Л.Пүрэвдоржоос олон нийт “ял” асуух цаг болсон

Он гарсаар Монголбанк бодлогынхоо хүүг гурван ч удаа нэмсэн. Гэсэн ч инфляцийн хувь тасралтгүй өссөөр байна. Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж “Бодлогынхоо хүүг нэмсэн. Цаашид ч нэмнэ” гэж мэдэгдээд байгаа. Энэ нь амьдралаа залгуулах гэж яваа жирийн иргэд, жижиг дунд үйлдвэрүүд болон аж ахуйн нэгжүүдийг онилсон галт сум болоод байна. Улайссан инфляци, зээлийн өндөр хүүнд хавчуулагдсан иргэдийг чадамжгүй болгох ажлыг Л.Пүрэвдорж бодлогын хүүг нэмснээр хийлээ. Ингэснээрээ эдийн засгийн чадамжгүй иргэдийг улам чадамжгүй болгон доройтуулж, иргэдийн эдийн засгийн эргэлтийг боомилж байна. Үүнийг дагаад зээлийн хүү нэмэгдлээ. Энэ өндөр хүүтэй зээлийг хэн авах вэ. Баячууд авахгүй нь тодорхой. Ард иргэдийн гар дээр эргэлдэх мөнгийг хумиснаар эдийн засгийн гол судас, шөрмөсийг хааж байна, энэ хүн. Түүнийг анх Монголбанкны ерөнхийлөгчөөр томилохдоо арилжааны банк дампууруулж, зээлийн хүүгээ өндөрсгөж ард иргэдийг “мөлж” гэж УИХ томилсон уу. Инфляцийг хязгаарлах гээд Монголбанкны ерөнхийлөгч жоомоо устгах гэж байгаад байшингаа шатаав гэгчийн үлгэр болох вий дээ.

Зээлийн хүүг нэмснээс болж иргэд бухимдаж байна. Инфляцид дарлуулж буй иргэдээс мөнгө хүүлэх “соёлын довтолгоо”-г Л.Пүрэвдорж харин ийн овжноор өрнүүлж эхлэв. Малчид өндөр хүүтэй зээл авч чадахгүй ээ. Тэд зээлийнхээ хүүнд дарлуулна. Жижиг дунд үйлдвэрүүд болон аж ахуйн нэгжүүд зээл авахаас өөр гарцгүй болж таарна. Гэвч тэд хүүндээ шатаад дуусна. Ирээдүй нь тодорхой ийм төв банкны бодлого ард иргэдэд хэрэггүй. Үүнийг жишээгээр тайлбарлъя л даа. Монголбанкны бодлогын хүү 12.25 хувь байгаа нь арилжааны банкуудын олгодог зээлийн дундаж хүү сарын 1 хувь буюу жилийн 12 хувиас илүү байна. Үүнийг Л.Пүрэвдоржийн мөнгө хүүлэх арга, эдийн засгийн мөлжлөг гэхээс өөр юу гэх вэ.

Л.Пүрэвдоржийн Монголбанкны бодлогын хүүг нэмснээс үүсэх хор үршгийг жагсааж үзье.

1.Арилжааны банкууд хөрөнгөө өндөр хүүтэйгээр Монгол банкинд байршуулна.

2.Арилжааны банкууд эрсдэл дагуулдаг зээлийг харилцагчдад олгосноос Монголбанкинд хөрөнгөө байршуулан хурдан эргэлттэй, өндөр хүү аваад сууж байсан нь хамаагүй дээр болно.

3.Банкууд зээл олгох сонирхол буурч, зээлийнхээ хүүг өсгөнө.

4.Арилжааны банкуудын одоогийн байгаа зээлийн хүү өндөр байгаа дээрээ нэмэгдэн өндөр хүүтэй болно.

5. Үйлдвэрлэл эрхлэгчид өндөр хүүтэй зээл авснаар бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөнө, эсвэл зээлээ төлөхөд хүндрэл учран эд хөрөнгөө хямдхан үнэлүүлэн банкны эздэд хураалган дампуурна.

6.Бодлогын хүү өссөнөөр зах зээлд байгаа мөнгийг татаж, хумиж байгаа мэт боловч энэ нь зөвхөн арилжааны банкуудад ашигтай, харин жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, нийт массад хүндээр тусна.

7.Монголбанк инфляцийн түвшинтэй уялдуулан бодлогын хүүгээ тогтоодог боловч энэ нь дотоодын үйлдвэрлэл хөгжөөгүй, импорт давамгайлсан, гадны нөлөөлөл ихтэй, олигархи буюу цөөнхийн далд эдийн засагтай манай улсад инфляцийн эсрэг авах энэ арга хэмжээ нөлөөлөхгүй.

Энгийнээр бодоход ийм л дүр зураг гарч байна. Инфляци өндөрсөх тусам түүгээр шалтаглаж Монголбанк бодлогын хүүгээ нэмж буй хэмээн цэвэрхэн тайлбарлаж буй ч энэ нь ямар ч үр өгөөжгүй гэдгийг харж болно. Харин үүнээс болж үүсэх зайлшгүй хор хохирлыг амсахаасаа өмнө Л.Пүрэвдоржоос олон нийт “ял” асуух цаг болсон. Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдож ирснээсээ хойш тэр иргэд, хадгаламж эзэмшигчдийн болон зарим арилжааны банкны хөрөнгөөр гараа угаасан гэгддэг. Түүнд холбогдох хэрэг өнөөдөр АТГ-ын дансанд ч бий.

Г.ЯЛГУУН

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

“ӨДРИЙН СОНИН”


URL:

Сэтгэгдэл бичих