Хятадууд “СТА” тэмдгийг бөөндөж зарж байна
БНХАУ-ын Эрээн хотын зах дээр Монгол Улсын соёлын тэргүүний ажилтны буюу СТА цол тэмдгийг 60 юаниар худалдаж байгаа талаар “Милл” кино компанийнхан олон нийтийн цахим сүлжээнд баримттайгаар дэлгэжээ.Тус цол тэмдгийг бөөндөж авбал 50 юань хүртэл буулгаж зардаг гэсэн. 60 юанийг төгрөгт шилжүүлбэл 18 мянган төгрөг болно. Тэгэхээр өдгөө Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсан хүмүүс 18000 төгрөгийн үнэтэй цол тэмдгээр шагнуулж байна гэж ойлгох уу. Манай улсад жилд 1400 орчим хүн энэхүү тэмдгээр энгэрээ мялаадаг. Энэ статистикаас харахад улсын нэрээр овоглодог цол тэмдэг юунаас болж үнэгүйдээд байгаа нь ойлгомжтой.
Ажил хөдөлмөрөөрөө зуун дамнаж алдраа дуудуулсан азай буурай, өндөр настнууд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулаад магнайгаа хагартал баярласныг тэдний хууч ярианаас сонсч байсан. Тэдний зарим нь тэмдгээ хадганд боож, бурхан тахилынхаа дэргэд хадгалдаг гэсэн шүү. Гэтэл тэдний олон жилийн хөдөлмөрийн үр шимээрээ авсан цол тэмдгийг захын хүнд хээвнэг өгч үнэгүйдүүлж байгаа нь даанч халагламаар.
Сүүлийн үед хэвлэл, мэдээллийн хэрэгсэл төдийгүй урлаг, соёлынхны дунд нь ч Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгийн үнэлэмж буурч байгаа талаар ярих болсон. Аргагүй шүү дээ. Хэний ч мэдэхгүй нэгэн энэ тэмдгийг зүүгээд байгаа болохоор ярих л ёстой. Зарим нь ч эхнээсээ энэхүү цол тэмдэгнээс татгалзаж байгаа. Тиймээс хүмүүсийн сэтгэлийг тавгүйтүүлж, үнэ цэнээ алдсан тэмдэг өгөхийг бүр больчихож болдоггүй юм байх даа.
Тэгэхгүй бол Эрээнээс бөөндөж авчирсан соёлын тэргүүний ажилтны тэмдгээр цэцэрлэгийн хүүхэд удахгүй гангарах вий дээ.
Б.Сийлэн
Эх сурвалж: Монголын үнэн
URL:















