Арван жилийн сурагч согтуурсан үедээ хүний амь хөнөөжээ (анхааруулга мэдээ)

Kid-Handcuffs

Зургадугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө буюу 00:58 минутад Чингэлтэй дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт 30-35 орчим насны эрэгтэй хүн гаднаа гэмтэл шархгүй нас барсан байна. Цогцсонд хийсэн задлан шинжилгээгээр гадны нөлөөтэй амиа алдсан болох нь тогтоогджээ. Тиймээс Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид хэрэгтнийг илрүүлсэн байна. Гэмт хэрэг үйлдсэн Т нь 11 дүгээр ангийн сурагч юм байна.

Тодруулбал, хэрэг болсон тэр шөнө 16-18 насны таван залуу гудамжинд архидан согтуурч, хоорондоо маргалдаж, улмаар хоёр нь хоорондоо зодолдож байсан байна. Гэтэл таван залуугийн нэг болох 1995 онд төрсөн Т гэгч хүний аминд хүрсэн байна. Талийгаач Б нь тэр орой ажлынхаа нэг залуутай хамт пиво ууж сууж байгаад шөнийн 00.50 минутын орчим гэр лүүгээ харихаар найзаасаа салж яваад ийнхүү халдлагад өртөж харамсалтайгаар амиа алджээ.

Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаатай холбоотойгоор залуус бөөнөөрөө архидан согтуурч, зодоон цохион хийх хэрэг сүүлийн хэд хоног цагдаагийн байгууллагад бүртгэгдэх болжээ. Улмаар дөнгөж 16-гаас 19-тэй насанд хүрээгүй хүүхдүүд олноороо шөнө орой гудамж талбайд танхайрч, хүний аминд хүрч явж байхад эцэг эхчүүдийн хараа хналт тавих хэрэгтэйг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих