Оюутолгойд монгол хүн хэн ч биш
-Засгийн газар даруйхан Оюутолгойтой тохиролцоонд хүрэх шаардлагатай байгааг Үйлдвэрчний эвлэлийнхэн онцоллоо-
“Оюутолгой” ХХК-ийн далд уурхайн барилгын ажил зогсч, хэд хэдэн гүйцэтгэгч компаниудтай гэрээгээ цуцалснаас олон зуун хүн ажилгүй болж, лааз өшиглөх дээрээ тулаад байгаа билээ. Тэгвэл уг асуудлаар Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооноос өчигдөр хэвлэлийнхэнд хандлаа.
Уг мэдээлэлд Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Ганболд, Монголын тээвэр, холбоо газрын тосны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга Б.Рагчаа, Монголын барилгачдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Батцогт болон Оюутолгойн гүйцэтгэгч компаниудын нэр бүхий ажилчдын төлөөлөл оролцсон юм.
Оюутолгойн гүйцэтгэгч компаниуд олон зуун уурхайчдыг цомхотголд оруулах нэрийдлээр ажлаас халж байгааг тэд эсэргүүцэж байгаа бөгөөд энэ мэтээр уурхайчдыг олноор нь ажлын байрнаас нь хоморголон зайлуулахын эсрэг эвлэлдэн нэгдэхийг нийт уурхайчиддаа уриалж, ажлын байраа хадгалж үлдэх, хуулиар олгогдсон эрхээ эдлэхийн төлөө тууштай хамтран тэмцэхээ илэрхийлсэн юм.
Түүнчлэн олон иргэн нь гаднын компаниудад гадуурхагдаж, ажлын байраа хууль бусаар алдсаар байхад төр, засгийн зүгээс тодорхой арга хэмжээ авч ажиллахгүй Нөгөөтэйгүүр энэ олон хүн ажилгүй болж байгаа нь дан ганц хувь хүний асуудал гэхээсээ илүү төр, засгийн үүрэх ачаа улам л зузаарч, ажилгүйдэл ядуурал газар авахын нэр гэдгийг эрх баригчдын сонорт хүргэхийг зорьсноо ч мөн дуулгасан.
Уул уурхайн зарим компаниуд ажилчдаа хэт олноор нь цомхотгож эхэлсэн нь зөвхөн энэ удаагийнх биш бөгөөд 2011 оны “SGS” ХХК, “Хөшөөт”, “Алтайн хүдэр” ХХК зэрэг компаниудаас улбаатай гэдгийг онцолсон.
Тухайн үед дээрх компаниуд нь халсан ажилчдаа ажилд нь эргүүлэн авч байсан бол “SGS” ХХК ажилтан бүртэй уулзаж мөнгөн төлбөр санал болгон өөрсдийгөө хууль зөрчөөгүй мэтээр харагдуулж хариуцлагаас зугтаж байсан.
Ялангуяа гадаадын херөнгө оруулалттай уурхайнуудын удирдлагууд Монгол уурхайчдыг хэт доогуур үнэлэх, тэнд ажиллаж буй инженер, техникийн ажилтнуудыг эрх мэдэлгүй утсан хүүхэлдэй маягаар ажиллуулж байгаа нь хэрээс хэтэрч байгаад ихээхэн шүүмжлэлтэй хандаж буйгаа тэд хэлсэн.
Тэд дээрх асуудлаар удаа дараа холбогдох шугамаараа асуудлыг тавьж байсан ч ихэнх аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагууд үл ойшоодог байна. Иймд дээрх ҮЭ-үүдийн зүгээс Засгийн газар ажил олгогч талаас ажлын байрыг нь буцааж, нэн даруй олгох боломж гаргахыг хүсч байгаагаа дайсан.
Одоогийн байдлаар Оюутолгойн нийт гүйцэтгэгч компаниудиас албан бус тоогоор 2000-аад ажилчин орон тооны цомхотголд орох нэрийдлээр ажлын байрнаасаа халагдаад байгаа аж. Үйлдвэрчний эвэлүүдийн үзэж буйгаар халагдсан ажилчдыг цомхотгол нэрээр ажилгүй болгож байгаа нь маш буруу бөгөөд сул зогсолтоор түр амраах байсан гэдгийг тэд онцолсон.
Өөрөөр хэлбэл, ингэж цомхотгол гэсэн нэр зүүлгэж байгаа нь энэ хүмүүсийг буцаагаад ажилд авахгүй гэсэн үг аж. Харин уурхайн ажил тодорхой шалтгааны улмаас зогссон энэ тохиолдолд ажилчдын цалингийн 60 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг нь өгөөд амраах ёстой байдаг байна. Гэтэл энэ хуулийн заалтыг Оюутолгойнхон үл тоож, ажилчдаа олноор нь цомхотголд оруулж байгааг тэд цаашид хуулийн хүрээнд эсэргүүцэх болно гэдгээ илэрхийлсэн юм.
Түүнчлэн одоогоор Оюутолгойн гүйцэтгэгч компаниудын зүгээс яг хэчнээн хүнийг ажилгүй болгож байгаа тоогоо өгөөгүй байгаа бөгөөд үйлдвэрчний эвлэлээс тавьсан шаардлагуудыг хүлээж авахгүй байгааг ч мөн дуулгасан.
Түүнчлэн ингэж халагдаж байгаа хүмүүсийн 95 хувь нь банкны зээлтэй бөгөөд зээлтэй ажилтнууд ажлын байраа алдсаны улмаас орон байргүй, эд хөрөнгөгүй болж ядуусын эгнээнд шилжиж байгааг ч онцолсон юм. Уг хурлын үеэр Оюутолгойн далд уурхан олборлолт зогссоноос ажилгүй болоод буй хүмүүсийн төлөөлөл ирсэн байв.
Гэвч тэд телевизийн камерт өртөх, зургаа авахуулах, нэрээ хэлэхийг хүсэхгүй байгаагаа учирласан. Учир нь тэднийг ямар нэгэн зохисгүй үйлдэл гаргавал тэр чигт нь ажилгүй болгоно хэмээн дарамталсан байх юм. Халагдсан хүмүүсийн дунд хайгуул, тэсэлгээ хийдэг маш олон гүйцэтгэгч компаниудын ажилчид халагдсан гэдгийг хэлж байлаа.

Ингээд тэдний төлөөлөлтэй цөөн хором ярилцлаа.
-Оюутолгойд ямар ажил эрхэлж байгаад ажилгүй болчихов оо?
-Би Оюутолгойн гүйцэтгэгч компанид хайгуулын ажил эрхэлдэг байсан. Гүнийн өрөмдлөг хийдэг байсан гэсэн үг л дээ. Оюутолгойн гүнийн олборлолт зогсонгуут дагаад бүх гүйцэтгэгч компаниудын ажил зогсчихож байгаа юм л даа.
-Хэр удаан ажилласан бэ. Хэзээ халагдах тушаалаа авсан бэ?
-Миний хувьд 2011 оны долоон сараас хойш ажилласан. Энэ сарын 14-нд халагдах тушаал авсан. -Одоогоор танай компаниас хэчнээн хүн халагдаад байна вэ? -Миний сонссоноор 1000 гаруй хүн ажилгүй болчихоод байна. Оюутолгойн далд уурхайн 1,2,5 дугаар гармуудын үйл ажиллагаа тэр чигтээ зогссон. Уг нь нэг ам дээр хоёр ээлж тус бүр 30 орчим хүн ажилладаг. Тэд бараг бүгд халагдаад өчигдөр хотод ирлээ. Одоо тэнд 3-4 хүн л ажиллаж байгаа байх. Өөрөөр хэлбэл, гүнийн уурхайн ажил нам зогссон.
-Халагдах тушаалаа хэрхэн танилцуулсан бэ. Түр хугацаагаар уу, шууд халж байгаа гэсэн үү?
-Орон тооны цомхотгол гэж танилцуулсан. Эхлээд мэдэгдэл өгөхдөө болохоор есдүгээр сарын 28-нд таны гэрээ дуусгавар болно гэсэн. Ингэхдээ гэнэт халагдсаны гурван сарын чинь мөнийг олгоно гэсэн. Ирэх сард гэрээ дуусахад л би нэгмөсөн ажилгүй болно гэсэн үг. Уг нь хуулийнхаа хүрээнд ярьвал бид цомхотгол биш сул зогсолт гэдэг үндэслэлээр ажлаас түр чөлөөлөгдөх ёстой юм билээ.
Угтаа бол бид бүгдээрээ л сул зогсолтод өртчихөөд байгаа нь энэ шүү дээ. Ажилчдын зүгээс бус ажил олгогчдын зүгээс ажилдчаа ажлын байраар хангаж чадахгүйд хүрсэн тохиолдолд эргээд хэвийн үйл ажиллагаандаа ортол цалингийнх нь 60 хувийг өгөөд гэрт нь байлгаж байх учиртай юм билээ. Гэвч Оюутолгой Монгол Улсын хууль дүрмийг хэзээнээсээ л мөрдөж ирээгүйгээ энэ удаад харуулж байна л даа.
-Ажлаас халагдсан иргэдийн дийлэнх нь цалингийн зээлтэй байгаа талаар ҮЭ-ийнхэн ярьсан?
-Бүгд л банкны зээлтэй хүмүүс байгаа. Бид цалин өндөр авдаг байсан учраас тэр хэрээрээ банкнаас их хэмжээний зээл авсан байдаг. Манай ажилчдын дийлэнх нь л зээлтэй байгаа. Би ч мөн адил банкны зээлтэй. Өчигдөр гэхэд л манай хоёр ажилтан ярьж байна лээ.
Нэг нь 28 нөгөө нь 35 саяын зээл авчихсан байж. Гэтэл эргэн төлөлтгүй болчихоор банкнаас ах дүү, аав, ээж хамаатан садангийн чинь нэр дээр байдаг бүх хөрөнгийг битүүмжилж зараад банкны орлого болгоно гэж байна гэсэн. Аргагүй шүү дээ. Банк ингэж л эргэлтийн хөрөнгөө олж авах ёстой юм чинь. Үнэндээ бол байдал ийм л байна. Банкинд их хэмжээний зээлтэй, ажлаасаа халагдчихсан, зээлээ яаж төлөхөө мэдэхгүй өч төчнөөн хүн л байна.
-Гүний уурхай ашиглалтад орсон тохиолдолд та бүхэнд эргээд ажилдаа орох боломж байгаа юу. Судалж үзсэн үү?
-Уурхай хэдий болтол хаалттай байх талаар бидэнд ямар ч мэдээлэл алга. Засгийн газартай тохиролцоонд хүрсний дараа л нээх юм байлгүй. Энэ үед биднийг ажилд авах эсэхийг ёстой мэдэхгүй байна.
-Оюутолгойг дарамт ихтэй, монголчуудыг хог шаар шиг үздэг гэх яриа их бий. Яг газар дээр нь ажиллаж байсан хүний хувьд хэлээч. Тэнд ажилчдын нөхцөл байдаг ер нь хэр байдаг юм бэ?
-Угаасаа асар их дарамттай байдаг. Жишээ нь бид ажлаас халагдсанаа эсэргүүцээд өөр хоорондоо ярилцаж байхыг харсан тохиолдолд тэр даруйдаа л ажилгүй болно. Уг нь бол энэ чинь бидний хуулиар олгогдсон эрх биз дээ. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрх бидэнд бий. Гэтэл Оюутолгойд бол бидний энэ эрх хүртэл хаалттай. Наад захын жишээ татахад л дотоод журмандаа монгол хүн эмэгтэй хүнтэй гурван метрээс илүү ойртож болохгүй. Хэрвээ ойртвол шууд ажлаас халагдана гэх мэтээр маш их дарамттай л ажиллаж байна шүү дээ.
-Зөвхөн манай улсын ажилчид л ингэж дарамтлуулаад байна уу. Эсвэл бусад орны ажилчдад ч бас энэ журам адил тэгш үйлчлэх үү?
- Бид монгол хүн учраас маш олон хаалга бидний өмнө хаалттай. Харин бусад орны иргэд бол давуу эрхтэй. Жишээлбэл, бид эмэгтэй хүнтэй хэт ойртож болохгүй байхад нэг Канад дарга ч юм уу хоёр эмэгтэйн голд орчихсон таахалзаад алхаж байх жишээтэй. Маш товчхоноор хэлэхэд Оюутолгойд монгол хүн бол хэн ч биш шүү дээ.
-Цалингийн зөрүү хэр байна?
-Маш их зөрүүтэй. Жишээ нь Өмнөд Африкт ажиллаж байсан гээд 20-той жижигхэн залуу ирж байгаа юм. Нутагтаа ганцхан жил ажилласан, ажлын дадлага туршлага гээд байх юмгүй хүүхэд гэсэн үг. Гэтэл тэр нөхөр сарын 28-35 мянган ам.долларын цалин авч байх жишээтэй. Гэтэл бид нэг сая 500 мянган төгрөгийн цалин авч байна шүү дээ. Газар тэнгэр шиг ийм л зөрүүтэй байна.
-Халагдсан ажилчдын дунд гаднын иргэн байгаа юу?
-Албан бус мэдээгээр 60-аад гадаад ажилчин халагдсан гэсэн. Канад, Австрали, Өмнөд Африкаас ирж ажиллаж байсан хүмүүс халагдсан.
-Цаашид энэ байдал үргэлжилж, Засгийн газар Оюутолгойтой тохиролцоонд хүрч чадахгүй удвал та бүхний зүгээс ямар алхам хийх вэ?
-Бид мэдээж үйлдвэрчний эвлэл юу хийнэ түүнийг л дагана, дэмжинэ. Гэхдээ хэрвээ ийм байдал удаан үргэлжилбэл, Монгол Улсын Засгийн газар маш хүнд байдалд орно. Энэ олон мянган хүн ажилгүй болчихвол нийгэмд маш их дарамт ирэх байхгүй юу. Засгийн газрын зүгээс ямар нэгэн байдлаар асуудлыг боломжит хувилбараар шийдвэрлэх хэрэгтэй байгааг л хэлмээр байна.
Эх сурвалж:
URL:













