Хүн бүр тэгш эрхтэй амьдармаар байна

Нэг дэлхий ертөнц, нэг нарны доор байгаа хэрнээ улс орон бүрт эмэгтэйчүүдийн  эрх тэгш байдал ялгаатай хэвээр л байна. Хэдийгээр 186 орон НҮБ-ийн эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцид гарын үсэг зурж, хүйсийн эрх тэгш байдал ба шударга ёсны төлөөх тэмцэлд нэгдсэн гэх боловч цаасан дээр гарын үсэг зурж баталгаажуулсан гэрээ дэлхийн ихэнх эмэгтэйчүүдийн амьдралд хэрэгжихгүй байсаар байгаа юм.

Тиймээс 2010 онд НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн чуулганаас эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг хөгжүүлэх зорилгоор “UN WOMEN” буюу “НҮБ Эмэгтэйчүүд” нэртэй хүйсийн тэгш эрх ба хөгжлийн байгууллагыг байгуулах шийдвэр гаргасан юм. Энэ байгууллага нь жендерийн тэгш байдал, дэлхийн эмэгтэйчүүдийн эрх болон боломжийг өргөжүүлэх асуудлыг шийдвэрлэхэд идэвхитэй хүчин болж байна.
Хүйсийн эрх тэгш биш байдлаас үүдсэн асуудлууд өнөөдөр маш олон оронд хөндөгддөг ч энэ бүхнийг зохицуулдаг хууль маш сул байгаа юм. Өнөөдрийн байдлаар 52-хон орон л эрчүүд эхнэрээ хүчиндвэл хариуцлага тооцно гэдгийг хуулиндаа тусгаж өгсөн байдаг. Манай оронд ч ийм хэргийг эрүүгийн хэрэг биш хэмээн үзэж тоохгүй өнгөрсөөр л байгаа. Непал улсад “Хууль-Эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөөх форум” гэдэг байгууллагаас нөхөртөө хүчиндүүлсэн нэгэн хэргийг Дээд Шүүхэд өгсөний дараа Дээд Шүүх нь Засгийн Газартаа гэр бүл дэх хүчинг Эрүүгийн хуульд тусгах үүрэг өгсөн байна. АНУ-ын Nоvartis эмийн компанийн 12 эмэгтэй ажилчин удирдлагууд нь цалин ба албан тушаал дэвшүүлэх асуудал дээр хүйсийн тэгш биш байдлаар хандсан хэмээн шүүхэд ханджээ.

Шүүх хэргийг гомдол гаргагчдын талд шийдвэрлэн эмэгтэйчүүдэд тус компани 152.5 сая ам.доллар төлж, 22,5 сая ам.долларыг ажлын байрны жендерийн эрх тэгш байдлын бодлого, зохицуулалтанд зарцуулахаар болсон байна.
НҮБ-ийн эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцид бараг бүх орон гарын үсэг зуран нэгдсэн боловч хамгийн олон орны уламжлал, ёс заншилтай зөрчилдсөн  зүйлүүдтэй конвенц юм. Жишээлбэл, тус конвенцийн эмэгтэйчүүдийн гэрлэлт болон гэр бүлийн доторх эрхүүдийг хөндсөн зүйлийг хүлээн зөвшөөрөөгүй 30 орон, шашны болон үндэсний ёс заншилтай нь зөрчилддөг 22 орон, үндэстэн ястнууд адил тэгш эрхтэй байх ёстой гэсэн зүйлийг хүлээн зөвшөөрөөгүй 20 орон байдаг учир эдгээр орнуудад тус конвенцийг бүрэн хэрэгжүүлдэггүй байна. Ихэнх улсад буюу 117 оронд эр эм гэлтгүй ижил цалин авах ёстой гэсэн хуультай боловч дэлхийн нийт эмэгтэйчүүд эрчүүдээсээ дунджаар 10-30 хувиар бага цалин авдаг, мөн 61 оронд хүчирхийлэлд өртсөн ч бай үр хөндүүлэх эрхгүй байдаг байна. 2011 оны байдлаар 173 оронд эмэгтэйчүүд цалинтай жирэмсний амралт авч, 139 орон хуулиндаа жендерийн эрх тэгш байдлын асуудлыг тусгасан боловч дэлхийн нийт эмэгтэйчүүдийн 53 хувь нь эмзэг, хүнд хэцүү нөхцөлд хөдөлмөр эрхэлсээр байна.
НҮБ-ын аливаа улс орны парламентад 30 хувь ба түүнээс дээш эмэгтэй гишүүдтэй байх тухай саналыг 28 орон хэрэгжүүлээд байгаа ч 23 хувь нь албадлагын шинжтэй буюу квот тогтоож байж хэрэгжүүлсэн байна. Хачирхалтай нь энэ 28 орноос 6 орон нь саяхан дайн тулаанаас ангижирсан орон бөгөөд тэдгээр оронд улс орны хөгжлийн түвшинг дагасан гэхээсээ илүү улс төрийн хүсэл эрмэлзлээс шалтгаалан квот тогтоож байгаа юм. 1911 онд дэлхийн хоёрхон оронд л эмэгтэйчүүд сонгуульд санал өгөх эрхтэй байсан юм. Ер нь эмэгтэйчүүд зохион байгуулалттайгаар нэгдээд ямар нэг зүйлийг хийхэд нийгэмд эерэг өөрчлөлтүүд их гардаг, мөн  парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдсэн орнуудад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалсан хууль тогтоомжууд ч нэмэгддэг.

Одоогоор парламентдаа хамгийн олон эмэгтэй гишүүнтэй орон бол Руанда бөгөөд тус улсын парламентын 80 суудлын 44-ийг нь эмэгтэй гишүүд эзэлдэг байна. Харин манай улсын хувьд 76 гишүүнээс гуравхан нь л эмэгтэй байгаа. Ийнхүү хүйсийн эрх тэгш байдлын тухай тоочоод байвал эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөөний бодит байдал маш том асуудал хэвээр л байгаа юм. Тиймээс үндэс суурь бөхтэй ямар ч сөрөг уламжлалыг өөрчлөхийн тулд сайн хуулийн бодлого хэрэгтэй гэсэн дүгнэлтийг НҮБ-ын Дэлхийн эмэгтэйчүүдийн хөгжлийн илтгэлд дурдсан байна.

uptown


URL:

Сэтгэгдэл бичих