Дугуй шатаахад хорт хавдар үүсгэх бенз/а/пирен ялгардаг

Дугуй шатаахад хорт хавдар үүсгэх бенз/а/пирен ялгардаг

“Зууны мэдээ” сонин автомашины хуучин дугуйны импортыг багасгаснаар хаягдал дугуйны тоог цөөлөх уриаг дэвшүүлэн энэхүү сэдвийг эхлүүлсэн билээ. Хэдийгээр автомашины хуучин дугуйны үнэ хямд, эдийн засагт хэмнэлттэй мэт боловч ашиглаад дууссаны дараах хаягдал нь бидний эрүүл мэнд болон байгаль орчинг хэрхэн хордуулж байгааг цувралаар хүргэж байгаа юм.

Ялангуяа хаягдал дугуйг түлж, шатаадаг байдлыг таслан зогсоохын тулд бодит нөхцлийг сурвалжилж эхэлсэн. Өмнөх дугаарт алхам бүрт тааралдах дугуй засварын газрууд хаягдал дугуйг хэрхэн хямдханаар үнэлж худалдаалж байгааг ү зүүлсэн. Харин энэ удаагийн дугаарт дугуйг шатаахад агаарт ялгардаг хорт бодисууд болон тэдгээрийн хор хөнөөлийн талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний  төвтэй хамтран бэлтгэсэн мэдээллийг хүргэж байна.

Агаарын бохирдол нийслэлчүүдийн хувьд эрүүл мэндийн гол дайсан болоод удаж байна. Гэвч бид энэ зүйлийг байх ёстой мэт хүлээн авч, өөрсдийн эрүүл мэндийн төлөө дуугарахгүй хэвээр. Агаарын бохирдол үүсгэгч гол буруутан нь гэр хорооллынхон, түүнчлэн автомашинууд гэдэг.

Ерөнхийдөө утаа гэсэн ганцхан ойлголтоор авч үздэг ч тэрхүү утаанд байгаа химийн хортой бодисууд, хүнд металлуудын талаар нарийн ойлголт бидэнд байхгүй. Амжиргааны төвшин доогуур айлууд болон нийслэлд байгаа 450 гаруй засварын газар, түүнчлэн нам даралтын зуух хэрэглэдэг айл, аж ахуй нэгжүүд хаягдал дугуйг шатаадаг гэсэн мэдээлэл бий.

Түлээ, нүүрс авах чадалгүй ядуу айлууд дулаахан байхын тулд хямд үнэтэй, удаан шатдаг дугуйг сонгодог бол дугуй засварын газрууд хаягдлаа шууд галдаа хийж дулаацдаг, тэр нь өөрсдөд нь болоод өрөөлд ямар хортойг мэдсэн ч мэдээгүй мэт аашилж байна.

Мөн нам даралтын зуухаар олон метр квадрат газрыг дулаацуулдаг аж ахуй нэгжүүд ч нүүрсээ хэмнэн хаягдал дугуйг хольж түлдэг гэсэн мэдээлэл байгаа юм. Энэ тухай дараа дараагийн нийтлэлдээ илүү дэлгэрэнгүй хүргэх болно. Хамгийн гол нь энэ үйлдэл нь нийслэлчүүд бидний эрүүл мэндэд хэтэрхий их хор хөнөөлтэйг эрдэмтэд баталжээ.

БЕНЗ/А/ПИРЕН НЬ ХОРТ ХАВДАР ДАМЖУУЛАГЧИЙН ҮҮРГИЙГ ДАВХАР ГҮЙЦЭТГЭДЭГ

Дугуй, хуванцар, нүүрс, бензинийг шатаахад агаарт маш олон тооны хорт бодис тархдаг. Тэр дундаа үнэрт нүүрстөрөгч буюу бенз/а/пирен гэх бодис нь хамгийн аюултай нь юм.

Дугуйг шатаахад энэхүү бодис нь хамгийн их ялгардаг буюу хүний амьсгалын замын эрхтэн рүү шууд нэвтрэн ордгоороо хор хөнөөл нь их гэнэ. Бенз/а/пирен нь дугуйг шатаахад ялгараад хүний амьсгалаар орж, хоолойны бүх хэсгээр дамжаад уушгины цулцанд очдог ажээ.

Тэгээд тэрхүү судсаар дамжин цусанд нэвчиж, улмаар бүх эд эрхтэнд дамжин орж хордуулдаг. Энэхүү бодис нь уушгины үрэвсэл, хорт хавдар үүсгэх аюултайг эрдэмтэд хэллээ. Хамгийн аюултай нь бенз/а/пирений бүхэл хэсэг нь уушгинд тунаж үлдээд, хорт хийгээр амьсгалахгүй байсан ч дараа нь дахин цусанд орж хордуулах үйлчилгээтэй юм байна.

Улмаар энэхүү тунаж үлдсэн хэсэг нь хорт хавдар үүсгэгч бодисуудад дамжуулагчийн үүрэг гүйцэтгэж байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, хэдийгээр энэхүү бодисоор бага амьсгалсан ч урт, богино нь хамаагүй хугацааны дараа хорт хавдрын шалтгаан болох боломжтой гэсэн үг юм. Түүнчлэн бенз/а/пирен нь хүний мэдрэлийн эс болон цусны эсийг гэмтээж, дархлааг сулруулдаг байна.

Шатахууныг шатаахад мөн бенз/а/пирен ялгардаг ба автомашины утаа хортой гэдгийг баталгаа энэ. Гэвч дугуйг шатаан утаагаар нь шууд амьсгалж байгаа нөхцөлд хүний биеийг хэрхэн хэд дахин ихээр хордуулах нь ойлгомжтой юм.

ХОРТ ХАВДРААР ӨВЧЛӨГСДИЙН 80 ХУВЬ ХҮНДЭРСНИЙХ НЬ ДАРАА МЭДДЭГ

Дугуйг шатаахад маш олон төрлийн хортой бодис агаарт ялгардаг гэж дээр хэлсэн. Тэдгээрээс онцлон дурдвал хүхрийн хий, нүүрстөрөгчийн хий, азотын хий юм. Хүхрийн хий нь хүний уургийн солилцоо, дааврын тогтолцоог гэмтээдэг бол, азотын хий нь хамар, нүдний салст бүрхэвчийг цочроож, үрэвсүүлдэг, нүүрстөрөгчийн хий нь төв мэдрэлийн системийг гэмтээдэг гэхчлэн тоочоод баршгүй олон сөрөг үр дагавартай юм.

Товчоор хэлэхэд маш хортой бодисууд дугуйг шатаахад ялгардаг. Түүнийг түлж байгаа хүмүүс өөрсдөө хордоод зогсохгүй гэмгүй нэгнийг нь хордуулж, амь насанд нь заналхийлж байна. Бид агаарын бохирдол гэгч үгэнд хэтэрхий дасч, эвлэрчихээд тоохгүй байхад эрүүл мэндийн салбарынхан хавдар, тэр дундаа хорт хавдраар өвчлөгсдийн тоо өссөөр байгааг сануулсаар байгаа юм.

Саяхан телевизээр хорт хавдраар өвчлөгчсдийн 80 хувь нь өвчнөө хүндэрсний дараа эмнэлэгт очиж, улмаар оношлогдсоноосоо хойш 1.5 жилийн дараа нас барж байгаа гэсэн харамсам тоог хэлнэ лээ. Үүний гол хүчин зүйлүүдийн нэгд агаарын бохирдол орж байгааг ч үзүүлсэн.

Магадгүй өнөөдөр таны, миний биед энэхүү аймшигт өвчний хор шингэчихээд, хэдэн жилийн дараа ил гарч ирж ч мэднэ. Үүнийг таах аргагүй. Нэгэнт гэр хорооллыг цэгцэлж, өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа автомашины тоог бууруулахад хэцүү байгаагаас хойш агаарын бохирдол хэмээх утаанд байгаа хортой бодисыг багасгаж чадвал нэгээр тогтохгүй хүний алтан амийг аварч байна гэсэн үг юм.

Өнөөдөр хэн нэгний түлэх гэж байгаа тэрхүү дугуй хар резинийг байхгүй болгож чадвал ирээдүйд олон хүний амь, амьдрал аврагдах боломжтой. Тиймээс хувиа бодсон аминч зангаа гээцгээж, үр хүүхдийнхээ ирээдүйг аврах алхмыг өөрсдөөсөө эхлүүлэх боломж бидэнд байна.

Б.Солонго


URL:

Сэтгэгдэл бичих