”Монголросцветмет” нэгдлийн орлогч захирал Ц.Жаргалыг 8 тэрбумын хэргээр шалгаж эхэлжээ
Тендерчин гэдэг үг бараг л мэргэжил юм шиг сонсогдох болжээ. “Тэр тэдэн тэрбумын тендер авч гэнэ”, “200 саяын тендерээс 20 хувийг нь нэхэж гэнэ” гэх зэргээр тендер тойрсон яриа бий. Ардчилсан нам Засгийн газрыг эмхлэн байгуулсныхаа дараа тендер тойрсон элдэв будлианыг цэгцлэх зорилгоор Худалдан авах ажиллагааны газрыг байгуулсан. Ингэснээр сайд, дарга нар дураараа тендер зарлаж, зоргоороо шалгаруулдаг гаж үзэгдэл хумигдсан гэж хэлж болно. Гэвч үүнд захирагддаггүй нэг хэсэг үлдсэн. Тэр нь төрийн өмчит үйлдвэрийн газар болон төрийн өмчит компаниуд билээ. Өөрөөр хэлбэл, авлига, сонирхлын зөрчлөөс ангид байх засгийн бодлого төрийн өмчит зарим компанийг тойрч өнгөрөв бололтой.
Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдлийн орлогч захирал Ц.Жаргалтай холбоотой тендерийн будлиан чих дэлсэх болов. Тэрбээр гурван сарын өмнө “Монголросцветмет” нэгдлийн эзэмшлийн Хэнтий аймгийн Дархан сумын нутаг дахь Баргилтын төмрийн орд дээр найман тэрбумын өртөгтэй “Уулын ажил”-ын тендер зарлажээ. Тендерийн хорооны дарга нь Ц.Жаргал захирал өөрөө байсан гэнэ. Тэрээр тендерт оролцсон компаниудаас “Баян соён заан” хэмээх компанийг онцолж, ил далд дэмжлэг их үзүүлсэн гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа юм. Мөн энэ талаарх мэдээллийг Авлигатай тэмцэх газарт ирж энэ дагуу шалгаж буй бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэх эсэхээ удахгүй шийдэх бололтой.
Найман тэрбумын өртөгтэй тендерийн ялагчаар “Баян соён заан” компанийг шалгаруулсан. Гэвч тус компани тендерт шалгараад гурван сар гаруйн хугацаа өнгөрөхөд хийх ёстой ажлынхаа 50 хувьд нь ч хүрээгүй аж, Уг нь гэрээнд зааснаар бол энэ таван сарын хугацаанд нэг сая м/куб хөрс хуулж төмрийн хүдэр олборлох ёстой гэнэ. Гэтэл уулын ажлын ямар ч туршлага байхгүй “Баян соён заан”-ынхан дөнгөж 20 хувьд нь чүү чамай хүрчээ. Ингээд товлосон хугацаанд тохирсон ажлаа хийж чадаагүй компанитай хариуцлага ярих нь тодорхой болжээ. Эндээс хамаг хэрэг мандсан байна.
Тендерт шалгарсан компани ямар учиртай болох, энд хэн нэгэн албан тушаалтны нөлөө орсон гэх мэтээр “Монголросцветмет” нэгдлийн удирдлагуудын хүрээнд яригдаж эхэлсэн байна. “Баян соён заан” компанийг судлаад үзэхэд өмнө нарийн технологи шаардсан хөрс хуулалтын ажил хийх нь бүү хэл хүрзээр шороо ч ухаж үзээгүй компани байсан бололтой. Үүнээс улбаалаад энэ том тендерт дээрх компани ямар аргаар ялав гэдэг асуудал гарч ирсэн байна. Мөн тус компани нь энэ чиглэлээр мэргэшээгүй компани гэдэг нь тодорхой болжээ. Тэд авсан ажлаа ч өөрсдөө хийлгүй туслан гүйцэтгэгч нэрийдлээр эвдэрхий голдуу хэдэн техниктэй эрээвэр хураавар компаниудыг цуглуулж, технологийн горим зөрчин хөрс хуулуулж байсан гэнэ.
Энэ нь төр засгийн удирдлагуудын хэмжээнд асуудал болж тендерийн хороон дарга нь хэн байсан бэ гэсэн асуудал сөхөгдөхөд Ц.Жаргал буюу “Монголросцветмет” нэгдлийн орлогч захирал энэ тендерийг будлиантуулсан гэх сэжиг төрсөн байна. Ц.Жаргал “Баян соён заан” компанитай ямар холбоотой болон энд ямар нэгэн гэмт хэргийн шинжтэй зүйл байна гэдгийг мэдсэн “Монголросцветмет” нэгдлийн зарим ажилтнууд ийнхүү хууль хяналтынханд хандсан байна. Уулын ажлын туршлагагүй компанийг тендерт ялуулсан эзнийг хайх эрлийн үзүүр хөвөрсөөр Ц.Жаргал захирал дээр бууж байгаа бололтой. Мөн “Монголросцветмет” нэгдлийн учир мэдэх ажилчид Ц.Жаргал захирал “Баян соён заан” компанийг элдвээр хаацайлж, шаардлага хэлсэн албан хаагчдаа нохой, гахайгаар нь дуудаж суудаг гэх гомдлыг ч бас хүргэж амжсан гэнэ.
Ц.ЖАРГАЛ ГЭЖ ХЭН БЭ?
Тэрээр 2004 оны УИХ-ын сонгуульд Эх орон намаас нэр дэвшин сонгогдож, УИХ-д дөрвөн жил суужээ. Нэг үгээр хэлбэл, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүн гэх тодотголтой байв. Сүүлд Б.Эрдэнэбатаасаа урваж, намаа сольсон нэгэн юм байна. Түүнийг “Мон-Рос”-ын орлогч захирал болоход ҮХАА-н сайд Х.Баттулгын нөлөө их байсан гэж улс төрийн хүрээнийхэн ярьдаг. Х.Баттулгатай нэг нутгийнх гэдэг. Хамт нутгаасаа 2004 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан аж. Нэр дэвших үедээ “Эрэл барилга” хувьцаат компанийн захирал байжээ. Дөрвөн жил УИХ-д суухдаа тэрбээр ганц ч үг дуугараагүй гэдэг. Инженер, эдийн засагч мэргэжилтэй аж.
Таван парламентын хугацаанд цөөнх байсан Ардчилсан нам 2012 оны УИХ-ын сонгуульд ялж, засгаа эмхлэн байгуулсан. Ардчиллынхны буянаар гудамжинд лааз өшиглөж явсан олон хүн ажилтай болсныг хэн ч үгүйсгэхгүй. Гэвч 1990 оны Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд явж байсан олон хүн албан тушаалын бялуунаас хүртэж чадаагүй ч, сэтгэл зүрхээрээ АН-аа дэмжсээр л байгаа. Харамсалтай нь, ардчиллын жинхэнэ партизануудын оронд гарч ирсэн, намаа хэдэнтэй сольсон Ц.Жаргал шиг нөхдүүд цөөнгүй бий. Тэдний балгаар Засгийн нэр сэвтэж, авлига хээл хахуулийн хэрэг сөхөгдөх вий. Ямартай ч энэхүү найман тэрбумын тендерийн будлиантай холбоотой хэргийн учиг удахгүй тайлагдах биз ээ.
URL:













