Сонгинохайрханчуудын бухимдлыг бүртгэнэ
Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан нам иргэдийнхээ мөрөөдлийг бүртгэжээ. Зургаан сарын хугацаанд 2500 гаруй иргэн юү хүсч, мөрөөдөж явдгаа тус намынханд шивнэсэн байна. Мөрөөдөл бүртгэх энэхүү аян нь Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын хувьд анх удаа хийж байгаа ажил биш гэнэ. 2006 оноос эхлэн “Ардчилсан нам иргэдээ сонсч байна”, “Ардчилсан намыг амтлах өдрүүд”, “Ардчилсан нам танай хаалгыг тогшино”, “Ардчилсан Ерөнхийлөгчид хүргэх иргэдийн санал” гэх мэт ажлуудыг он дарааллаар нь хийжээ. Харин энэ ажлынхаа хүрээнд иргэдээсээ гарсан санал санаачлагыг мөрийн хөтөлбөрт тусгаж, ажлынхаа чиг хандлагыг тодорхойлдог байна. Энэ удаад ч гэсэн иргэд ажил хэрэг болгохоор санал гаргасан гэнэ.
Тухайлбал, тогтвортой ажил, баталгаатай цалинг, тав тухтай ажлын байрыг иргэд хүсч байгаа нь энэ үеэр илэрчээ. Энэ нь иргэд ажил хийснийхээ төлөө авсан цалиндаа сэтгэл ханамжийн баталгаа авдаггүй, хийж байгаа ажил нь баталгаа бус байгаа нь илт харагдаж байна хэмээн Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга Л.Эрхэмбаяр хэлэв. Ийн иргэдийнхээ юү хүсч байгааг мэдсэн тэд одоо иргэдийн өмнө ямар асуудал тулгарч байгааг мэдэхээр “Бухимдал бүртгэх өдрүүд”-ийг эхлүүлжээ. Энэ ажил ирэх сарыг дуустал үргэлжлэх бөгөөд иргэд бухимдлаа утас болон электрон шуудангаар өгөх боломжтой аж. Түүнчлэн дүүргийнхээ намынхаа байранд очиж болохгүй, бүтэхгүй байгаа бүхнээ ярихад ч нээлттэй гэнэ.
Д.Гал /www.wikimon.mn/
URL:




