Хөшөө босгохын оронд мод тариасай
Жил бүр аль нэг аймаг, сумын ой болж наргиж наадах завшаан тохиодог. Өнгөрсөн жил л гэхэд Архангай, Төв, Завхан, Хэнтий аймгийнхан 90 жилийн ой тэмдэглэсэн. Ой тэмдэглэх болохоороо манайхны ганц сайн хийж чаддаг ажил нь хөшөө босгох. Хэн нэгэн алдартны хөшөө дурсгал босгоогүй аймаг бараг үгүй. Хэдэн тэрбум төгрөгийг хэнэг ч үгүй хөшөөнд зарж орхидог, шавар баримал босгохдоо гар татдаггүй дарга олон. Бүтээн байгуулалтыг хөшөө босгох гэж ойлгодог дарга ч бий. Энэ жил мөн л цөөнгүй сум 90 жилийн ойгоо тэмдэглэхээр зэхэж буй сурагтай байна. Тэмдэглэлт ой, хурим найр гэхээр хөл хөөрцөг болцгоодог тэр л заншлаараа эртнээс бэлтгэлээ базааж эхэлжээ.
Нутгийн зөвлөлөөсөө хандив нэхэж хаа сайгүй тоглолт зохион байгуулаад л сүйд. Төв аймгийн Угтаалцайдам, Баян, Баянцагаан сумынхан 90 жилийн ойгоо угтаад олон хөтөлбөр боловсруулж байгаа юм байх. Чамгүй мөнгө хэрэгтэй болохоор эртнээс хандив цуглуулж буйг нутгийнхан нь сонин болгон ярилаа. Харин “Ойгоо үр бүтээлтэй тэмдэглээсэй хөшөө битгий босгоосой” гэж зарим настан санаа зовниж суусан.
Гэхдээ энэ жил тохиох хамгийн чухал тэмдэглэлт ой нь Монгол Улсад ой модны салбар үүссэний 90 жил. Энэхүү түүхт ойгоо тохиолдуулан 90 мянган мод тарина гэдгээ салбарын яамныхан нь амлаад байгаа. Харин эл нүсэр ажлаа 90 жилийн ойгоо тэмдэглэж буй сумдынхнаар хийлгэвэл ямар вэ. Сум бүр ойгоо угтаад мод тарих аян өрнүүлж болно шүү дээ. Хэрэггүй хөшөөнд хэдэн тэрбумыг зарснаас мод тарих, цэцэрлэгжүүлэх ажилд зарцуулбал цөлжилтөөс хамгаалахад чухал алхам болох бус уу. Зарим нэг сумынхан ойдоо зориулаад мод тарина гэсэн сайхан мэдээ дуулгаж байгаа. Говийн нэгэн сум чацаргана тариална гэдгээ ярьсан байсан. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумынхан л гэхэд энэ жил цөөнгүй мод тарьж ойжуулахаар төлөвлөөд байгаа юм билээ.
Сум бүр цэцэрлэгт хүрээлэнтэй болчихвол иргэдийнх нь нүл баясаад тааламжтай байхсан. Дэлхийн хөгжилтэй орнууд ногоон байгууламж, цэцэрлэгжилтийг нэгдүгээрт тавьдаг. Харин манайхан хөшөөг илүүд үзэх юм. Арчилж тордоход амаргүй ч гэлээ ногоон ирээдүйг сонгоосой.
Б.ГАНАА
URL:













