Далд ертөнцийн нууц руу архины хүчээр нэвтэрсэн нь
Баянзүрх дүүргийн 5-р хорооны иргэн М.Нармандах гэгч залуу өөрт тохиолдсон явдлын тухай ярьсан юм. Түүний ярьсан зүйл хэн хүний санаанд буухгүй мэт боловч цаг хугацаа, орон зайн хувьд анхаарал татахгүй байхын аргагүй тул та бүхэнд сонирхуулахаар шийдлээ.
“Манай гэр “Цайз”-ын хойно Алтан- Өлгийн тийшээ байдаг юм. Ноднин өвөл 12- р сарын эхээр би 16-р хороололд байдаг найзынхаа төрсөн өдөрт очоод нэлээн оройтсон юм. Их ч уусан байлаа. Машин унаа ч зогссон бололтой ажин түжин болчихсон байсан. Арван зургаагаас Алтан-Өлгий хүртэл ойрхон юм чинь гэж бодоод алхчихлаа. Гэтэл “Цайз” захын яг ард байдаг хоёр эзгүй байшингийн хажуугаар гарч явах үед нэг хачин зүйлтэй тулгарсан. Би хэдийгээр их согтуу явсан ч гэсэн өөрийн гэсэн ухаантай, эргэн тойрноо харж ажиглахтайгаа явсан юм шүү. Саарал тоосгоор барьсан тэр хоёр байшинг хүмүүс сайн мэднэ дээ. Би яг тэр байшингуудын урдуур гартал нэг давхарын хамгийн наад талын онгорхой цонхон дээр нэг хүн сууж байгаа үзэгдсэн. Тэнэмэл хүүхдүүд тэр хавиар гүйж явдаг болохоор тэдний нэг юм болов уу гэсэн шиг юм бодоод нэлээн холуур өнгөрөх санаатай явж байтал нөгөөх чинь айж цочирдсон юм шиг чанга гэгч орилоод лимбэ юм уу юу юм бэ нэг юм үлээгээд эхэллээ. Тэр үед л би шалдан гуяа гаргасан хүүхэн сууж байгааг анзаарсан. Хүн хичнээн согтуу ч евлийн хүйтэн орчихсон байхад эзгүй хоосон балгасны цэв хүйтэн туйпуун дээр шалдан шахуу суугаад хөгжим үлээж байгаа хүнийг хараад айж гайхна биз дээ. Би ч ийм юм баймааргүй юмаа гэж бодоод бушуухан холдохоор хурдан хурдан алхтал нөгөө шалдан хүүхэн лимбэ үлээхээ больчихлоо. Яагаад ч юм бэ эргэж хармаар санагдаад эргээд хартал нөгөө хүүхэн чинь цонхны тавцан дээрээс буугаад араас ирж байдаг байгаа. Би амьхандаа л зугтаах шиг болсон ч нэг мэдсэн тэр хүүхний гараас тас атгачихсан зогсч байсан. Тэр хүйтэнд хүүхний гар час халуун байсан шүү. Хүүхэн намайг хөтлөөд байшин руу орох үед ар нурууны үс тэр чигээрээ босчих шиг жигтэйхэн их айсан. Гэвч яаж ч чадахгүй хүүхэнд хөтлөгдөн явсаар байшинд орсон хойно нөгөөх чинь нүцгэн гуяа дэлгэх харагдаад харин хөлөн завсараас нь араа соёо нь ярзайсан том ам ангайн урт улаан хэл мушгиран унжиж байх шиг харагдмагц байдаг чадлаараа орилоод тэр чигээрээ гараад зугтчихсан. Шалдан хүүхэн араас нэг хүчтэй самардах шиг болоод л үлдсэн. Яах аргагүй чөтгөр шулам гээчтэй нь таарлаа гэж бодохоос бараг архи ч гарчихсан байх. Үхтлээ айсандаа хаашаа гүйсэнээ ч мэдээгүй. Ямар ч байсан машин зам руу орсон хойноо арван зургаа луу буцаад гүйж яваагаа мэдсэн. Би эргэн эргэн харсаар найзындаа орж дөнгөж сая таарсан зүйлийнхээ тухай ярьж орхисон. Гэвч тэнд эрүүл хүн нэг ч байгаагүй болоод ч тэр үү миний яриаг хайхарч сонссонгүй. Гэр лүүгээ явахаас айсан би шөнөжингөө айж цочиж унтсан болоод өглөө нь гэр лүүгээ ирж авгайдаа хэлсэн ч “Чи бүр хий юм хардаг болчихож. Архины цагаан солио болж байгаа юм байна л даа” гэж загнаад бөөн юм болсон. Би хааяа нэг архи уудаг ч гэсэн цагаан солио тусах хэмжээнд очтолоо уудаггүй хүн. Тэгээд ч бие муутай болохоор тэр явдлаас хойш бүтэн нойртой хонохоо байсан. Аргаа бараад эгчдээ хэлж, эгч маань намайг сэтгэцийн өвчин судалдаг нэг эмчид үзүүлсэн ч мөн л архинаас болсон, цагаан солионы нэг хэлбэр. Архи хэтрүүлэн уусан үед янз бүрийн хий юм хараад эхэлдэг юм гээд хайхарсан ч үгүй. Гэвч өдөр ирэх тусам тэр шөнө надад харагдсан зүйл хий хоосон бус маш бодитой юм шиг санагдаж байсан болохоор хэд хоногийн дараа өдөр, цоо эрүүл гэрэл зургийн аппараттай нөгөө байшин руу орж үзсэн. Гэвч нүдэнд тусахаар юу ч харагдсангуй. Би ахиад хоёр гурван ч удаа ирж шалдан хүүхнийг отсон боловч юу ч олж үзсэнгүй. Нэг удаа бүр шөнө очсон гээч. Сүүлдээ адал явдалд донтох маягтай болсон ч юм уу нэг эдөр гэнэтхэн архи уугаад очиж үзье гэж бодсон юм. Ингээд нэг шил “Ерөөл” архи авч талыг нь уучихаад нөгөө байшин руугаа яваад очлоо доо.
Шөнө дунд болтол суулаа, их ч даарч байна. Үлдсэн тал архиа уучихаад л суугаад байлаа. Гэтэл яг шөнийн гурван цагийн үед гэнэт лимбэний уянгалаг аялгуу сонсогдоод явчихав. Хичнээн аймаар байсан ч би босч ийш тийшээ харсан боловч юу үзэгдсэнгүй. Гэвч лимбийн эгшиг намайг соронздон татах мэт ховсдон эрхшээж нэг хэсэгтээ л хаана юу хийж байгааг мартахад хүргэсэн болов уу. Би яг эртээдийнх шигээ нэг л мэдэхэд байшин дотор орчихсон байсан. Гэвч нөгөө шалдан хүүхэн нүдэнд харагдсангүй. Энэ үед тархи толгой манараад уусан архи маань ид үйлчилж эхлэх шиг санагдаад нэг л сонин болчихлоо. Тэгтэл ч хангир жингэр хийсэн айхтар чанга чимээ гараад хэн нэг нь шидчихэв үү гэлтэй том төмөр сараалж яг хажууханд унаад ирсэн. Түүний дараа гар чийдэнгийн гэмээр зурвас туяа татсанаа нөгөө шалдан хүүхэн сэлдийгээ унжуулсан томоо бух уначихсан лимбээ үлээсээр харанхуй булангаас гараад ирсэн дээ. Лимбэний нь аялгуу намайгтойроод цацсан давс шиг тунаран царцаж байсан шүү. Би лимбэний аялгуунд татагдан нөгөө шалдан хүүхний араар сундалдан аварга том бухны нуруун дээр мордож байтал гэнэтхэн үл мэдэгдэх хүмүүс гуд татан унагах шиг болоод сэхээ ортол хоёр цагдаа дуудлагын жижиг тэрэг рүү дамжлан шидэж байсан. Тэр хавьд явж байсан хоёр хүн намайг хараад цагдаа дуудсан юм билээ. Тэр ч шөнөөс хойш би ахиад хоёр ч удаа нөгөө байшингийн гадаа уначихсан байхыг олж байшингийн гадаа ирж архи уун нөгөе шалдан хүүхний лимбэдэхийг хүлээн үүр цайлгасан. Тэр хүүхэн ямар учиртай юм бол гэж бодохоос бүр байж сууж чадахаа больсон гэх үү дээ. Үүний учрыг нэгмөсөн олохоор нэг ламыг зориуд дагуулан аваачиж хамт хонож үзсэн.
Гэхдээ нэг нэг шил архи ууя гэж тохирсон. Тэр лам залуу хүн болоод ч тэр үү эсвэл шашин номдоо тийм их үнэнч хүн байсан уу тэгье гээд л лимбээр наадагч нүцгэн хүүхнийг хүлээгээд суучихлаа. Ингэсний үр дүнд бид хоёр мөн л шөнийн гурван цагийн үед нөгөө хүүхнийг олж харсан. Гэвч энэ удаа тэр хүүхэн байшингийн дээвэр дээр үзэгдсэн л дээ. Лам тэр хүүхнийг хараад учиргүй их сандарч баахан ном уншиж маргааш нь намайг дагуулан багш дээрээ очиж болсон явдлыг хэлэхэд багш нь “Муу ёр зөгнөсөн газар байна. Тэнд нэг хүүхэн үхэж байж тэр шалдан хүүхэн үзэгдэхээ болино гэсэн үг. Чи ахиад тэр газар луугаа битгий оч. Сайн номтой лам нарт хандсан нь дээр байх гэсэн юм. Би амьхандаа их л сайн засал хийлгэсэн. Тэрнээс болсон юм уу нөгөө хүүхнийг харах юмсан гэж хорхойсохоо больсон. Тэгсэн нээрээ цагаан сарын өмнөхөн тэр байшингийн ойролцоо нэг хүүхэн согтуу явж байгаад хөлдөөд үхчихсэн сураг дуулдсан шүү. Миний нэг найз тэр хавьд байдаг юм. Би түүнд шалдан хүүхний тухай ярьж байсан болохоор нэг өглөө манайд жигтэйхэн аахилж ирээд “Чиний нөгөө хий юм үзсэн газарт чинь нэг согтуу хүүхэн осгоод үхчихсэн байна” гэсэн дээ. Би энэ явдлаас хойш хүмүүс архины цагаан солио туслаа гэж буруу ярьдаг юм байна харин ч согтуу хүмүүст зэрэгцээ ертөнцийн болон далд ертөнцийн учрал тохиол харагддаг юм биш үү гэж эргэлздэг болсон” гэсэн юм.
URL:




