас бэлчээр их хэмжээний цас мөсөнд хучигдан мал сүрэг өвс тэжээлээ олж идэж чадахгүйд хүрэхийг хэлдэг. Монголын 300 мянга орчим хүн нүүдлийн мал аж ахуйгаар амьжиргаа залгуулдаг юм.

Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгийн Ази Номхон далайн бүсийн захирал Александр Матеу "Мал сүргээс бүрэн хамааралтай хүмүүсийн амьдрал хэдхэн сарын дотор нэн хүндэрсэн. Тэдний зарим нь одоо өөрсдөө идэх хоолгүй, гэр орноо халаах түлшгүй болсон" гэлээ.

Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгийн мэдээгээр арваннэгдүгээр сараас хойш 2250 гаруй малчин өрх малынхаа 70 гаруй хувийг алджээ. Мөн 7000 гаруй малчин өрх хоол хүнсээр дутагдаж байгаа юм.

Зуд нийт нутгийн 75 хувийг хамарсаны зэрэгцээ хатуу хахир хавар залгасан тул нөхцөл байдал улам дордох төлөвтэй байна. Монголын Засгийн газар өнгөрсөн сард өндөржүүлсэн бэлэн байдал зарласан бөгөөд энэ нь тавдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Мягмар гарагт Улаан загалмай нийгэмлэгээс амьжиргаагаа алдсан иргэдэд санхүүжилт олгох уриалга гаргажээ.

“Монголд энэ жил болон өмнөх жилүүдэд өндөр бэлтгэлтэй байсан ч цаг агаарын эрс тэс нөхцөлийг даван туулахад энэ хангалтгүй” гэж Матеу хэллээ. Их хэмжээний цас орсны улмаас олон монголчуудын, ялангуяа хөдөө орон нутагт амьдарч буй иргэдийн аялал, худалдаа, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ тасалдсан байна.

CNN: Монголд сүүлийн хагас зуун жилд тохиогоогүй хахир өвөл болж, таван сая мал хорогджээ

Энэ жил яагаад өвөлжилт хүндрэв?

Монголын малчин өрхүүд малаа бэлчээх шинэ бэлчээр хайж, улирлын чанартай нүүдэллэж амьдардаг. Өвлийг өнтэй давахын тулд зуны саруудад өвс тэжээл тариалж базаадаг ч ган гачиг нүүрлэсэн жил цас их орж, эрс хүйтрэх үед зуд нүүрлэдэг.

ДЭМБ-ын мэдээлснээр энэ жил сүүлийн 49 жил ороогүй их цас унаж, нэгдүгээр сард нийт нутгийн 90 хувьд цасан бүрхүүл тогтжээ. Өнгөрсөн жилийн зун хур бороо элбэгтэй сайхан байсан. Гэвч арваннэгдүгээр сард агаарын хэм огцом буурч, цас эрт орсон нь температурын огцом өсөлтөөс өмнө цас гэсэхэд хүргэсэн гэж НҮБ-аас мэдээлэв. Үүний дараа гэнэт хүйтний эрч чангарч, зарим нутгаар -40 хэмээс доош буув. Энэ үед мал хангалттай тарга тэвээрэг авч чадаагүй, малчид ч өвс тэжээл бэлдэж амжаагүй байжээ.

"Зудын давтамж улам бүр нэмэгдэж сүүлийн 10 жилд зургаан удаа өвөлжилт хүндэрлээ. Энэ бол маш муу үзүүлэлт юм. Зуд өмнө нь ховор тохиолддог байсан, одоо жил бүр зуд болж байна" гэж Александр Матеу хэлсэн юм.

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртсөн орны нэг бөгөөд сүүлийн 70 жилийн хугацаанд агаарын дундаж температур цельсийн 2.1 хэмээр нэмэгдсэн гэж НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс мэдээллээ.



Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих