Орхигдсон музей-1

271-5(3)“Зайтай яв. Дээрээс юм унах аюултай” гэж энд тэндгүй бичин барилгынхаа гадна талбайд туузаар хаалт хийсэн балгас болсон Байгалийн түүхийн музейн барилгыг төрийн өндөрлөгүүд ажил руугаа орох бүртээ хардаг байх.

Төрийн ордны баруун хойно орших бүрэн эрхт улсын маань олон зуун жилийн түүхийг үүцэлсэн энэ байшинг, энэ өвийг, энэ үнэт соёлыг хайхарч байгаа мяндагтан өнөөдөр алга байна. Дэлхийн улс орнууд түүх соёлоо сурталчилж, байгаагүй түүхийг дэлгэцэнд мөнхөлж, хойч үедээ үлдээн дэлхий нийтэд түгээх соёлын бодлого, хувьсгал явуулж байна. Харин 2000 гаруй жилийн агуу түүхтэй тэмцэгч Монгол Улсын үр сад бид энэ цаг үед түүхээ умартаж, соёлоо түгээхэд төр засаг ч тэр, түүний иргэн болсон бид ч хойрго хандсаар иржээ. Шинэ үе, мянганы монгол үрс түүхээ, соёлын өвөө, дурсгалт зүйлсээ мэдэхгүй өсч торниж байна.

Үгүйдээ л ерөнхий боловсролын сургуульд музейгээр аялуулах хөтөлбөр багтаагүй байх жишээтэй. Он цаг улирч бүх зүйлс хуучирч, зарим нь тухайн цаг хугацаандаа уусч алга болоход хүн төрөлхтнийг амьдарч байсныг илтгэх ганц зүйл нь түүх соёлын дурсгалт зүйл, олдворууд юм. Үүнийгээ хайрлаж, хамгаалж, хойч үедээ бүтэн үлдээх нь бидний үүрэг гэлтэй. Тиймдээ ч “Үндэстний ТОЙМ” сэтгүүл орхигдсон салбар болох түүх, соёл, шинжлэх ухаан, архив зэрэгт тулгамдаж буй асуудлыг цувралаар хөндөхөөр шийдлээ. Энэ удаа Байгалийн түүхийн музейг онцолж байна.

ҮЗМЭР БАЙНА, БАЙШИН АЛГА

Орхигдсон музей-1

Манай улс аялал жуулчлалыг хөгжүүлнэ, жилд төдөн мянган жуулчин хүлээн авна гээд янз бүрийн уриа лоозон хэлж, хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэ бодлого нь цогцоор хэрэгждэггүй, цаасан дээр үлдсээр иржээ, өнгөрсөн 20 гаруй жилд. Үгүй ядаж л Монголд аялахаар ирсэн жуулчин “Танай түүх, соёлын үзмэрүүдтэй танилцъя, музей үзье” гэхэд бид үзүүлэх харуулах зүйлгүй л сууж байна. Үзүүлэх харуулах үзмэргүйдээ биш түүнийг дэлгэж тавих байргүй болсоор гурван жилийг үджээ. Монгол Улсын ууган музей Байгалийн түүхийн музейн барилгыг 1956 онд барьж, ашиглалтад оруулж байжээ. Гэхдээ зориулалтын бус. Тухайн үедээ Хөдөө аж ахуйн дунд сургуулийн зориулалтаар барьж байсан аж. Гэсэн ч анги танхимыг музейн зориулалтаар ашиглаад өдий хүртэл явж ирсэн энэ барилгыг 2014 онд МХЕГ нурах аюултай барилгуудын жагсаалтад оруулж, ШУТИС-ийн харьяа Барилгын материалыг шинжлэн судлах лабораториас ашиглах боломжгүй гэх дүгнэлт гаргажээ. Тэд ийм дүгнэлт гаргахдаа үнэхээр барих төсөв мөнгөгүй бол барилгадаа хүчитгэл хийж болно гэдгийг хэлсэн байна. Хүчитгэл хийхэд дахин барихтай адил хэмжээний зардал гарахаас гадна барилгын даац хүчитгэл хийхэд хүч хүрэхгүй, нурах аюултай гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлжээ.

Онцгой байдлын албаныхан ч танай барилга газар хөдлөлтийн гурван баллын чичиргээ даахгүй шүү гэдгийг анхааруулсан учир аргагүйн эрхэнд үзмэрүүдээ фонд руугаа зөөж, музейгээ хаажээ. Музейн дээврийн элэгдэж, хуучирсан чулуун чимэглэлүүд хэзээ мөдгүй хүн дээр унаж мэдэхээр болсон харагдана. Энэ чимэглэл дунджаар 12-14 кг жинтэй аж. Музейн удирдлагууд 2014 онд Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд хандаж, яам яаралтай арга хэмжээ авч өгсөн байна. Шинээр зориулалтын музейн барилга барих шаардлагатай гэж салбарын яам үзэн 280 сая төгрөгийг улсын төсөвт суулгаж, зураг төслийн компани музейн зургийг гаргаж өгчээ. Тодруулбал, одоо байгаа Байгалийн түүхийн музейн газар буюу 0.3 га газарт долоон давхар 15000 ам метр талбай бүхий барилга барих зураг төсөл гарсан байна. Гэсэн ч үүнийг барих хөрөнгө мөнгөгүй учир ажил гацжээ.

Нэгэнт байдал ийм болсон учир Байгалийн түүхийн музейн хамт олон БНСУ-ын КОЙКА, Японы ЖАЙКА байгууллагад хандаж, тусламж хүссэн байна. Японы тал буцалтгүй тусламж өгдөг улсаас танайх хасагдсан гэсэн хариу ирүүлсэн ч БНСУ-ын КОЙКА байгууллага итгэл төрүүлсэн аж. Тиймээс уйгагүй хөөцөлдсөний эцэст 2016 оны долдугаар сард болсон АСЕМ-ын уулзалтын өмнө тавдугаар 18-20-нд Ерөнхийлөгч БНСУ-д айлчлах үеэр нь “Манай Байгалийн түүхийн музейг барьж өгөөч” гэж хэлүүлж чаджээ. Төд удалгүй тус улсын Ерөнхийлөгч манайд айлчлахдаа музейн барилгыг буцалтгүй тусламжаар барьж өгөхөө амласан байна. Одоо байгаа Байгалийн түүхийн музейн мэдлийн 0.3 га газар жижиг байна гэдгийг БНСУ-ын талаас томилогдсон ажлын хэсэг хэлжээ. Тиймээс шинээр газар авах асуудал үүсч, асуудал гацсан байдалтай байгаа аж.

Э.БАТ-ҮҮЛТЭЙ ЮУ ГЭЖ ЯРЬСНЫГ БИД МЭДЭХГҮЙ. ОДОО БОЛОМЖГҮЙ

Монголд БНСУ-аас музейн барилгыг барих 12 хүний бүрэлдэхүүнтэй судалгааны ажлын хэсэг өнгөрсөн оны аравдугаар сард ирсэн аж. Уг ажлын хэсэгт БНСУ-ын Гадаад яамны газрын дарга, КОЙКА-гийн Азийн газрын захирал нь тэргүүлж, мэргэжлийн эдийн засагч, инженер, дизайнеруудтай ирсэн. байна.

Монголд ирээд газрын асуудалтай тулгарч, тэд “Танайх хэлсэн ярьсандаа байсангүй” хэмээн бухимдаад нутаг буцацгаажээ.

Байгалийн түүхийн музейн захирал Н.Зоригтбаатар

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа газрын асуудлыг нийслэлийн Засаг даргатай ярьж шийдэж өгөхөө хэлсэн. Энэ дагуу Ерөнхийлөгчийн Тамгын газраас над руу утасдаад “Таныг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хоёр хувилбартай газрын аль нэгийг сонгож болно. Тэгээд салбарын сайд Лу.Гантөмөрт бичиг яаралтай өгч, сайдын бичгийг Э.Бат-Үүл даргад өг” гэсэн. Би тэр даруй хоёр цагийн дотор газраа үзээд, салбарын сайддаа хэлж, маргааш нь Э.Бат-Үүл даргад бичгээ хүргүүлсэн. Газраа ч сонгочихоод байв. Гэтэл 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа бүх зүйл өөрчлөгдсөн. Уг нь БНСУ-ын тал манай музейн үзмэрүүдийг үзээд маш сайн бэлдсэн байна гэсэн.

БНСУ-ын талаас томилогдсон ажлын хэсэг шинэ хотын даргатай хоёр ч удаа уулзсан ч газар өгөхгүй гэсэн хариу сонссон байна. Хотын удирдлагууд дэд бүтэцгүй “Морингийн даваа”, “Ургах наран” хороолол, “Ногоон нуур” гэсэн гурван газрыг зааж өгсөн ч БНСУ-ын мэргэжлийн инженер нь үзээд музейн барилга барих боломжгүй гэж хэлжээ. Уг нь БНСУ-ын КОЙКА-гийн байгууллага 53.8 сая ам.долларын өртгөөр орчин үеийн стандартад нийцсэн зориулалтын музейн барилга барьж өгөх төсөл ярьж байв.

Энэ бол Монголын соёлын салбарт өмнө нь орж ирж байгаагүй том төсөл гэдгийг Н.Зоригтбаатар захирал халаглан өгүүлж байлаа. Түүний туйлын хүсэл зорилго нь тэтгэвэртээ суухаас өмнө зориулалтын музейн барилгатай болж, үзмэрүүдээ байрлуулах аж. Хэрэв газрын асуудлыг нь шийдээд өгвөл Ази тивийн төрөлжсөн Байгалийн түүхийн хамгийн том музейтэй болох аж. БНСУ-ын тал гурван га газарт 15 мянган ам метр талбайтай музей байгуулж өгөхөөр тохирч, өөрсдөө зураг төслөө хийж, хуучин зургийг ашиглахгүй гэж байсан ч өнөөдөр ийн гацаанд ороод байна. Олон улсын стандартад музейг гурван давхраас доошгүй, том талбайд барьдаг аж.

ӨНГӨРСӨН 60 ЖИЛД НЭГ Ч УДАА ИХ ЗАСВАР ХИЙГЭЭГҮЙ

Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт олон улсын жишигт нийцсэн, стандартын шаардлага хангасан Байгалийн түүхийн музейг шинээр байгуулахаар тусгасан. Хэрхэн шийдэх талаар одоогоор ямар нэгэн шийдэл байхгүй байгаа аж. Байгалийн түүхийн музейд өнгөрсөн 60 жилийн хугацаанд нэг ч удаа их засвар хийгээгүй гэнэ. Гэтэл Азийн зарим оронд музейн төсвийг улсаас өгч, үзмэр үзүүлж олсон орлогоо өөрсдөө зарцуулах эрхтэй байдаг юм байна.

Н.Зоригтбаатар

Хятад, Япон, БНСУ-ын мэргэжилтнүүд 30 гаруй жилийн өмнө манайх танай өнөөдрийнх шиг байсан. Ийм үед соёлын үнэт өвүүдээ алдах эрсдэлтэй байдаг юм билээ. Үнэ хямд байхад аваад явчихдаг, тиймээс байгаа баялгаа хадгалж хамгаалмаар байна. Хувцас хунар, эд өлгийн зүйл, динозаврын яс манайх хэчнээнийг алдав. Үзээгүй бол итгэхгүй байх зүйлийг Японы музейгээс үзэж байсан. Бид үзмэрийнхээ 10 хувийг л дэлгэж байв. Дэлхийн музейнууд 23 хувийг нь гаргадаг юм билээ. Манайх 13 мянган үзмэртэй. Хуучин барилгад 1200 үзмэр тавьж байсан. Багтаамж нь л тэр. Шинэ байртай болвол 30 хувиа дэлгэж үзүүлэх сонирхолтой байна.

Тэр музейн барилга бариулах хүслээ орхиогүй одоо ч уйгагүй хөөцөлдөж байгаа аж. Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэр БНСУ-ын Ерөнхийлөгчтэй уулзах тов байжээ. Тэр үеэр музейн барилгын талаар хэлж өгөөч гэсэн албан бичгийг Ерөнхийлөгчид хүртэл хаягласан байна. Тус музейн жилийн төсөв өмнө нь 500 орчим сая төгрөг байсан бол одоо маш бага болсон байна. Тус музей нийт 42 ажилтны орон тоотой ч 20 хүнээ л ажиллуулж байгаа аж. Үзмэрээ олон нийтэд үзүүлээд төсөвт жилд 160 орчим сая төгрөг төвлөрүүлдэг байсан ч барилгагүй учраас фонддоо хураажээ. Манай улсын ууган музейн дүр төрх нэг иймэрхүү байдалтай байна.

Гаднын улс орнууд соёлын салбараа бодлогоор дэмжиж, өөд татаж байхад бид улам доройтуулсаар байх.

Зургаан сая хүн амтай Сальвадор улс эдийн засгийн хувьд буурай хэдий ч улсдаа ирэх зорчигч бүрийн онгоцны тийзийн үнэд 10 ам.доллар нэмээд орлогоор нь музейнүүдээ санхүүжүүлдэг аж. Урьдчилаад төлбөрийг нь авсан учир жуулчдад музейгээ төлбөргүй үзүүлдэг байх жишээтэй. Харин дөрвөн сая хүнтэй Коста Рика улс бас энэ аргыг хэрэглэж орлогоор нь аялал жуулчлалын сан бүрдүүлжээ. Дэлхийн улс орнууд соёлоо олон нийтэд түгээх, сурталчилахаар энэ мэт ажлууд хийж байхад манай төр засаг соёлын салбарын бодлогоо орхигдуулж ирсэн нь өнгөрсөн 20 гаруй жилд явж ирсэн тогтолцооноос харагдахаар байна.

eagle.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих