ГАР УТСААР ИРСЭН МУУ ЁРЫН САНУУЛГА

548Шөнө дунд шүлэг нойрондоо умбаж байх үеэр утас хангинахад дуртайяа босож, баяртай гэгч нь утсаа шүүрэн авдаг хүн туйлын ховорхон. Нойрмоглон нүдээ хагас дутуу нээж, амандаа хараал тавин, утсаа шүүрмэгцээ авах ч хүсэлгүй шууд л тасалж, унтрааж орхих нь дийлэнхи. Харин ил далд элдвийг сэдэж, хийж явдаг сэжиг түгшүүр ихтэй хүмүүс л утсаа шүүрэн авмагцаа, ямар нэг онцын чухал шаардлага гарсан байж болзошгүй хэмээн утасныхаа товчлуурыг гялс дардаг болой.

Намхай хэмээх залууг яг жилийн өмнө нэгэн шөнө унтаж байтал 03 цагийн үед гар утас нь учиргүй хангинан дуугарчээ. Намхай барилга дээр ажилладаг учраас юуны өмнө нойрмог тархинд нь барилга дээр маань янз бүрийн гал түймэр гарсан юм биш байгаа гэсэн бодол төрж, өндийн босоод утсаа шүүрэн авсан байна. Тэгтэл утасных нь цаанаас нэг л хачин хүйтэн, хөндий хонгилд инээж байгаа юм шиг цуурайтсан дуу гарснаа “Намхай юу, ха ха ха… Нойрыг чинь сэрээчихэв үү? Зүгээр, зүгээр. Чи хойшдоо ахиад бүр ч олон удаа шөнө дунд энэ утасны дуудлагаар өндийж сэрэх болно. Маргааш орой яг өдийд дотнын ганц найз чинь автомашины ослоор өөд болох гэж байгаа талаар сайхан мэдээ чамд дуулгаж баярлуулах гэсэн юм. Амжвал найздаа анхааруулаарай л даа. Амжихгүй бол хохь нь” гэснээ хүнгэнүүлэн цуурайтуулсаар инээх дуу гарчээ.

Намхай “Новш оо, битгий утсаар тоглоод байгаарай. Хэн юм бэ, чи? Ална шүү” хэмээн нойроо харамласандаа ууртай гэгч нь хашгираад, утсаа шидэн буцаад хэвтээд өгчээ. Гэхдээ утсаа унтраалгүй хажуудаа хаячихаад хэвтсэн юмсанж. Түүнийг эргээд яг сайхан зүүрмэглэж байтал, утас нь ахиад л хангинан дуугарсан байна. Дугаарыг нь харах гэсэн боловч нууцалсан дугаар байсан учир Намхай “Хэн нэг танил нь дугаараа нууцалчихаад Намхайгаар тохуурхан нойрноос нь сэрээж байгаа нь лавтай” гэж бодоод, утсаа ууртай гэгч нь шүүрэн авч “Новш оо, яах гээд надаар тоглоод байна аа. Хохь нь шүү гэж би чамд хэлсэн биз дээ” гэж хашгирах үед цаанаас нь “Маргааш шөнө яг өдийд сайн найз чинь автын ослоор цаашаа харна гэдгийг би чамд анхаарууллаа шүү. Аан ха ха ха…” гэж инээсээр байсан аж. Намхай сая л гэнэт дургүй нь хүрч, юу ч ярилгүй утсаа унтрааж дэрэн доогуураа хийгээд, хэвтээд өгчээ. Шөнийн гурван цаг болж байхад нэг сэрчихсэн, билэггүй яриа сонсчихсон хүн буцаад унтана гэдэг хэцүү шүү дээ. Ингээд жаахан бухимдан цухалдаж байгаад ахиад л зүүрмэглэн дунхайж байтал, утас нь дахиад л хангинасан байна.

Намхай энэ удаа утсаа унтрааснаа таг мартсан учраас гялс шүүрэн аваад нэгмөсөн товчийг нь дарж унтраачихаад буцаад л хэвтжээ. “Хэн надаар ингэж тохуурхдаг билээ” хэмээн дотроо бодож хэвттэл, гэнэт дөнгөж сая таг унтраасан утас нь ахиад л хангинан дуугарсан аж. Сая л Намхайгийн зууралдсан нойр хүйтэн ус дээрээсээ гэнэт цацуулсан аятай хулжин алга болох нь тэр. Унтраасан утас гэнэт өөрөө асаж дуугарна гэдэг чинь юу гэсэн үг билээ. Тэрбээр утсаа шүүрч, дотор нь зарсхийсэн ч учрыг олохоор авбал түрүүчийн хахир зэвүүн хяхтнасан инээд тодхон сонсогдож, түрүүчийн үгээ давтан хэлжээ. Намхай энэ удаа ямар нэгэн заналхийлсэн, уурласан өнгөгүйгээр “Өөрөө хэн бэ” хэмээн асуухдаа хоолой нь чичирч байсан аж.

Утасны цаанаас сонсогдох үл мэдэгдэх хахир дуу хоолой “За, би чамд анхаарууллаа шүү. Чи харин найздаа урьдчилаад сануулж амжвал аз чинь, чадахгүй бол хохь чинь” гэснээ л гэнэт утас тасарч нэгмөсөн таг унтарсан байна. Намхай утсаа өөрийнхөө гараар жинхэнээсээ асааж пин кодоо хийгээд нууцалсан дугаар луу буцаан залгах гэж оролдоод барсангүй. Түүний нойр бүрмөсөн хулжжээ. Намхай өөрийнхөө бүх сайн найз нараа нэг бүрчлэн бодлоо. Тэрбээр өчнөөн олон найзтай бөгөөд дотны гэж хэлэх найзуудын тоо нь гарын арван хуруунаас хол давжээ. Гэхдээ яг хамгийн дотнын сайн найз гэж хэнийг нь нэрлэхээ мэдсэнгүй. Бүгд л дотнын сайхан найзууд, бүгд л өөрийнх нь хар багаасаа үерхэж нөхөрлөсөн андууд байлаа. Тэдний алийг нь ч энэ миний хамгийн дотнын найз биш гэж хэлэх аргагүй. Тиймээс тэдний маань аль нэгэнд аюул учрах нь гэдгийг ёрлож, “гарцаагүй хэн нэг дотнын найз нь автын ослоор өнгөрнө” гэдгийг унтраалттай утас өөрөө асаж, үл мэдэгдэх эвгүй дуу хоолой ёрлож хэлсэн шиг санагджээ. Ингээд олныг бодолгүй Намхай утсаараа өөрийнхөө ойр дотнын найзууд руу нэг нэгээр нь залгаж эхэлсэн байна. Шөнийн 04 цаг болж байгаа болохоор тэднээс тун цөөхөн нь утсаа авсан бөгөөд Намхай тэдэнд бүгдэд нь хандан “Маргааш машин унаанд битгий суугаарай. Машинаа битгий бариарай. Ер нь маргаашдаа гэрээсээ гарах ямар ч хэрэггүй. Гэртээ л өнж” гэж хэлэхэд цаадуул нь өөдөөс нь “Яах гэж шөнө сэрээж, утсаар тоглоод байгаа юм бэ. Чи чинь шал согтуу байгаа юм уу, хаашаа юм. Одоо унтаач” хэмээн өөдөөс нь уцаарлаж хэдэрлэцгээж байжээ. Намхай огт тоглоогүй гэдгээ хэлж “Энэ маш чухал зүйл шүү” хэмээн учирлах гэсэн биш, нөгөөдүүл нь бүр ч ихээр уурлан “За за, баярлалаа. Согтуу толгой минь чи чинь хэзээ үзмэрч болчихоо вэ” гэж хэлээд утсаа салгаж унтраагаад байв. Ийнхүү Намхай өглөөний 05 цаг 30 минут хүртэл найз нартайгаа холбогдож, амьхандаа л анхааруулах гэсэн боловч ямар ч амжилт олсонгүй.

Тэрбээр өглөөний 8 цаг 30 минут хүртэл жаал дугхийж, нүдний хороо гаргаад босонгуутаа л шууд л машинаа асаан найз нөхдийнхөө зарим нэгний гэрт очихоор гарчээ. Ажилдаа ч явсангүй. Зарим нэг найзууд руугаа утасдан урд шөнийн утсаар анхааруулсан сануулгыг хэлсэн боловч нөгөөдүүл нь “Өө за за, чиний архи чинь одоо хүртэл гараагүй уусаар л яваа юм уу. Яасан сайн даадаг хог вэ” хэмээн бас л тоглоом тохуу хийж байсан аж. Тэрбээр хоёр гурван найзынхаа гэрт, заримынх нь ажил дээр амжин очиж, өөрийнхөө архи уугаагүй эрүүл саруул явааг ойлгуулаад “Өнөөдөр ямар ч байсан гэрээсээ битгий гар. Нэг бол ажлаасаа бүү гар” хэмээн зөвлөж амжаад ахиад л цаашаа хөдөлжээ. Найзууд нь энэхүү зөвлөгөөг сонсоод Намхайгийн сэтгэл мэдрэл нь эрүүл байгаа гэж дотроо гайхсаар хоцорч, зарим нь бүр хоорондоо Намхайгийн сэтгэцийн байдлын тухай ч утсаар яриад өнгөрчээ. Түүнийг ийнхүү хотын төвөөр хэдэн дотны найздаа очиж хэл хүргэх гэж замын түгжээнд гацсаар явтал их үдийн 13 цаг өнгөрчээ. Гэвч тэрбээр яаж ийгээд явсаар байгаад бүхий л найз нартайгаа             уулзан, өөрийг нь шоолон тохуураж, эвэртэй туулай үзсэн мэт гайхсан найз нартаа анхааруулгаа өгч дуусаад машиндаа суух үед оройн 20 цаг өнгөрч байлаа. Тэрбээр гэртээ хариад сая л нэг юм тайвшран хоолоо идэж байх үедээ утсаа гүйцэд цэнэглэн асааж орхиод “За, ямар ч байсан найз нартаа анхааруулж амжлаа. Нээрээ юмыг яаж мэдэхэв чөтгөр бурхны аль нэг нь зориуд сануулга өгсөн ч юм бил үү, хэн мэдлээ” хэмээн дотроо бодож суусан ажээ. Түүнийг унтахаар зэхэж байх үед шөнийн 00 цаг 15 минут болж байсан бөгөөд энэ үед найз нөхөд нь тасралтгүй утасдан, “За, чамаас болоод өнөөдөр гэрээсээ ч гаралгүй, зарим маань ажлаасаа ч толгойгоо цухуйлгалгүй өнгөрөөлөө. Гэтэл зарим маань зүв зүгээр гудманд гарч, машин тэргээ унаж яваад л ирсэн байна. Чиний наад мэдрэл чинь эрүүл үү? Эмнэлэгт үзүүлнэ байгаа. Нэг их муу сайн тохиолдсон юм алга. Дэмий ажил алдуулж, санаа зовоолоо” гэж бүгд дургүйцэн ярьцгааж эхэлжээ.

Харин яг тэр үед л Намхай гэнэт мөнөөх унтарсан утас асааж ярьсан үл таних дуу хоолой “Яг өнөө шөнийн энэ цагт чиний хамгийн дотнын найзад осол аваарь тохиолдоно шүү” гэж хэлснийг гэнэт санажээ. Ингээд ямар ч байсан шөнийн 03 цаг хүртэл зай байна гэж бодоод ахиад л бүх найз нар луугаа утсаар залган “Би урд шөнийн утсаар хэлсэн анхааруулгын цагийг андуурчихсан байна. Өнөөдөр биш, харин өнөө шөнийн 03 цагт та нарын хэн нэгэнд муу зүйл тохиолдох нь байна шүү. Ээ дээ одоо ердөө хоёр гурван цагийн зай л байна. Та нарын хэн нэг нь битгий л гэрээсээ гарч үзээрэй” хэмээн утсаар тасралтгүй залган хэлж гарсан юмсанж. Гэвч бүтэн өдрийн турш Намхайгийн сануулгыг аваад гэрээсээ ч зарим нь гараагүй хүмүүс “Ахиад л солио өвчин нь хөдөлчихлөө. Энэ яг галзуурч байна шүү” хэмээн хоорондоо ярилцсаар үл тоомсорложээ.

Харин яг хоёр цагийн дараа утсаар хэлсэн сануулга ёсоор биелж, Намхайгийн хар багын унаган ганц найз нь хувийн машинтайгаа халтуур хийж яваад ачааны том тэргэнд хажуу талаасаа шахагдан нялуулж, амиа алдсан харамсалтай мэдээ сонсогджээ.

Энэхүү гэнэтийн ослын дараа Намхайгийн найз нөхөд нь түүний гэнэт далдыг хардаг үзмэрч зөнч болсон чадварыг гайхан биширч эхэлсэн байна. Зарим нь “Ахиад эвгүй мэдээ дуулдвал, явган нүцгэн гүйж ирээд ч хамаагүй дуулгаж байгаарай. Би чиний үгэнд одоо итгэнэ ээ” хэмээн захиж эхэлсэн аж. Тэрхүү хачин үйл явдал болсноос хойш сарын дараа шөнө дундын үед Намхайгийн утас гэнэт хангинан мөнөөх чихарсан хоолойтой хүн “Чиний төрсөн ах чинь хоёр цагийн дараа автын ослоор үхэх гэж байна. Чи анхааруулж чадвал…” хэмээн хэлж дуусаагүй байхад нь Намхай утсаа салган газар дээрхи ганц төрсөн ахынхаа утас руу залгавал “Холбогдох боломжгүй” гэсэн байна. Сандарсан Намхай тэр даруй ахынхаа авгай руу залгавал нэлээд ДУУДУУЛЖ байгаад утсаа авсан бөгөөд ахыгаа асуувал “Сая цагийн өмнө Хөвсгөл орох гээд гарсан ш дээ” гэсэн байна. Намхай хамт яваа хүмүүсийнх, нь утсыг асуусан боловч эгч нь хэлж чадсангүй. Намхай дэмий л машинаа асаан гадагшаа гарч, 22-ын товчоо руу хар хурдаараа хөдөлсөн бөгөөд яаран давхисаар 22-ын товчоо өнгөрөөд Дархан ордог замаар салан хойшоо хар хурдаараа давхижээ. Үл мэдэгдэх хоолойн утсаар зөгнөж хэлсэн хугацаанаас хоёр цаг 20 минут өнгөрч байхад, Намхай Баянчандманийн Хар үзүүрийн толгой хэмээх газар хүрсэн бөгөөд чухам тэнд ахынх нь сууж явсан микро автобус ачааны том машинтай халз мөргөлдөөд 20 минут өнгөрч байжээ. Мэдсээр байж яаж ч чадалгүй хэдхэн хором хожимдсон Намхай үсээ үгтээн зулгааж эхэр татан уйлсан бөгөөд ахынх нь ажил явдал өнгөрснөөс хоёр сарын дараа нэгэн шөнө ахиад л үл мэдэгдэх дугаараас өнөөх хачин хоолой залгаж, “Одоо би чиний үхлийг чамд сануулъя” гэж хэлэнгүүт Намхай шууд л гар утсаа нойлынхоо усруу шидэж, усыг нь татаж орхисон байна. Эргэлдсэн усан дотроос утсаар нь мөнөөх хий дуу хоолой ямар нэг үг хэлж байгаа нь пүл палхийн сонсогдсоор л байсан боловч түүнээс хойш Намхайд ямар ч элдвийн муу зүйл тохиолдоогүй бөгөөд тэрбээр утас огтхон ч хэрэглэхээ больсон аж. Хэрвээ тэр үед би гар утсаар өөрийнхөө үхлийн сануулгыг сонссон бол яаж ч чадахгүй хорвоог орхих байсан. Сонсож чадаагүй учраас л амьд үлдсэн. Мэдсэн бол өмнөх үхлийн тухай ч би сонсоогүй байсан бол найз, ах 2 маань амьд байх байсан даа” хэмээн Намхай өнөөдөр ярьж явдаг билээ.

 

 

 

НОЦТОЙ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих