Н.Энхбаярыг баривчилсан цагдаа нарт эрүүгийн хэрэг үүсгэнэ

new photo

МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 12-нд хүчний байгууллагынхан албадан баривчилж цагдан хорьсон билээ. Улмаар экс Ерөнхийлөгч гурван шатны шүүхээс авлигын хэргээр хорих ял сонсч, 364 хоног хоригдон өнгөрсөн долдугаар сард Өршөөлийн тухай хуульд хамрагдан суллагдсан. Өдгөө Солонгос улсад эмчилгээ хийлгэж байгаа тэрбээр он гараад эх орондоо ирэх сураг сонсогдож байна.

Харин тухайн үед хүч хэрэглэж, эрүү шүүлт тулган, айлган сүрдүүлж албадан баривчилж мэдүүлэг авсан АТГ-ын мөрдөн байцаагчид болон цагдаагийн байгууллагын нэр бүхий хэд хэдэн албан хаагчдыг УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах албанд шалгахаар болсон талаар мэдээ гарах болов. Учир нь, тэднийг тухайн үед хүний эрхийг ноцтой зөрчиж, эрүү шүүлт тулгаж эрхэнд нь халдсан гэх үндэслэлээр буруутгаж, хариуцлага тооцох асуудал түүнийг суллагдахаас өмнө яригдаж байсан ажээ.

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ “Баривчлах үед нь Монгол Улсын хуулийн зарим зүйл заалтыг зөрчсөн байсан. Энэ асуудлыг манайхаас шалгаж, Мөрдөн байцаах албанд хариуцлага тооцох талаар хүсэлт хүргүүлсэн. Одоогоор ямар нэгэн хариу тайлбар ирээгүй байна” гэв. Ямар хариуцлага тооцох талаар УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас хохирогч Н.Энхбаяр болон ХЭҮК-д яаж мэдэгдэхийг л харах үлджээ. Магадгүй Н.Энхбаярыг эх орондоо эргэн ирсний дараа энэ асуудал хурцаар тавигдахыг үгүйсгэхгүй юм.


URL:

Сэтгэгдэл бичих