АРХИЧИН САНДАГААГИЙН ГЭРЭЭС ХҮН АМИНЫ ХЭРЭГ ГАРЧ ЦАГДАА НАРЫГ ХИЙХ АЖИЛТАЙ БОЛГОХ ВИЙ!!!

arhiuuБаянзүрх дүүргийн 7-р хорооны иргэн Батмөнх хажуу талдаа айл ирж буугаасай гэж боддог нэгэн байлаа. Учир нь тэр хавьд хулгай зэлгий ихтэй учраас тэгж бодоход хүргэжээ. Гэтэл нэг сайхан нартай өдөр баруун талд нь хүмүүс ирж буйр засахад мань эр ихэд баярлажээ. Ямар ч байсан хажуу талдаа айлтай болоход хулгайч нарт элэг бариулахгүй гэж бодсон байна. Тэгтэл шинээр бууж буй гэрийг дандаа бараан царайтай хүмүүс барингаа улаан цагаан архидаж байгаа нь хашааны завсраар ажиглагджээ. Тэгмэгц Батмөнх “Хамаагүй нүүр өгч болохгүй хүнд гарууд байна” гэж бодоод өнгөрчээ. Тэгж байтал нэг өдөр баргар царайтай хар нөхөр хашаан дээгүүр нь өнгийж “Хөөе хамаа, ганц шанага ус өгөөч” гэжээ. Батмөнх түүнд нэг шанага ус өгтөл тэр эр шууд залгилчихаад “Хөөе хамаа. Тамхи байна уу” гэсэн байна. Тэр айл нүүж ирээд долоо хоноогүй хэрнээ ус, тамхи, шүдэнз, давс, мод хүртэл гуйгаад авчээ. Төд удалгүй нөгөө айлын хүмүүс хоорондоо хэрэлдэж “Ална аа новш оо. Чи яасан том бөөс вэ. Аятайхан байгаарай лалар аа” гэх зэрэг үгс шидэлцэх нь дуулдаж эхэлжээ. Илүү үгэнд дурласан Батмөнх тэдний хэрэлдэхийг цаг гаруй сонсоод сүүлдээ залхсан байна.

Гэтэл шинээр ирсэн айлын хүмүүс оройхон хэрд шал согтуу зодолдож эхэлсэн байна. Батмөнх орж нэг зохицуулалт хийдэг юм билүү гэж бодсон ч болив. Төд удалгүй хүүхэд уйлж, эмэгтэй хүн “Чи намайг дүрчихлээ ш дээ” гэж орилж гарчээ. Тэгэнгүүт Батмөнхийн тэсвэр тэвчээр алдагдаж цагдаа дуудаж орхисон байна. Хэдэн хормын дараа цагдаа ирж согтуу хүмүүсийг пургон машинд ачаад явжээ. Тэгтэл нүцгэн жаал тэвэрсэн сэгсгэр авгай Батмөнхийнд орж ирснээ “Та одоо яаж шогтож байгаа юм бэ. Бид гэртээ зодолдоно уу, алалцана уу өөрт чинь падлий байхгүй. Манай нөхөр Сандагаа намайг хутгаар өнгөцхөөн дүрснийхээ төлөө баригдаад явчихлаа. Өмнө нь олон жил шоронд суусан тэр маань одоо давтан хэрэг гээд бөөн юм болох биз. За энэ ч яахав. Харин би маргааш эрүүлжүүлэхийн мөнгө яаж олох юм бэ” гэж ирээд л агсарч гарчээ. Мань эр шал дэмий юманд хутгалдсанаа сая л ойлгож хэлтэй амтай тэр авгайд арван мянган төгрөг өгөөд амаа хамхихыг сануулсан байна. Үүнээс хойш мань эр бүтэн нойртой хонохоо байжээ.

Баруун талын айлынхан нь өдөр болгон архидаж хоорондоо зодолдоод л зарим нь “Батмөнх өө, энэ намайг хутгалах гээд байна” гэсээр орж ирдэг болов. Тэднийг цагдаад хэлэх хэцүү, хэлэхгүй байх бүр ч хэцүү байдаг болжээ. Нэг өдөр бүр Батмөнхийг харсаар байтал нэг согтуу нөхөр гурван настай хүүхдийг өнхөрч унатал нь өшиглөж орхижээ. Цаад хүүхэд нь ч гэсэн энэ байдалтай зохицсон бололтой жаахан уйлж байгаад дуугүй болсон байна. Тэдний зодолдох нь үнэхээр аймаар. Аяга таваг хагарч, хутга шөвөг гялалзах энүүхэнд. Сүүлдээ Батмөнх тэднийг бие биенээ алчих вий гэж айдаг болов. Үнэхээр түүнийг харж байхад нэгнийгээ сүхээр цохиод унагачихдаг байлаа. Цаадах нь ч гэсэн цохиулсан үхэр шиг муужран хэсэг хэвтэж байснаа төдхөн босч ирээд л зодолдож гарна. Тэд ажил хийдэггүй хэрнээ архи уулгүй өнжинө гэж байхгүй. Харин нэг авууштай нь хаяагаа хадарч хулгай хийдэггүй аж. Тэгтэл нэг өдөр тэднийд шоронгоос суллагдсан хэдэн хүн ирж тэрнээс хойш байнга архидах болжээ. Үүнээс хойш Батмөнх хашаа түрхийх, хаалга балбах, ус гуйх, хүмүүс зодолдох чимээнд унтаж чадахаа байжээ. Хөршийнд нь заримдаа цагдаа нар ирж хэн нэгнийг гавлаж аваад явах нь харагдана. Батмөнх энд их удах юм бол дор хаяж гэмт хэргийн гэрч болж магадгүй гэж айгаад хашаа байшингаа зарахаар шийджээ. Харин хөршийнх нь урьдын адил юу ч болоогүй мэт архидаж зодолдсоор байлаа. Уг нь тэдний хашгиралдаан эхэндээ зугаатай мэт байсан ч сүүлдээ тарчлаан болж байгааг биеэрээ мэдэрч эхэлжээ. Тэр айл ойр хавийнхаа хүмүүсийг дарамталж архины мөнгө нэхдэггүй ч өөрсдийнх нь байгаа байдал үнэхээр төвөгтэй ажээ. Ийм нэг ядарсан биш задарсан айл Баянзүрх дүүрэгт амь зууж байна. Магадгүй эндээс хүн амины нэгэн шинэхэн хэрэг төрөн гарч цагдаа нарыг хийх ажилтай болгох вий!

 

 

НОЦТОЙ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих