Цагаан сараар гурван хоног амрах хуулийн төслийг дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдрийн үдээс өмнөх хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга, Үндэсний их баяр наадмын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн хэлэлцэв. Харин хуулийн төслийг санаачлан өргөн барьсан гишүүдийн нэг болох гишүүн Г.Батхүү төсөл санаачлагчдын саналаар уг хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг түр хойшлуулах санал гаргасныг гишүүн М.Энхболд дэмжлээ. Ингээд төсөл санаачлагчдын саналын дагуу хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг түр хойшлууулахаар болсон юм.
Үүний дараа нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээр болж, төсөл санаачлагч гишүүн Су.Батболд танилцуулга хийлээ. Цагаан сар нь манай өвөг дээдсийн үе улиран уламжилж ирсэн төрт ёсны хамгийн том баяр. Одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд Цагаан сарын шинийн нэгэн, хоёрны өдрүүдэд бүх нийтээр амрахаар заасан боловч өргөн уудам нутагт тархан суурьшсан манай иргэдийн хувьд ахан дүүсийнхээ амар мэндийг мэдэн учран золгоход хоёр өдөр цөөдөж байна гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ. Тиймээс цаг хугацааны хүчин зүйлс, уламжлалаа харгалзан үзэж Цагаан сарын баярыг бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх амралтын өдрийг нэг өдрөөр нэмж, нийтдээ гурван өдөр амрахаар хуулийн төсөлд тусгасан байна. Төсөл санаачлагчын танилцуулгатай холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй тул санал хураалт явуулж, хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

Ц.ОЮУН

URL:

Сэтгэгдэл бичих