Ядраагүй л бол суудаггүй цэцэрлэгт хүрээлэн
Амралтын өдрүүдэд Зайсан, Маршлын гүүр орчимд очвол бага хэмжээний наадам болж байгаа мэт дүр зургийг харж болно. Гэр бүл, найз нөхдөөрөө сүүдрэвч дор тухалж, мах шарах хүмүүс алхам тутамд таарна. Харин Үндэсний цэцэрлэгт хүрээлэн амралтын, ажлын гэлтгүй өдөр бүр хөл хөдөлгөөн ихтэй байна. Хотын төвөөс ойрхон, ороход тасалбар авах шаардлагагүй бөгөөд хүүхэд тоглох боломжийн талбайтай тул энэхүү цэцэрлэгт хүрээлэнг зорих хүмүүсийн тоо ихэсчээ.
Тэнд тэргэндээ унтах бяцхан хүүхдээс эхлээд азай буурлууд очиж амрах болжээ. Хүүхдүүд дугуй, ролк, скейт гээд өөрсдийн хэмжээнд бэлтгэлээ базаан очиж тоглодог юм байна. Харин зарим нь тэнд үйлчилгээ явуулж байгаа хүмүүсийн тоглоомоос түрээслэн тоглоно. Тухайлбал, автомат жолоодлоготой хүүхдийн машин таван минут нь 3000 төгрөг, удирдлагатай хүүхдийн машин 2500 гэх мэтийн ханштай аж.
Хүүхзд мөнгөний учрыг мэдэхгүй
Түрээсийн үйлчилгээнээс гадна уг цэцэрлэгт хүрээлэнд худалдаа эрхлэх хүмүүс бий. Тэд ус, ундаа, хүүхдийн тог-лоом, шаар гэх мэт зүйлсийг зарна. Тиймээс баяр болж байна уу гэмээр л хүүхэд бүр шаар барин гүйлдэнэ. Гэхдээ худалдаалж байгаа үнэ нь хэт өндер байгаа тухай хэлэх хүнтэй цөенгүй таарав. Учир 0.5 литрийн ус 1000 төгрөг, ундаа 1500-2000 төгрөг гэх мэт ханштай байна. Харин үлээж хөөс гаргадаг тоглоомууд савлагаанаас шалтгаалаад 1000-3000 төгрөг. Шаар 1500-3500 төгрөг гэх мэт. Энэ мэтчилэн зарим тоглоомууд нь 10000 төгрөг ч хүрсэн байх жишээтэй. Тиймээс зарим хүмүүс “Уг нь хүүхдээ салхинд гаргая л гэж ирлээ. Айлын хүүхэд тоглоом авахаар дагаад нэхэх юм. Харин үнэ нь хэт өндөр юм аа” хэмээн хоорондоо ярилцана.
Нээрээ л худалдаа эрхэлж байгаа хүмүүс хүүхэд уйлаад авья гэвэл авч өгөхгүй яахав дээ гэсэн байртай харагдана. Худалдаа хийж байгаа хүмүүсийн хажууд түр зогсоход машинаас бууж ирэх хүүхэд бүр тоглоомоос авах гэнэ. Бүр зарим нь аваад зугтана. Энэ бизнес ашигтай бололтой гэмээр худалдаа хийж байгаа хүмүүс аль болох зогсоолтой ойр зогсох гэж талбайгаа булаацалдан муудалцаж байгаа ч нь харагдсан.
Гэр бүлийн дугуй эрэлттэй байна
Худалдаа хийж байгаа хүмүүсийн цаана дугуй түрээслэх байр бий. Багачууд шаар авах гэж уйлж байхад арай томчууд нь дугуйн дээр дугаарлана. Дугуйг түрээслэн цэцэрлэгт хүрээлэнгийн асфальтан замаар нэг тойроход 15 орчим минут зарцуулдаг байна. Залуу хосууд хосын дугуй авч байхад гэр бүлээрээ явж байгаа хүмүүс том дугуйг нь унах сонирхолтой байв. Уг том дугуйнд дөрвөн хүн суух боломжтой аж. Хүүхдээ амраахаар ирсэн эцэг, эхчүүд энэ дугуйг сонгоно. Тиймээс уг дугуйг унахын тулд цаг орчим хүлээх шаардлага гардаг байна. Түрээсийн үнэ нь 7000 төгрөг. Харин хосын дугуйг унахад 3000 төгрөг төлөх шаардлагатай юм билээ.
Бантан байвал ч…
Хүүхдүүд хөөс хөөн гүйж, томчууд дугуй унаж хүүхдээ тоглуулсаар ядарчихлаа. Тиймээс салхины дээрээс үнэртэх шорлог тэдний анхаарлыг татна. Үнэ нь боломжийн учраас хуушуурнаас илүүтэй шорлог идэх хүн олон аж. Учир нь хуушуур, пирожки ширхэг нь 1000 төгрөг, халуун кофе 2000 төгрөг гэнэ. Өөрийгөө аваад явчих хэмжээнд хүрсэн хүүхдүүд ч шорлог, пицца, хуушуур идээд ходоодоо аргалчихна. Харин тэргэн дээр суух багачуудад идэх юм олдохгүй болохоор ах, эгч “Дүү нь өлсөж байх шиг байна” гэдэг шалтгаанаар гэр рүүгээ харих боллоо. Хуушууранд дугаарлаж байх зуур энэ явдал болсон юм.
Бяцхан жаалхүү “Ээжээ жаахан тоглож байгаад явья л даа, тэгэх үү” хэмээн уйлагнана. Харин ээж нь “Болохгүй ээ. Дүү нь өлсөөд уйлж байна. Гэр рүүгээ харья. Замд түгжрээд одоо явахгүй бол болохгүй” хэмээн хүүг зэмлэнэ. Эмээ нь бололтой тэр гурвыг дагаж явсан хүн “Энд бантан байдаггүй юм уу. Уг нь амралтын газар баймаар юм. Энд чинь янз бүрийн л хүн ирнэ шүү дээ” хэмээн бувтнасаар.
Амрагчид ч үүнийг хараад нэг дуугаар “Ийм хоол хийж байхаар аятайхан хоол хийвэл дээр шүү дээ. Нэг ирснийг уг нь жаахан байж байгаад явбал” хэмээн ярилцсан юм.
Олон тоглоом байвал ямар гоё вэ
Ингээд л явах нь явж зарим нь үлдэнэ. Харин түргэн хоолны буфетны цаагуур хүүхдүүд бие биенийгээ дуудах нь харагдав. Сонирхон харвал “6D кино” гэсэн автобус байв. Дугуй унах хүүхдүүд тэр автобус руу гүйлдэнэ. Тэнд “6D”-ээр кино үзүүлдэг байна. Нэг хүний үйлчилгээний хөлс нь 3000 төгрөг. Сонирхсон хүүхдүүд аав руугаа гүйж цуг кино үзнэ. Бүр зарим нь цаашлаад өөр сонирхолтой тоглоом сураглав.
Хүүхэд, залуусын очих дуртай болсон газрын нэгт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хэдийнэ орох болжээ. Харин тэр орчимд хийж байгаа барилгын ажил иргэдэд хүндрэл учруулж байгаа нь ажиглагдсан юм. Тиймээс хүмүүс барилгын ажлыг дуусвал, цагийг зугаатай өнгөрүүлэх газартай болох байх гэсэн мөрөөдөлтэй байлаа. Түүнчлэн тусхүрээлэн модон бие засах газартай аж. Уг нь тохилог нийтийн нойл байгаа хэдий ч ажилладаггүй юм байна. Тэгэхээр зарим хүмүүс хүний нүд хариулж байгаад “морь харчих” тохиолдол ажиглагдаж байв.
Энэ мэтээр тоглож байхад хэдийнэ орой болжээ. Гүйлдэж ядарсан хүүхдүүд ч сандал ирээд тухлах нь тэр. Харин дараагийн ээлж гэмээр хүүхдүүд машинаас бууж шаарны зүг гүйлдэнэ.
Г.БАЯРЦЭЦЭГ
URL:













