Эр хүн чамтай учрахад

Энхрий цагаан хуруунуудаа эвлэг бор гаранд нь атгуулахыг сэм хүсээд
Инээхэд нь уулс мэхийх эр хонгор хоолойг чинь зөн совиндоо бишрээд
Эрэмгий хангал харцны чинь сайханыг гэнэ гэнэхэн сэм ажаад
Эрхэс оддын тоогоор зүрх минь аажимаар булиглахыг нуусхийгээд
Эр хүн чамтай ичингүйрэн анх болзох сайхан
Хацар минь жаахан халуу төөнөхийг мэдрэх сайхан
Хатан Туулын урсгалд дүрийг чинь өөрийнхтэйгээ тольдох сайхан
Ханхар түшигт цээжийг чинь нууцхан сонирхож шинжисхийгээд
Хацар дээр чинь ирээдүйд үнсэх үү? гэсэн зүггүй бодол зурсхийгээд
Эр хүн чамтай ичингүйрэн анх болзох сайхан…
Ярих чинь хөгжим мэт аргилхан аргадам
Алхах чинь уулс мэт намалзаад сэтгэл гижигдэм
Шохоорхон ширтэх нүд чинь гал цог шиг нэвт төөнөөд
Харц тулаад сандрах чинь хүүхэд шиг гэнэн өхөөрдөм
Эр хүн чамтай болзох сайхаан
Элдвийн амттан өрөөстэй ч эр хүн чамаас ичингүйрэн дутуу идэх сайхан
Эвлэг зөөлөн гараар чинь үсээ аяархан гэнэт илбүүлэх сайхан
Эрх зоргоороо ааштай ч эвтэйхэн асууж ярилцах сайхан
Энгэртээ налуулан суух чиний анхны зоримог үнсэлтийг
Хүүхэн танхил аалиар тас тас инээгээд битүүхэн хүлээх сайхан
Хүлээгээгүй дүр эсгээд, тэвдэж догдлохыг чинь шалгах сайхан…
Эр хүн чамтай болзох сайхан
Ирээдүйг сэм төсөөлөн дотносон танилцах сайхан
Догдолсоноо нууж энгийн дүр эсгэх сайхан
Догдлолоо харин нууж чаддаггүй угаас гүндүүгүй төрсөн
Хайрыг нь хайраар сөгнөвөл хамгаас зөөлөн дотортой
Ханагар уужим сэтгэлтэн эр хүн чамтай учрах сайхаан…
Ц.Тэмүгэ
URL:




