Төр, төгрөг хоёрын тэмцэл

Их гүрний Төрийн томчуудын айлчлалд дарагдсан өнгөрсөн өдрүүдэд “Ройтерс”, “Блүүмберг”, ВВС зэрэг хэвлэл Монгол Улсын нүүрсний асар том ордын талаарх дуулианд хошуу нэмэрлэж, Бээжингээс “Чайна Дейли” сонин хүртэл Тавантолгойд байгуулсан эх орныхоо ялалтад бялуурсан нийтлэлийг идэвхтэй нь аргагүй урсгаж байна.

“Баян Монгол”, “Асар их ашигт малтмалаараа цахиур хагалах гүрэн” зэргээр биднийг цоллосон тэдний мэдээ үнэн хэрэгтээ бодит амьдралаас хэт хөндий дуулдаж байна. Инфляцид хүч хөдөлмөрөө соруулж яваа монгол өрхүүдийн гал тогоонд энэ мэдээ эсрэгээрээ бууж байгаа юм. Инфляц хэмээх энэ харь үгийг эх хэлэндээ хөрвүүлвэл хэрэглээний үнийн индекс буюу төгрөгийн худалдан авах чадвар. Чухамдаа 1000 төгрөгийг хэрхэн үрэх тухайд хэдэн хоног, эсвэл хэдэн сар ажиглахад л төгрөгийн бяр чадал харагдана.

Хоёр жилийн өмнө гурван тэгтэй энэ мөнгөөр бид нэг талх бас ганц хоёр зуун гр масло, эсвэл бүр элсэн чихэр аваад идчихдэг байсан цаг. Өнөөдөр үүгээр ганц талх авч дийлэхээргүй болжээ. Автобусанд бол хоёр удаа сууна, халаас хоосорвол алхахаас өөр замгүй, үгүй бол үерхэлдээ үнэнч үлдсэн троллейбусандаа жирийлгэнэ. Монгол валют ийнхүү хий нь гарсан гүзээ шиг сульдаж орхиж. Ингэхдээ Алтанцэцэг, Гармаа хоёрын өрхийн төсвийг улайлгах дөхөөд байна.

Энэ залуу гэр бүлийн хувьд хоёр хүүгээ цэцэрлэг, сургуульд оруулна, хажуу өрөөний төлбөр төлнө, хүнс хоолоо залгуулна гээд тоочвол мундахгүй олон асуудал бий. Эхнэр нь 250, нөхөр нь 350 мянган төгрөгийн цалинтай. Татвараа төлөөд гар дээр ирэх нь мэдээж хангалттай бус. Гэтэл энэ жил татвар төлөлтийн үрээр Монгол Улсын төсөв анх удаа ихээхэн ашигтай гарч, дэлхийд дундаж орлоготой орны тоонд багтсан тухай хүнд сурталтнуудын мэдээлэл цэнхэр дэлгэцээр хөвөрнө. Харин манай нийтлэлийн гол дүр хос залуус түрээсийн төлбөр сарын 180 мянга, бага хүүгээ цэцэрлэгт өгөх гэж багшид нь 50 мянган төгрөг “бэлэглэсэн”, хичээлийн хэрэгсэл бас бус бэлтгэлийг нь хангана гэж бараг 100 мянган төгрөг үрчихнэ, дээр нь элдэв хэрэгцээгээ хангана гэсээр сайд, дарга нарын ярьсан шиг ашигтай бус өртэй өдрүүдийг үднэ.

Мэдээж, хоёр жилийн өмнө байсан бол тэд ядахад 1000 төгрөгөөр хоёр тийш автобусанд суучих, эсвэл хоёр талх авчих бэлтэй байхсан. Энэ онд инфляцийг нэг оронтой тоонд барина хэмээн Монголбанкнаас өнгөрсөн сард зарласан. Бодлогын хүүгээ өсгөх, бууруулах аргаар тэд хэрэндээ л инфляцийг аргамжих гэж чармайна. Төвбанк ийн үнийн өсөлтийг боож, хүлээд ч Засгийн газрын хачин их зарлага нь мөнгөний бодлогын хамаг үр шимийг үгүй хийж байна.

Дэлхийн банкны энэ сарын тайланд “Инфляц огцом нэмэгдсэн нь нийгмийн эмзэг бүлгийнхэнд хамгийн сөргөөр нөлөөлснийг эргэн санах хэрэгтэй. Иймд төсвийн хэт зарцуулалтыг хяналттай байлгаж, мөнгөний сул бодлогоос зайлсхийх нь ядуурлыг бууруулна” гэжээ. Тэдний тооцоогоор бидний халаасан дахь төгрөгийн худалдан авах чадвар өнгөрсөн сард өмнөх оны мөн үеийнхээсээ 11 хувиар суларчээ. Шалтгаан нь цалин болон бэлэн мөнгөний тараалт гэж эл банкны эдийн засагчид оношиллоо.

Харин зарим шинжээч инфляцийн өсөлт 20 хувь давж мэднэ хэмээсэн хүлээлтээр намрыг угтаж байна. Эмзэг бүлгийнхэн гэж хэн бэ. Үнэндээ манай нийт хүн амын бараг тал хувь нь ийм бүлэгт хамрагдаж байна. “Саяхан хийсэн нэг судалгаагаар 2.8 сая хүн амын 1.8 сая нь дундаж болон дунджаас дээш амьдарч байна гэсэн судалгаа гарсан. Харин цаана нь үлдсэн нэг сая хүн ядуу амьдарч байна” гэж “Монгол” дээд сургуулийн захирал, гавьяат эдийн засагч Н.Дашзэвэг хэлсэн. Энэ тоо баримтыг хүн амын тооллого явагдаж байхад гаргаж ирснийг олон хүн мэднэ.

“Дундаж амьдралтай монгол хүн гэдэг сард 500-1000 ам.долларын цалинтай, түүгээрээ байр, машин худалдан авах бэлтэй байх учиртай” гэж тэрээр ярилаа. “Нэг сарын орлого нь 400 мянгаас 1,5 сая төгрөгийн орлоготой хүнийг дундаж амьдралтай хүн гэж хэлнэ” гэж вэб хийх салбартаа тэргүүлэгч “Содонсолушн” компанийн захирал Ц.Ууганболд бас үзэж байна. “Зууны мэдээ” сониноос таван эдийн засагчийн дунд явуулсан судалгаагаар олонх нь дундаж амьдралтай өрхийн орлого нэг сая төгрөгөөс давах ёстой гэж үзэж байна. Гэтэл ийм иргэд манай хүн амын 20 хувьд ч хүрэхгүй байна.

Оронд нь манай нийтлэлийн гол дүр Гармаагийнх шиг өрх жин дарж байгаа. “Төрөөс хэтэрхий их мөнгөний тараалт хийж байгаа нь инфляцийг хөөрөгдөж байна” гэж Н.Дашзэвэг бас үзсэн юм. “Төр нь мөнгө тараадаг, хүн нь өгснийг нь авдаг, авснаа юм болгож чаддаггүй, бас хэтэрхий аминч үзэл бодолтой. Сайхан сайхан ажлын байр байсаар байтал заавал Солонгос явж шал угаана гэж зүтгэдэг нь өнөөдрийн Монголын ядуурлын шалтгаан” гэж бас зарим эдийн засагч үзэж байв.

Төгрөг үнэгүйдэж, төр нь түүнийгээ тараах гэж сонгуулийн өмнө чаддаг мэхээ гаргаж байна. Ядуусын тоо нэмэгдэхийн хэрээр элдэв хувь, хишиг нь борооны дараах мөөг шиг арвижиж байна. Ямар сайндаа ажил хийх насны идэр залуус 21 мянгадаа дугаарлаж, засгаас өгөх нэг сая төгрөгөөр хэрхэн тансаглах тухайд төлөвлөгөөгөө хэдийнэ боловсруулчихсан. Ажил хийнэ, дундаж амьдралтай болно гэсэн бодлыг өнөөх хишиг, хувь нь үгүй хийж байна.

Үүний оронд дундаж орлоготой өрхийн тоонд багтахаар зорьж байгаа залуусын армийг төрөөс идэвхтэй дэмжих цаг нь өнөөдөр. Гэвч төрийн бодлогоороо ядуу байхыг стратеги хэмээн үзэж, мөнгөөр санал худалдан авах мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэх болхи сэтгэлгээ төгрөгийн дархлааг сулруулсаар өнөөдөр “тэрээр” амьд үлдэхийн төлөө төрийн өмнөөс чадлынхаа хэрээр тэмцэж байна. Ийнхүү төр, төгрөг хоёрын ширүүн тэмцэл гадаад худалдааны алдагдал, инфляцийн өсөлт, ядуурал гэсэн статистикийн графикаар тодорхойлогдож байна. Эцсийн дүнд хэн нь ялах бол. Тэдний тэмцлийн золиос нь бид. Иймд төгрөгийн сульдааг арилгаж, төрийн түрэмгийллийг номхотгох цаг иржээ.

Ж.Цогзолмаа


URL:

Сэтгэгдэл бичих