Монгол үүцээ хэдийн бусдад бэлэглэчихсэн гэдэг үнэн үү
Монгол Улс үүцээ задлав. Гэтэл Засгийн газар шимтэй хэсгийг нь авч үлдээд, үлдсэнийг нь ард түмэнд барьсан аж. Энэ оны хаврын чуулганаар Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Тавантолгойн ордыг ашиглах талаарх танилцуулгыг дахин нэг сайтар харья. Ордыг Цанхийн I, II талбай, Бор толгой, Зүүн хэсэг гэж дөрөв хуваагаад тав дахь буюу 500 орчим сая тонн нүүрсний нөөцтэй нийт талбайн дөрөв орчим хувийг эзлэх, Тавантолгойн коксжих нүүрсний нөөцийн тавны нэг болох Ухаа худгийн талбайг орхигдуулсан байх юм.
2008 оны гуравдугаар сарын 19-ний Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу тухайн үеийн Үйлдвэр худалдааны сайд “Энержи ресурс” ХХК-тай Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай гэрээг 2008 оны гуравдугаар сарын 21-нд байгуулж, энэ гэрээгээр Ухаа худаг-11952А тусгай зөвшөөрөл бүхий 2962 га талбайг “Энержи ресурс” ХХК-д үлдээхээр тохиролцсонтой шууд холбоотой байхаар ойлгогдож байгаа нь хачирхалтай.
УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор Тавантолгойн орд газрыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулсан. Иймд Тавантолгойн ордын Ухаа худгийн хэсгийг “Энержи ресурс” ХХК-д олгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.5 дахь заалтын Засгийн газар “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох тухай саналыг УИХ-д өргөн мэдүүлэх” гэснийг баримталж УИХ-аар холбогдох шийдвэрийг гаргуулах ёстой атал зөвхөн Засгийн газрын шийдвэрээр гэрээ байгуулж шилжүүлсэн нь хуульт ёсонд нийцэхгүй гэлтэй.
Тавантолгойн ордын Ухаа худгийн хэсгийг хувийн хэвшлийн компанид шилжүүлсэн тухай Засгийн газар тайлбарлахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 5.4 дэх заалт болон бусад хуулийн холбогдох заалтыг баримталсан тухай дурьджээ. Гэтэл энэ ордыг дээрх компани эрсдэл, хайгуул хийж нөөцийг нь тогтоогоогүй. Тэгвэл ямар байдлаар хайгуулын лицензийг авсан нь хачирхалтай. Албан ёсны мэдээллээс харахад “Энержи ресурс” ХХК нь 1999 оноос эхлэн 2008 оныг хүртэл лицензийн төлбөрт 851.8 мянган ам.доллар төлсөн. Гэвч энэ компанийн ашиглалтын лиценз эзэмшиж байгаа Ухаа худгийн ордын 500 сая тн орчим нөөцийн цэвэр ашиг 4-5 тэрбум ам.долларт хүрэхээр аж. Ийм ашигтай гэдгийг саяхан олон улсын хөрөнгийн бирж дээр энэ компани IPO хийж баталсан. Засгийн газрын хувийн компанид багаар тооцоход 4000 дахин ашигтай байхаар хийсэн энэ наймаа нь Монгол Улсын эрх ашиг, хууль тогтоомжид хир нийцэж байгаа юм бол.
Энэ мэтчилэн олон асуудалд Засгийн газар хэрхэн хариу хэлэх вэ хэмээн УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, С.Эрдэнэ, Ц.Шинэбаяр нар С.Батболдод хандан асуулга тавьжээ. Мөн эрхэм түшээд “Энержи ресурс” ХХК нь 2006 онд анх Таван толгойн орд газрын ашиглалтын лиценз авахдаа “Тусгай хэрэгцээний газар нутаг, талбайтай бvхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан тохиолдолд хvсэлт гаргасан талбайг олгохоос татгалзаж, тухайн өргөдлийг бvртгэлээс хассанд тооцно” гэсэн Ашигт малтмалын тухай хуулийн 14.9.2 дахь заалтыг зөрчсөнийг Үндэсний аудитын газар 2007 онд шалгаж баталсан гэх мэдээлэл үндэслэлтэй эсэхийг таниас давхар лавлаж байна лээ шүү, Ерөнхий сайд аа.
Л.НИНЖСЭМЖИД
НИЙГМИЙН ТОЛЬ
URL:













