“Ногоон нам” дэлхийд Монголоо “шантаажлав”
Ногоон нам “бурхан” болоод хэд хонолоо.
Уул нь үхүүлэхгүй гэж О.Бум-Ялагч, А.Саруул нар их л тэрчилсэн юмсан. Эрүүл саруул ид гялалзаж явхад нь Д.Энхбат гэдэг “эзэн хаан” нь үхлийн тариа шахчихсан нь хэрүүл маргааны уг үндэс, иш соёо болов.
Хэрэлдэхэд учир бий. Тэр Ногоон байна уу? Цагаан байна уу? Хамаагүй. Далимдуулж байгаад овоо хэдэн хатуу юм тогшчих санаа нэг муу юм байнаа байна. Томхон шиг “шантааж” хийх нь л чухал. Ингээд л зүв зүгээр явж байсан намаа татан буулгахаар дургүй нь хүргээс ч яахав. Дургүй нь хүрсэн учир арга ухаан сийлж гарлаа. Албан бус “Их хурал” хийгээд Улсын дээд шүүх “май” гэлээ. Талбай дээр жагсаж үзлээ “газар авсангүй”. Хэвлэлийн бага хурал дээр нь лоозон барьж ориллоо “явсангүй”. Тэгээд яах ёстой гэж? Том дуулиан шуугиан тарих ёстойгоо хэн хэн нь ухаарлаа.
Ийнхүү нэгэн гэгээн өглөө хүмүүс ажилдаа яарч, хүүхдүүд цэцэрлэгтээ бужигнасан өдөр дэлхийн хэвлэлүүдээр нэгэн зэрэг “Монголд цөмийн хаягдал булшлах нь” гэсэн мэдээ хуурай өвсөнд гал тавьдагтай ижил гарлаа.
Юм бүхэн учир жанцантай тул Д.Зоригт сайдын үйл явдалтай зэрэгцүүлэх “нарийн ухаан” гаргахаа огт мартсангүй. Эгзэгтэй цагийг хүлээнээ гэдэг чинь энэ.
Төр засагт ажиллаж буй нөхөд сайдаасаа авхуулаад асуудалд нухацтай хандан, хэн хэзээ хэнтэй ямар учираас яах гэж ингэж ярив юу болов гээд л самнаж гарлаа. Гэвч Монголын төр хайгаад хайгаад олсонгүй. Улс төрчидийн “сүн далайгаас гарсан сувд” болох нь нэгэнт ойлгомжтой болж таарлаа.
Мэдээж эхлээд А.Саруул гэгч дэлхийн ногоон намуудруу захидал бичижээ. Монгол улс өөрийн нутаг дэвсгэр дээр Фукушимагийн цөмийн хорт хаягдалыг булшилна үүнийг нь АНУ, Тайвань дэмжиж буй мэтээр үлгэр зохиов. Үүний араас О.Бум-Ялагч Ногоон намын тугийг барьж Японы элчин сайдын яамруу дайрав. Япончууд мэл гайхаж цэл хөхрөн юу болоод байгааг ч ойлгосонгүй.
Дараагийн “точик” нь байгаа онох ёстой тул ИЗ-НН ын дарга Энхбат, Оюун нарыг энэ гэрээг дэмжсэн санаачилсан болоод явж байна. Үүнийг нь ойлгосон Д.Энхбат, С.Оюун нар толгой сэгсрэн гайхаж хэлэх ч үгээ олохгүй сууна. Мэдээж том улс төр хийж дэлхийн тавцанд Монгол гэдэг ариун нэрэн дээр цөмийн хаягдал гэдэг “баасыг” амжилттай наалаа. Гэвч Монголчууд одоо л учирыг нь олж хужирыг нь тунгаан, зохиомол хэргийн “авторуудыг” харж байна.
Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэж. Монголын улс төрийн “шантаажчидад” Монголын төр засгийн гадаад нэр хүнд, Монгол хүнийг үнэлэх олон улсын үнэлэмж зэрэг огт хамаагүй зөвхөн өөрсдийн эрх ашигийг гүйцээж байх нь л “барав” болжээ. Үлгэр бүхэн сайн сайхнаар төгсдөгийн адилаа “Цөмийн хаягдалын үлгэр” сайхан төгсч байна. Учир нь олдлоо. Улс төржин өөрийгөө тоолгох гэсэн зарим нэгэн нь хааяа нэг сөхөхөөс хэтрэхгүй үлгэр ингэж жаргаваа.
Н.Даваасүрэн
URL:












