СОЛОНГОС “ЖАВХАА”
“Монгол цэргийн жавхаа” хэмээх уралдааныг хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Уг зорилго нь Улаанбаатар хотын цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги хамт олныг шалгаруулах арга хэмжээ л дээ. Шагнал нь өндөр байсан. Эхний гурван байрт шалгарсан ангийн захирагч нарт хоёр өрөө байр өгсөн юм билээ. Цэргүүд нь мэрийгээд харин дарга байраар шагнуулдаг нь сонирхолтой. Гэвч тэр жагсаал дээр түүнээс ч гаж явдал болсон юм.
Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийнхөн малгайгаа шидээд, хар нүдний шил зүүгээд Солонгосын РЗҮ хэмээх дуучны Ганнам стайл хэмээх бүжгийг хийсэн. Цахим сүлжээгээр тэднийг шүүмжилсэн материал өчнөөн гарлаа. Гэвч хамгийн харамсалтай нь тэдгээр мэдээллийн доор “Ямар сүртэй юм. Зүгээр л байсан ш дээ”, “Шал уйтгартай жагсаал болж байхаар энэ нь сайхан байсан”, “Шинийг санаачилж байхад зүгээр л хүлээж аваач” гэх мэт өмөөрсөн сэтгэгдлүүд нэлээд зайг эзэлсэн байна лээ. Ирээдүй хойч гадаадын соёлын довтолгоонд өртөж ямар хүмүүс болж иргэншиж байгаа нь эндээс харагдаж байна.
Аливаа зүйл өөрийн хэм хэмжээтэй. Арми бол сахилга хатуужил, эх оронч үзлийг түгээдэг, хамгаалдаг байгууллага биш үү. Гэтэл тэгтлээ бахархаад байдаг эзэн богд Чингэс хааныхаа талбай дээр хөшөө рүү нь хараад эр цэргүүд нь гадны гаж бүжгийг салбаганаж байгаа нь таалагдсангүй. Морьтон монголчуудын удам ингэж моодогнож зогсоо нь муухай харагдсан.
Энэ бол ардчилсан нийгэм. Хэн ч бусдын эрхийг зөрчихгүй бол юу ч хийж болно. Гэхдээ цэргийн жагсаалын хувцастайгаа малгайгаа авч шидээд харийн бүжиг бүжих нь зохисгүй. Япончууд монгол бөхийн зодог шуудагтай порно хийснээс энэ юугаараа дээр юм бэ. Үлээвэр хөгжмөөр гайхамшиг үзүүлмээр байсан юм бол жалам харын аяыг тоглож бие биелгээ хийж болох л байлаа. Үүх түүхийг нь үгүйсгээд өөрийн болгочих гэсэн их гүрнүүд эргэн тойронд бий. Үндэсний бахархалт зүйлсээ өөрсдөө хамгаалж аливаад бодолтой байх цаг ирчихээд их удаж байгаа шүү.
Ж.Энх
URL:













