Хорихоос татгалзаж, хохирогчийг хамгаалсан бодлого
Намрын чуулганаар хэлэлцэн баталсан нэг чухал хууль бол Эрүүгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга.
Хорих ялаас аль болох татгалзаж, ялын олон төрлийг бий болгосон нь энэ хуулийн гол өөрчлөлт. Хэрэв гэм буруутай этгээд өөрийн бурууг хүлээж, учруулсан хохирлоо барагдуулсан тохиолдолд тухайн хүнийг хорих гээд байхгүй. Харин торгох, гэрийн хорионд байлгах, нийтэд тустай ажил хийлгэх, эрх хасах ялыг түлхүү хэрэглэхээр болж байгаа юм.
Экологийн эсрэг үйл ажиллагаа явуулсан ААН-ийн өмнөөс хувь хүн хэрэг хүлээдэг байдал арилах юм
Энэ нь гэмт хэрэгтнийг гэхээсээ илүү хохирогчийг хамгаалсан бодлого. Өмнөх эрүүгийн хуулиар гэмт хэрэг үйлдсэн этгээд хохирол барагдуулсан, барагдуулаагүйгээсээ үл хамаараад хуульд заасан ялыг эдэлж байсан. Нэгэнт ялыг нь эдэлж байгаа тул учруулсан хохирлоо барагдуулъя гэж бараг бол бодохгүй. Харин нөгөө талд хохирсон нь хохирогч хэвээрээ үлддэг байв.
Мэдээж гэм буруутай нь нотлогдоод байхад түүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй, хохирлыг барагдуулаагүй бол ялын бодлогыг чанга хэрэглэж болохоор байгаа.
Түүнчлэн Эрүүгийн хууль дахь албадан хөдөлмөр эрхлүүлэх гэсэн томъёоллыг нийтэд тустай ажил хийлгэх хэмээн өөрчилсөн нь учиртай. Энэ нь ял эдэлж байгаа хүнийг хөдөлмөрийн аргаар хүмүүжүүлнэ. Тэгэхдээ үр дүн нь нийтэд тустай байх ёстой гэсэн зарчим юм. Ингэснээр шоронгийн удирдлагын, эсвэл өөр хэн нэгэн даргын хувийн байшинг хоригдлууд барихгүй гэсэн үг.
Түүнээс гадна олон зүйл ангиар нэг хүнд 2-3 удаа ял оноодог, давтан гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хүндрүүлдэг эрүүгийн тогтолцоо үйлчилдэг байв. Харин одоогийн эрүүгийн хуулиар нэг удаагийн үйлдэлд нэг л удаа ял оноодог шинэ дэвшил гарсан юм. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийн зорчих эрхийг хязгаарладаг болох аж. Барууны орнуудад үүнийг “Гэрийн хорио” гэж нэрлэдэг.
Эрүүгийн шинэ хуульд байгаль орчны эсрэг гэмт хэрэг болон хуулийн этгээдийн хариуцлагыг тусад нь бүлэг болгосон. Ингэснээр байгаль орчны эсрэг үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгжийн өмнөөс түүнийг гүйцэтгэсэн хувь хүн хэрэг хүлээдэг байдал арилах юм. Тодруулбал, экосистемд хохирол учруулсан, мөнгө угаасан, терроризмыг санхүүжүүлсэн гэмт хэрэгт хуулийн этгээд буюу компани өөрийнхөө хөрөнгөөр хариуцлага хүлээдэг байдал үйлчилж байна.
Нэгэнт ялыг нь эдэлж байгаа тул учруулсан хохирлоо барагдуулъя гэж барагтай л бол бодохгүй
Түүнчлэн торгох ялын илтгэлцүүрийг өөрчилж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцдог байсныг “Тооцооны нэгж” гэх илтгэлцүүртэй болгосон байна. Учир нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг УИХ ч, Засгийн газар ч тогтоодоггүй. Засгийн газар, ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн хамтын шийдвэрээр тогтоодог учраас хэзээ ч өөрчлөлт орж магадгүй юм.
Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдөх бүрт Эрүүгийн хуулийн зүйл, заалтыг шинэчлэх шаардлагыг бий болгоно. Тиймээс тухайн үеийн төгрөгийн ханштай уясан “Тооцооны нэгж” гэдэг илтгэлцүүрийг авч хэрэглээд байгаа. Энэ нь ханшийн өөрчлөлт гарсан, инфляци үүссэн тохиолдолд УИХ зөвхөн “Тооцооны нэгж”-ийг хэдэн төгрөгтэй тэнцүүлэх вэ гэдгээ эргэж харахаас өөрөөр хуулийн зүйл заалт болгонд гар хүрэх шаардлагагүй болж байгаа юм.
Олон улсад эрүүгийн эрх зүйн үндсэн гурван дүрэм байдаг аж. Эхнийх нь Ромын эрүүгийн эрх зүйн дүрэм бол дараах нь Авлигын эсрэг НҮБ- ын конвенци. Харин эцсийнх нь Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг конвенци юм. Тэгвэл шинээр баталсан Эрүүгийн тухай хууль эдгээр олон улсын хэм хэмжээнд бүрэн нийцэж байгааг Хууль зүйн байнгын хорооны гишүүн Ж.Батзандан тайлбарлалаа.
Б.Сэлэнгэ
Засгийн газрын мэдээ
URL:













