С.Зориг агсны хамгийн сүүлд хэвлэлд өгсөн ярилцлага
С.Зориг: Бид аливаа өөрчлөлтийг тайван замаар хийх нь чухал
/1998 оны 8 дугаар сарын дундуур энэхүү ярилцлагыг Монголын радиогийн сурвалжлагч Даваанямын Байгалмаа авсан бөгөөд 10 дугаар сарын 4-ний Ням гаригт анх удаа радиогоор нэвтрэгджээ. Энэ ярилцлага С. Зориг агсны хэвлэл мэдээлэлд өгсөн сүүлчийн ярилцлага байлаа./
- Ер нь Та улс төрийн шинжлэх ухааны талаар ойрдоо юм бичиж байна уу?
- Өмнө нь бичиж байсан тэмдэглэлүүд бий. Зай завсраараа уншиж байсан номнууд байгаа. Ойрын үед Монголын улс төрийн тогтолцооны цаашдын төлөв ямар байх бол тэр талаар бодож санаж байгаа зүйлээ бичье гэж бодож байгаа. Цаг заваа харж байгаад ганцаараа амжихгүй гэхэд бусадтай хамтраад тэр талаар ямар ч гэсэн нэг цэвэр шинжлэх ухааны үүднээс, тэр нь манай орны бодит амьдралд яаж бууж байна гэдэг үүднээс томоохон юм бичих, харах бодол байна.
- 1990-ээд оныг нэг эргэн дурсая л даа тэр үед Монголын ардчиллын билэг тэмдэг нь Та байсан. Тэмцэл нэлээд ширүүсээд ирэх үед Таныг хүмүүс гар дээрээ өргөн Та л олон түмнийг сэтгэлийн хөөрөлд хэт оруулахгүй талаас нь зохицуулдаг байлаа. Тэр мөчид Танд юу бодогдож байв?
- Тэр үед хамгийн гол зүйл бол «бид аливаа өөрчлөлтийг тайван замаар хийх нь чухал» гэсэн бодол салдаггүй байлаа. Зөвхөн 1990 онд ч биш, түүнээс хойш өнөөдрийг хүртэл тэр л бодол эрмэлзлэлээ оюун санаандаа өвөрлөж явна. Янз бүрийн зөрчил гарч байсныг манай сонсогчид мэдэж байгаа байх. Зөвхөн 1990 онд ч биш 1996 оны сонгуулийн үед бид байдлыг аль болох хурцдуулахгүй, тайван замаар асуудлыг шийдэхийг эрмэлзэж улс төрийн шаардлагатай арга хэрэгслүүдийг ашиглаж байсан. Дахин хэлэхэд улс орны ашиг сонирхолоос хэт давсан, түүнд хор хохирол учруулах юм хийхгүй байхыг л бодож явлаа. Бидний 90 онд барьж байсан тэр чиг шугам маань өнөөдөр ч тууштай үргэлжилж байна. Тэр үед эрмэлзлэл нь зөв ч туршлага дутмаг байсан залуус маань туршлага суугаад ирлээ. Харин тухайн үед нэлээд туршлагатай болсон хүмүүс маань нийгмийн сэтгэлгээнээс хоцроод нийтлэг эрх ашгаас ухраад намын ч юм уу, бүлгийн ч юм уу, явцуу сонирхолдоо хөтлөгдөөд байна уу даа гэж бодогдох боллоо. Цаг үеийн өөрчлөлт хүмүүст их нөлөө үзүүлээд байх шиг байна.
- Тухайн үеийн тэмцэгчид засгийн эрхэнд гараад ирлээ. Ингэснийхээ дараа өөрсдөө ямар нэгэн хэмжээгээр ялзарч эхэлдэг юм биш биз дээ. Та өөрөө улс төр судлалын, чиглэлийн хүний хувьд манай орны улс төрийн амьдралд болж буй үйл явдлуудтай холбогдуулан юу хэлэх вэ?
- Хүн бүхэн өөр өөрийн сул талтай байдаг. Хувь хүн амьдралаа дээшлүүлэхийг бодно. Нам бэхжихээ бодно. Тодорхой эдийн засгийн бүлэглэл ч юм уу, эсвэл компаниуд бэлжиж хөгжихөө бодно. Үүний хажуугаар улс үндэсний хамгийн дээд сонирхол гэж байна. Бүгдийг нь тооцох ёстой.
Гэхдээ дарааллыг нь хэзээ ч алдуулж болохгүй. Улс үндэстнийхээ сонирхлыг хамгийн дээр тавих ёстой. Түүний дараа манай нийгэмд нийтлэг болсон бүлгүүдийн сонирхлыг хамгаалах, дараа нь бүлгийн юм уу компанийн сонирхол байж болно. Яагаад гэвэл тэд чинь тодорхой хэмжээгээр ашгийн байгууллага. Түүнийхээ төлөө хөөцөлдөнө. Дөрөвт нь мэдээж хувь хүнд амьдралаа дээшлүүлэх, сайхан амьдрах сонирхол төрнө. Тийм сонирхол бүх цаг үөд байж л байсан. Үүнийг бас тооцох хэрэгтэй. Гэхдээ бид нар энэ дарааллаа алдаж болохгүй. Дараалал алдах юм бол ялзрах тувшинд орно. Энэ нь бусад орны жишээн дээр xарагддаг. Улсын сонирхлоо хойш нь тавиад бусад сонирхол нь дээшээ гарч ирнэ.
- Өөрт чинь ер нь «Бид хаашаа явж байна вэ» ч гэдэг юм уу эсвэл «нэг л болохгүй байна даа» гэсэн дундуур бодол төрдөг үү? Төрдөг бол ямар үөд?
- Зарим үед тийм бодол төрөлгүй яахав. Тохиолдлын шинжээр шийдэгдэх олон асуудал бий. Тэр үед мэдээж сэтгэл дундуур байлгүй яахав. Яагаад гэвэл аливаа асуудал сайн бэлтгэгдэж мэдээлэл сайтай, үндэслэлтэй шийдэгдэх ёстой. Тохиолдлын, гэнэтийн ухамсарлаагүй асуудлыг шийднэ гэвэл утгагүй. Энэ үөд сэтгэл дундуур үлдэнэ. Манай нийгмийн хамгийн тэргүүлэх хэсэг болох улс төрчид, урлагийнхан, сэхээтнүүд, бусад хүмүүсийн сонсдог тэр нийтлэг сонирхлыг эхлээд заавал хардаг байх ёстой. Ядахдаа ойрын тав, арван жилийн хэтийн хандлагыг төсөөлж чаддаг байх ёстой. Тэгээд өөрийнхөө улсын хөгжлийг тухайн бүс нутгийн болон дэлхийн хөгжлийн хандлагатай уялдуулах, үүнтэй холбогдсон мэдээллийг хуримтлуулах, солилцох энэ үндсэн дээр шийдвэрээ гаргаж байх нь чухал.
Ийм л зүйл манайханд дутагдаад байх шиг. Єнөөдөр жижиг сонирхлууд давамгайлах хандлага гаргачихаад байна. Үүнийг шийдвэртэй даван туулах цаг боллоо шүү дээ. Энэ бол ардчиллыг шалгах хоёр дахь шат юм. Үүнийг хэр давахаас хөгжлийн ойрын ба хэтийн төлөв тодорxойлогдоно.
- 90-ээд оны МУИС-ийн багш Зориг одоогийн УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайд Зориг хоёрын ялгаатай галуудыг Та өөрөө юу гэж үзэх вэ?
- Туршлагаар жаахан илүү болсон байх. Амьдралын туршлага гэх юм уу. Бодож хүсч байсан зүйлүүдийн зарим нь биөлсэн, зарим нь биөлээгүй. Дутагдалтай тал нь гэвэл ном унших, найз нөхөдтэйгөө уулзах бололцоо бага болсон. Энэ байдалд удаан уягдчихвал зөвхөн ойр зуурын юм хардаг болох аюул гарч магадгүй. Гэхдээ илүү их мэдээллийн хүрээ рүү орсон.
- Таныг өнөө хуртэл ШУКО- ын багш гэж нэрлэсээр байх юм. ШУКО-г судалсан Таны буруу болоод байна уу? Та юу гэж боддог вэ?
- ШУКО бол хүн төрөлхтний оюуны хөгжлийн түүх. Тэгэхдээ нийгмийн шалгуураар амьдрах чадваргүй гэдгээ xаруулсан. ШУКО бол нийгмийн ухааны тодорхой логикоор зохион байгуулагдсан систөм, цогцолбор байсан. Систөм дотроо зарим хана нь буруу баригдсан, шал нь ч буруу тавигдсан байсан. Явж явж систөм нь ажиллахаа больсон. Тийм учраас миний мэргэжил бол туршлага талаасаа бараг үгүй болж байгаа ийм тогтолцоо.
Миний дипломын тал нь хүчингүй болсон ч өнөөгийн Монголын улс төрийн тогтолцоог судлахад өмнөх нийгмүүдэд үйлчилж байсан. Түүнийг нь дүгнэсэн ШУКО-ын талаархи тодорхой суурь мэдлэгүүд маань хэрэг болж байгаа.
- 90-ээд оноос хойш Таны хувийн амьдралд их эвгүйгээр нөлөөлсөн янз бүрийн дарамт шахалт гарч байсан уу? Таны ойр дотны хүмүүст ч юм уу?
- Амьдралд сайн муу бүх юм таардаг. Тиймээс өнгөрсөн юм бол өнгөрсөн юм. Түүнийг бодож санаад байх юм гардаггүй. Хамгийн их санаа зовоож байгаа юм бол цаашид манай улс орны хувь заяа. Түрүүчийн хэлдэг улс төрийн тогтолцоо. Түүнтэй холбоотой эдийн засгийн хөгжлийн маань цаашдын хандлага ямар байх вэ гэдэгт байна. Тухайлбал хоёр нам болоод бие биеэ ойлгохоо больдог ийм зүйл бол хамгийн их аюултай. Тэр нь ялангуяа манай улсын хөгжлийг хөтлөх, нөлөө үзүүлэх, дэлхийн биө биөндээ нягтран орж байгаа эдийн засаг, улс төр, олон улсын харилцаа энэ бүхнийг аваад үзэх юм бол урд урдаасаа хараад суучихдаг хүн шиг ярьж чадахаа болиод юм л бол хоёр улсын дипломатууд шиг хэлэлцээр хийж суудаг, биө биөнээ ойлголцох чадвараа алдсан. Энэ аюул хамгийн том аюул. Энэ нь нийгмийг хоёр хэсэг болгоод нэг нь болохоор нөгөөгөө эсэргүүцэж байдаг байнга талцсан тийм хэлбэрт орчих вий гэдэг аюул байгаа юм. Тиймээс түрүүчийн миний хэлдгээр маргах үөдээ маргаж болно тэгэхдээ хүн шиг харилцаад энэ чинь ийм гэж нягтлангүй яриад асуудлыг шийддэг гаднаа ч дотроо ч манай нийгэм тогтвортой нэг маягийн тодорхой уламжлалаар бодлого нь явагддаг гэдгийг харуулах гол үндэс суурь болох юм.
- Та мэдээж аавыгаа дурсаж явдаг байх. Аавынхаа тухай юу хэлж чадах вэ?
- Их тайван хүн байсан юмыг олон талаас нь бодож хийхийг оролддог, туйлширах дургүй, хүний асуудлыг ойлгох гэж оролддог. Тэр утгаараа хэт нэг талыг барьдаггүй. Хүн болгон амьдралтай гэдгийг ойлгодог ийм л хүн байсан.
Улс оронд үүссэн нөхцөл байдал, улс төрийн хурц сөргөлдөөн, түүнээс гарах арга зам
С. Зоригийн гар бичмэл /1994 он/
Монгол улсад 1990 онд анх удаа олон намын оролцоотой ардчилсан сонгууль явагдсанаас хойш дөрөв дэх жилийн нүүрээ үзэж байна. Коммунист тогтолцоот нийгмээс ардчилсан, хүнлэг, зах зээлийн байгуулалд шилжихэд томоохон хоёр өөрчлөлт явагддаг:
- Улс төрийн болон нийгэм-эдийн засгийн
Нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийн үндэс суурийг Улсын бага хурал тавьж, шинээр дэвшүүлсэн зорилтуудыг амьдралд эргэлт буцалтгүй хэрэгжүүлэх томоохон алхам хийж, чухал хуулиудыг батлуулсан юм.
Харин улс төрийн өөрчлөлтийн эхлэлийг Монгол улсын шинэ Үндсэн хуулиар бататгаж өгсөн боловч цаашдаа хууль, тодорхой алхмаар гүнзгийрүүлж өгөөгүй нь 1994 оны хаврын хямралт байдалд хүргэлээ. Энэ хямралын үр хөврөл нь 1992 оны сонгуулийн үр дүнд хурцдалынхаа шинж тэмдгийг нэрмээс болгон олж авчээ.
Эдийн засагт өөрчлөлт хийх үйл явц Олон улсын валютын сан, Дэлхийн банкны шууд хяналтын дор, өөрөөр хэлбэл гадны жороор харьцангуй сахилга баттай, үе шаттай хэрэгжиж, хөгжингүй орны дэмжлэг хүлээн, бараг үлгэр жишээ “онц сурлагатан, дуулгавартай, чих зөөлөн хүүхэд “ гэж үзэгдэж байгаа бол улс төрийн өөрчлөлтийн асуудал социалист систем задарснаас хойш ямар нэгэн жоргүй болж, тухайн орон өөрөө сонголтоо хийх харьцангуй эрх чөлөөтэй болжээ.
Нэгэнт хатуу жор тулган өгөөгүй учир 1992 онд үүссэн нөхцөл байдлыг хэвээр нь хадгалах явдал эрх баригчдад нэг талаас бие амар, нөгөө талаас хармаагаа түнтийлгэж үндэсний хөрөнгөтний эгнээнд богино хугацаанд орох тун таатай арга зам болсон тул улс төрийн зогсонги байдлыг, бүр цаашилбал хэт их эрх мэдэлдээ согтон ардчилсан ололтоос ухрах хандлагыг МАХН-ын дээд албан тушаалтнуудын эгнээнд бий болгосон юм.
Энэ бүхний үр дагавар туйлдаа хүрч, дараахи хэлбэрээр илэрч гарсан юм.
- УИХ Үндсэн хуулийг хэрэгжүүлэх багц хуулиудыг хэлэлцэж батлах чадваргүй байгаа /үүнээс хамгийн чухал нь Газрын тухай хууль, Орон нутгийн талаар багц хууль, Сонгуулийн шинэ хууль г.м/ Гэтэл үндсэн хууль батлагдаад даруй хоёр жилийн хугацаа болсон.
- УИХ-д ямар нэг хэлбэрээр хуульчлагдсан улс төрийн сөрөг хүчин байхгүй бөгөөд хуулийн төсөл, бусад шийдвэрийг хэлэлцэх, санал хураахад жинхэнэ олон ургальч үзлээр санаа бодлоо уралдуулах нөхцөл үгүйсгэгдсэн. Сөрөг хүчний зургаан гишүүн нийт сонгогчдын 40 гаруй хувийг төлөөлж байвч УИХ-д санал хураалтын үр дүнд нөлөөлөх ямарч бололцоогүй. Уг нь УИХ бүх ард түмний улс төрийн зориг эрмэлзлэлийг хууль тогтоох үйл явцад тусгах, улс төр, эдийн засгийн тогтвортой хөгжил хувьслыг хангах үүднээс улс оронд улс төрийн тодорхой зөвшилцлийг бий болгох үүрэгтэй билээ. Харамсалтай нь, УИХ дахь хүчний харьцаа, эрх баригч МАХН-ын олонхийн улс төрийн чиг шугам зөвшилцлийг бололцоогүй болгосноороо хууль тогтоох дээд байгууллагын улс төрийн бололцоог хязгаарлаж, Монголын нийгэмд үзүүлэх нөлөөг ихээхэн багасгаж байна.
- УИХ-д хуульчлагдсан сөрөг хүчин байхгүй учраас үндсэн хуулийн үзэл баримтлалын суурь болсон засаглалын хуваарилалт, түүний салаа мөчрүүд харилцан тэнцвэртэй байх зарчим зөрчигдөж эхэллээ. УИХ, Засгийн газрын хоорондох зааг ялгаа бараг үгүй болж, хоёр гуравхан хүний хүрээнд улс орны хэмжээний асуудал шийдэгдэх байдал үүсч, шүүх засаглал, түүний нэгэн салшгүй хэсэг болох Үндсэн хуулийн цэцийн эрх мэдэл рүү хүртэл довтлох боллоо.
- Эрх баригч намын хэт давамгай байдал нь дураараа дургиж, ямар ч нийгэм хүлээхгүй гэсэн бодолд хүргэснээр төрийн байгууллагын тогтолцоонд бие биенээсээ хамаарах гинжин урвал үүсгэн, танил тал хамаатан садан бүлэглэлүүдийг үүсгэлээ.
- Албан тушаал, албан харилцаагаа ашиглан хонжоо орлогын төлөө хөөцөлдөн, хувьдаа завших уур амьсгал бий боллоо.
- Ардчилалын нэг гол шаардлага болох төр, засгийн шийдвэр гаргаж, батлах ил тодын зарчим үгүй болж, төрийн албан тушаалтнуудын тайлагнах зарчим алдагдсан.
- Төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл цөөн хэдэн бүлэглэлийн, түүний дотор Засгийн газрын төлөөлсөн хэсгийн эрх мэдэлд орж, түүгээрээ дамжуулан өөр үзэл бодлыг үл тэвчих, улс төрийн бүдүүлэг сурталчилгаа явуулах, дургүй хүмүүсээ мөшгин хавчих бодлого явуулдаг.
- Төрийн телевиз, радио, сонин хэвлэлд улс төрийн болон үзэл суртлын хяналт дахин сэргэсэн.
- Эрх баригч МАХН-ын удирдах бүлэглэл хоёр нүүр царай гарган хилийн чанадад хүний эрх ардчлалын төлөө тэмцэгч мэтээр уран үг урсгах авч өөрийн орондоо хүний бодит эрхийг санаатайгаар үгүйсгэж / үг хэлэх, шашин шүтэх, улс төрийн итгэл үнэмшилтэй байх эрх чөлөө, эрх/ дөнгөж мэндэлсэн ардчилсан засаглалын бүтцээс ухарч байна /шууд сонгогдсон Ерөнхийлөгчийн эрх, үүрэг, ардчилсан парламентат ёсны зарчмууд, засгийн газрын ил тод, тайлагнадаг байх зарчим, бие даасан шүүх засаглал г.м/. Улс төрийн тоглоом нь хэт даварч УИХ-ын зарим байнгын болон дэд хороодын даргаар туйлширсан үзэлтэй хүмүүсийг сонгон томилсон байна.
- Төрийн дээд албан тушаалтнуудтай холбоотой улс төрийн томоохон дуулиан өрнөх явцад улс төрийн наад захын ёс суртахуун, соёлыг уландаа гишгэсэн.
Дээр дурьдсан нөхцөл байдал монголын нийгмийг улс төрийн хүрээнд хэдэн алхмаар ухраах уршигтай юм.
Төр засгийн байгууллагууд хямралыг даван туулах чадваргүй байгаа нөхцөлд /Ерөнхийлөгчийн эрх мэдэл хязгаарлагдмал, МАХН-аас УИХ-д суугаа гишүүд суудлаа алдахаас үхтлээ айсан байдал, улс төрийн томоохон дуулианаас болж Засгийн газар нэр хүндээ алдсан/ тулгамдсан байдлаас гарахад улс төрийн намууд, ялангуяа улс төрийн томоохон намууд, улс төрийн томоохон зүтгэлтнүүд, олон нийтийн байгууллагууд гол биш юм аа гэхэд томоохон үүрэг гүйцэтгэх ёстой болов уу?
Энэ хямралыг шийдэх 3 арга зам байна.
1.Засгийн газар огцрох
2.МоАХ, МОХ тэмцлийн хэлбэрээ өөрчлөн улс төрийн өлсгөлөнгөө зогсоох
Дээрхи 2 хэлбэрийг аль нь ч хүлээж авах хүсэлгүй, эцэсээ хүртэл тэмцэхээр шийдсэн бололтой байгаа учраас 3 дахь зөвшилцөх хувилбарыг сонгох нь зүйтэй санагдана. Энэ хувилбар нь дараахи агуулгатай байвал сөргөлдөгч талууд хүлээж авах бололцоотой юм.
1. УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн шинэ хуулийг 1994 оны хаврын чуулганаар баталж 1995 оны 6 дугаар сард УИХ-ын болон орон нутгийн ээлжит бус сонгуулийг явуулах /УИХ, аймаг, сум, багийн сонгууль. УИХ аймгийн хурлын бүрэлдэхүүн дөрвөн жилээр сонгогддог гэхдээ аймгийн хурлын бүрэлдэхүүний Ѕ нь хоёр жилийн дараа шинэчлэгдэн сонгогддог. Сум, багийн хурлын бүрэлдэхүүн хоёр жилээр сонгогддог./1997 онд Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль явагдана. Мөн орон нутгийн сонгууль давхар явагдана. /Аймгийн хурлын 1/2, сум, багийн хурлын бүрэлдэхүүн бүхлээрээ шинэчлэгдэн сонгогдоно./ Ингэснээрээ хоёр хоёр жилээр тойрогт тэнцвэр, хяналтын механизм боловсронгуй болох юм.
2. Засгийн газрын тайланг 1996 оны хаврын чуулганаар авч хэлэлцэн, дүгнэлттэй тогтоол гаргах.
3. Үндсэн хуулийн цэцийн бие даасан, хараат бус байдлыг баталгаажуулах үүднээс Үндсэн хуулийн цэцийн тухай хуулинд өөрчлөлт оруулах.
4. Үндэсний радио, телевиз, Ардын эрх, Засгийн газрын мэдээ сонин зэргийг чөлөөт бие даасан мэдээллийн хэрэгслийн зарчмаар төртэй гэрээтэй ажиллах шийдвэр гаргах.
5. Хээль хахууль, албан тушаалаа урвуулан ашиглах явдалтай тэмцэх хуулийг 1994 оны хаврын чуулганаар хэлэлцүүлж батлах.
6. Үндсэн хуульд харшилсан хууль, тогтоол аливаа шийдвэрийг даруй хүчингүй болгох.
7. Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, гаргаж буй шийдвэрүүдийг ил тод байлгах үүднээс мэдээллийн эрх чөлөөний хуулийг батлах.
8. Хүний, Монгол улсын иргэний эрх, эрх чөлөөг хангах, баталгаажуулах, эрх зүйн үндсийг бүрэлдүүлэх арга хэмжээг яаралтай авч, тэдэнд харш хууль тогтоомж, шийдвэрүүдийг ойрын үед хүчингүй болгох.
… ер нь бол манай хүмүүс ихийг үзэж, харж мэдэж байгаа учир тэд өөрсдийн дургүйцлээ гаргах нь зүй ёсны асуудал юм. Би Венгерийн туршлагыг их сонин гэж үзэж байна. Тэд ард түмнийхээ амьдралын түвшинг нэлээд дээр гаргасан, тэгээд одоо өр төлөх ажилтай ч тэр түвшингээ барьж байна. Тэгэхэд манай ард түмний амьдарлын түвшин тун дорой байна. Зөвхөн амьдралын хэрэгцээг л хангаж байна… Тиймээс ч бодож санаж байгаа зүйл нь дорой, эринээсээ хоцорсон явдал тун тод харагдаж байна. Хотод мах олдохгүй, ер нь юм их ховор байгаа сурагтай. Энэ нь жилийн жилд. Улсын эдийн засгийн бодлогыг үндсээр нь солих хэрэгтэй юм.
Миний дүү англи хэлээ сайн сураарай. Ах нь сурахыг оролдож дүүгээ гүйцэхээ бодноо. Ер нь цагаа зөв зохицуулж байх хэрэгтэй. Хичнээн их юм чи мэддэг болно, төчнөөн чиний боломж их болно шүү дээ. Тэр чинь олон юм үзэж, нүд тайлна гэсэн үг. бид улсаа өндөр хөгжилтэй орон болгох хэрэгтэй.
(Оюутан С. Зориг дүү С. Оюунд бичсэн захидалаас)
1984 оны 4 сарын 7. Москва хот
Эх сурвалж:
1. http://www.bamons.com/index.php?option=com_content&task=view&id=4596&Itemid=52
2. @MrSharav
3. @Sharavjamts_Ts
URL:













