Гол мөрний усны төвшин нэмэгдэж, үерлэжээ

941e77e6c74bbafdbigСүүлийн өдрүүдэд орсон хур борооны улмаас ихэнх гол мөрний усны төвшин нэмэгджээ.

Өчигдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Үүр голын усны төвшин өмнөх өдрийнхөөс 60-105, Хэнтэй нуруунаас усжих Хүдэр, Хараа, Ерөө, Тэрэлж, Сэлбэ, Туул, Сөгнөгөр, Орхон гол Орхон сум (Сэлэнгэ) орчмоор усны төвшин хоногт 5-20 см нэмэгдсэн байна.

Бэлтэс, Үүр, Хараа гол Дархан хот, Сөгнөгөр, Туул гол Лүн сум, Сэлэнгэ мөрөн Орхон голын адаг, Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчмоор үерийн төвшинг 10-75 см даван хүчтэй үерлэсэн болохыг анхаарууллаа.

Мөн Их Хянганы нуруунаас усжих Халх гол Ялалт баг орчмоор үерийн аюултай төвшинг 10 см давсан байдалтай байгаа аж. Тэгвэл өнөөдөр Туул гол Улаанбаатар хот, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд усны төвшин хоногт 10-15, Эг гол Хантай сум орчимд 50 см тус тус нэмэгдэж, Хэрлэн гол Багануур дүүрэг орчмоор үерийн төвшинг таван см орчим даван үерлэх хандлагатай байна.

Иймд дээр дурьдсан голын сав дагуу суурьшиж буй ард иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхааруулж байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих