Ард түмнээ бодоорой, тариаланчид аа!

үр тариа(1)-Нэг кг гурилын бөөний үнэ 700 төгрөг болох нь-

Гурил үйлдвэрлэгчид 200 гаруй мянган тонн улаанбуудай худалдан авчээ

Тарихаасаа борлуулах нь хүндрэлтэй байсан тариалан эрхлэгчид энэ жил борлуулалтын сүлжээтэй болж чадсандаа сэтгэл хангалуун байна.

Сүүлийн хэдэн жилд гурил үйлдвэрлэгчид үтрэм дээр очиж улаанбуудайгаа үзээд харилцан үнэ тохиролцож байсан удаагүй. Харин энэ жил тариаланч, гурил үйлдвэрлэгчид хоорондоо зах зээлийнхээ жаягт нийцсэн үнийг тохиролцон наймаалцаж чадсан гэнэ.

Тариалан эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Пэрэнлэй “Бидний хэрэглээ их өөрчлөгдөөд байна шүү дээ. Тухайлбал, ҮХААЯ жилд 240-250 мянган тонн гурил хэрэглэнэ гэж тооцдог. Энэ нь 1980-1990 оны нэг хүн өдөрт тэдэн грамм гурил иднэ гэдэг тооцоонд үндэслэсэн тоо. Үүнийг би хоцрогдсон гэж боддог. Өмнө нь нэг шуудай гурилаар долоо хонодог байсан бол өнөөдөр өөр хүнсний бүтээгдэхүүнээр орлуулдаг болчихсон. Гурил үйлдвэрлэгчдийн гаргасан судалгаагаар бол жилд 170-190 мянган тонн гурил хэрэглэнэ гэж тооцсон байдаг. Үүнийг би бодит тооцоо гэж үзнэ. Яагаад гэвэл, гурил үйлдвэрлэгчид одоогоор 200 гаруй мянган тонн улаанбуудай худалдаж аваад байна” гэлээ.

Энэхүү 200 гаруй мянган тонн улаанбуудайгаар 140-150 мянган тонн гурил үйлдвэрлэх боломжтой аж. Энэ жил зах зээлд улаанбуудайн илүүдэл байгаагүй учир борлуулалт сайн байжээ. Мөн өнгөрсөн жилийн улаанбуудайн үлдэгдэл нь 30-40 мянган тонн бий гэнэ.

Нэг кг гурилын бөөний үнэ 700 төгрөг болох нь

Төр муу менежер гэдгээ дахиад л баталчих шиг боллоо. Уг нь Засгийн газрын хэрэгжүүлж буй “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд гурил үйлдвэрлэгчдэд 48.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлтэй зээлийг өгсөн. Ингэхдээ кг гурилын үнийг 550 төгрөгт тогтвортой барина гэдэг гэрээ хийжээ. Гэвч энэ тоо цаасан дээр үлдэж, төрийн тогтоосон үнийг гурил үйлдвэрлэгч, тариалан эрхлэгчид дундаа хийгээд хавсайдчихав.

Тариалан эрхлэгчид “Сүүлийн гурван жилд кг гурилыг 550 төгрөгөөр авч идлээ шүү дээ. Бодит хөдөлмөр шингэсэн үнээр гурилаа үнэлэх хэрэгтэй. Үнийг хэтэрхий баривал газар тариалангийн салбарын хөгжилд сөргөөр нөлөөлнө. Гурилын үнэ өслөө гэхэд 700 төгрөгөөс хэтрэхгүй” гэж ярьцгааж байна.

Өөрөөр хэлбэл, кг гурилын бөөний үнийг 700 төгрөг, улаанбуудай тонн нь 400 мянган төгрөг гээд зах зээлийн нийгэмд бодит үнэ яримаар байна гэдэг саналыг гаргалаа, цаадуул чинь.

Гэтэл төрөөс хатуу тогтоосон үнэ тулгаад байгаа юм байх. Тариаланчид тонн нь 280 мянган төгрөг байсан улаанбуудайн үнийг 400 мянган төгрөг болгон өсгөжээ. Харин үйлдвэрлэгчид гурилаа кг-ийг 700 төгрөгөөр үнэлэх нь. Энэ нь эцэстээ хэрэглэгчийн нуруун дээр үнийн өсөлтийн дарамт болж буух нь ойлгомжтой.

Ард түмнээ бодоорой!

Сүүлийн 2-3 жилд гадаадаас ихээхэн хэмжээний хямд үнэтэй гурил импортолсноос тариаланчид улаанбуудайгаа борлуулж чаддаггүй байсан. Харин одоо “хуучны юм ул болж, шинэ юм зул болно” гэгчээр зах зээлийнхээ үнийг өөрсдөө тогтооно хэмээн том дуугарч сууна.

“Тунгалаг Тамир” кинонд Хонгор Цахиур Төмөрөөс “Ах аа, намайг бодоорой” гэж гуйдаг шиг “Ард түмнээ бодоорой, тариалан эрхлэгч, гурил үйлдвэрлэгчид минь ээ”. Түмний төсвөөс ч бас тариалангийн салбарын хөгжлийг дэмжсэн л байх. “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэдэгсэн дээ.

Г.Ганчимэг

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих