”Үхэл”-ийн тусламж
Манай улс зах зээлийн эдийн засагт шилжсэн цагаас хойш 20-иод жилийн хугацаанд гурван тэрбум гаруй ам.долларын зээл авчээ. Мөн хоёр тэрбум орчим ам.долларын буцалтгүй тусламж хүртсэн байна. Өөрөөр хэлбэл, улсын төсвөес давсан зээлийн өртэй болжээ. Нийт зээлийн 80 орчим хувийг Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк болон Япон улсаас авсан байдаг аж.
Гэхдээ зээлийг урт хугацаанд үр дүн нь мэдэгдэх дэд бүтэц, боловсрол болон эрүүл мэндийн салбарт түлхүү зориулсан гэдэг тайлбарыг холбогдох албаны хүмүүс хэлдэг. Олон улсын санхүүгийн байгууллага болон хандивлагч орноос хөнгөлөлттэй гэдэг нэрийн дор авдаг зээл 0.75-3.0 хувийн хүүтэй байдаг байна.
Өнгөрсөн онд гэхэд гадаад зээлийн үндсэн төлбөрт 74 тэрбум, хүүгийн төлбөрт 29 тэрбум төгрөг, нийт 103 тэрбум төгрөг төлжээ. Энэ мэтээр жил бүр Засгийн газар манай улсын гадаад зээлийн төлбөр болох 100-120 тэрбум төгрөгийг хуваарийн дагуу төлсөөр иржээ. Засгийн газрын гадаад зээлийн эргэн төлөлтийг 2011 оны төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 2012 онд хоёр, 2013 онд гурав дахин өсөх хандлагатай байгаа ажээ.
Ойрын жилүүдэд энэ төвшинд төлбөр хийгдэх бол 2020-2025 оны үед гадаад зээлийн төлбөр болон хүү нь дээд хэмжээнд хүрэх тооцоо гарчээ. Энэ бүх гадаад улс орноос авсан зээл нь Монгол Улсыг үхлийн замд дөхүүлэх тусламж болжээ. Өдгөө гадаад зээлийн хэмжээ үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн эсэх дээр эдийн засагчид болон улс төрчдийн хооронд маргаан дагуулсаар байгаа. Сангийн яамныхны зүгээс гадаад өр зээлийн хэмжээ ДНБ-ий 40 хувиас хэтрээгүй бол хэвийн гэсэн тайлбарыг өгдөг.
Харин нөгөө талаас өрийн хэмжээ өсөх нь эдийн засагт дарамт учруулна гэдэг. Мөн тэдний зүгээс зарим зээлийг хугацаанаас нь өмнө төлж барагдуулах шаардлагатай хэмээдэг. Хэдийгээр жижиг зах зээл, эдийн засагтай хэдий ч эдийн засаг бол улс орны хөгжлийн тулгуур гэдгийг хүн бүр мэддэг, ойлгодог биз ээ. Гэхдээ манай улсын эдийн засаг дизелийн хомсдол зэргээс үүдэн уналтад ороход гадаад өрийн хэмжээ бүр л ихсэх нь лавтай.
Засгийн газрын гадны улс орнуудаас зээл авах бүртээ холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлж, УИХ-ын нэгдсэн чуулганаас гарсан шийдвэрийн дор хэрэгжүүлдэг журамтай. Харин УИХ-ын зүгээс гадаад зээлийн хэмжээ ДНБ-ий 30 хувиас хэтэрсэн байдлыг сонсоод, тайвширч болохгүй хэмээн сануулга өгөхөөс хэтрэхгүй байгаа нь хачирхалтай. Үүний зэрэгцээ манай улсад үзүүлсэн гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ гурван тэрбум ам.долларт хүрснийг албан ёсны тусламжийн хэмжээнд одоо л хүрч байна гэдэг.
Гэхдээ манай УИХ, Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалт гэхээсээ илүүтэй гадаадын зээл тусламжид дулдуйдсаар байгаа нь сонин. Хоёр жилийн өмнө Грек улсын эдийн засаг тогтворгүй болж, гадаад өрийн хэмжээ нь хэтэрхий их гарсан тухай олон улсад шуугиж байсан билээ. Тухайн үед тус улсын төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 13.6 хувьтай, гадаад ер нь 115 хувьтай тэнцэж байсан талаар хэвлэлүүдэд мэдээлж байв. Гадаад өрийн улмаас үндэсний аюулгүй байдал нь хэцүүдсэн Грект Европын холбоо, Олон улсын валютын сан тусламж үзүүлэн зээл олгож байв. Гэхдээ хариуд нь төрийн байгууллагын ажилчдад цалингийн нэмэгдлийг зогсоох, түлш, шатахуун, согтууруулах ундаа, тамхины татварыг нэмэх, НӨАТ-ыг нь хоёр хувиар өсгөх, хууль бус барилгын ажлыг зогсоох зэрэг төсвөө танах болзол тавьсан байдаг.
Эдийн засгаа өөд нь татахын тулд зээлийн барьцаанд орсон Грекийн эрх баригчдын зүгээс төсвийн зардлыг танаж, нийгмийн халамжийн салбар дахь мөнгөний бодлогоо хумих шийдвэр авахаас өөр аргагүй байдалд орсон нь гарцаагүй. Гэхдээ гаргасан шийдвэр бүр нь грекчүүдийн дургүйцлийг төрүүлж, цөөнгүй жагсаал цуглаан хийж, бүх нийтийн ажил хаялт зарлаж байсан билээ. Грекийн санхүүгийн хямралын шалтгаан нь Европын холбооноос тавьдаг Засгийн газрын өр тухайн санхүүгийн жилийн эцсийн ДНБ-ий 60 хувь, Засгийн газрын төсвийн алдагдал ДНБ-ийхээ гурван хувиас илүү гарч болохгүй гэсэн хоригийг зөрчсөн байсных гэдэг.
Муу ёрлож байгаа биш хэдий ч манай улсад Гректэй адил хувь тавилан нүүрлэхэд ойрхон болоод байгаа нь нууц биш. Гэтэл Засгийн газар хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагаас 2012 онд 150, 2013 онд 180, 2014 онд 200 тэрбум төгрөгийн гадаад зээлийг авч ашиглахаар төлөвлөсөн нь хачирхалтай. Үхтэл үхэр буугаа тавихгүй гээгүй л юм бол гадаад зээлийн хзмжээгээ өсгөх бус бууруулах нь аминд өлзийтэй баймаар юм даа.
Д.Навчаа
URL:













