Сар шинээр Замын цагдаагийн газрын 443 албан хаагч 214 цэгт ажиллав
Сар шинийн баярын өдрүүдээр нийслэлийн Замын цагдаагийн газрын 443 албан хаагч 214 цэгт 2 ээлжээр уртасгасан цагаар үүрэг гүйцэтгэж, гэр хорооллын гудамж замуудад хөдөлгөөний зохицуулалт хийж, түгжрэлийг бууруулахад онцгой анхаарч ажиллажээ.
Сар шинээс өмнө хөдөлгөөний ачаалал ихсэх үед урсгал сөрж явах зөрчил гардагтай холбогдуулан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс Баянхошууны Хөтлийн зам, нэгдүгээр хорооллын арын зам, Хилчин хотхоны зүүн тал, Дарь эхийн уулзвар зэрэг хэд хэдэн байршилд хөдөлгөөний урсгал тусгаарлах хаалт байрлуулжээ. Мөн замын зорчих хэсэг нь эвдэрсэн Баянхошуу, 3, 4 дүгээр хорооллын замыг шороогоор дүүргэж тэгшилжээ. Түүнчлэн нийслэлд цас орж, хальтиргаа гулгаа үүссэн учраас нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” болон дүүргүүдийн тохижилт үйлчилгээний газрууд 3,4 дүгээр хороолол, Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Дарь эх зэрэг ачаалал ихтэй, өгсүүр замуудын хальтиргаа гулгааг арилгаж, давс, бодис цацан шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.
URL:












