Ц.Анандбазарын бузар үйл

Нэгэн цагт Н.Энхбаярын туслах байсан Ц.Анандбазар гэдэг залуу том захирал болж гэнээ. Шатахууны бизнес эрхлээд ихэд баяжсан юм байх. Шүүх, цагдаа, мэргэжлийн хяналт гээд төрийн байгууллагууд хэзээ ч түүнийг дийлдэггүй юм гэсэн. Дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх дуртай Ц.Анандбазартан ирэх сонгуульд Дорноговь аймгаас нэр дэвшин УИХ-ын гишүүн болох юм байх. Одоо байгаа 76 ухнаа яая гэж байхад тэднээс илүү нэг ухна нэмчихээр шударга ёс энэ тэр гэж яриад ч хэрэггүй болно биз. Түүнд Эрүүгийн хуулийн дордохын долоон ширхэг зүйл ангиар хэрэг үүсгэсэн ч хэн ч түүнийг шалгаагүй өдий хүрчээ.
Гаалийн газарт дарга байж байгаад хэрэгт төвөгт орооцолдон аавын хаалгаар ороод гаднаас нь хаагаад гараад ирсэн Д.Адшаатай хөтлөлцөн ТӨХ-ны дарга Д.Сугарын сонгуулийн сурталчилгаанд 2004 онд гүйж явсан. Д.Сугар найз нь өдгөө АТГ-т сэжигтнээр байцаагдаж буй.
Иймэрхүү хэсэг нөхдүүд  мөнгөөр бүхнийг шийдэж, хүнийг сэтгэл зүрх, гэр бүл эрүүл мэнд, эд хогшилтой нь худалдаж аваад дарлаж болно гэж ойлгодог бололтой юм. Д.Сугар найз нь өнгөрсөн зун нутгийнхаа наадамд нисдэг тэрэг хөлөглөн очиж, тэнгэрээс чихэр, мөнгө цацан шоудсан нь бас сонгуульд нэр дэвших том хүслээ дарж ядаж явсан хүсэл тачаал гэнэ.
Д.Сугар, Р.Содхүү нарын ивээлээр намайг хэн хэлж, нохойг хэн саахав хэмээн аархаж авдаг шинэ цагийн цээж баян Ц.Анандбазарт төрөө дээдлэх сэтгэл өчүүхэн ч үгүй бөгөөд төрийн өмч рүү дураараа халддаг дархлагдсан “ноён”.
Сод Монгол групп нь 1999 онд байгуулагдсанаас хойш нийслэл хотын хэмжээнд 30 гаруй салбартай. Гэвч тэдэнд мөнгө л сонин болохоос бусдын эрүүл мэнд аюулгүй байдал сонин биш бололтой. НМХГ -аас “Сод Монгол” группын 10 гаруй ШТС хууль бусаар ажиллаж байгаа гэсэн дүгнэлт гаргасан боловч, хууль дүрэм үйлчилдэггүй, ажилласаар л байна. Шавааралдсан Улаанбаатарынхны хэвтэш дотор нь дарь булж чаддаг зоригтой хэнэггүй монгол хүн Ц.Анандбазараас өөр олдохгүй.
МТҮП-ын барилгыг дур мэдэн нурааж, дарга захирлыг нь оруулахгүй хамгаалалтаар харгалзуулан хятадуудын өмдний өлгүүр болгож байгаа хүн бол Ц.Анандбазар. Тус барилга нь төрийн өмч бөгөөд МТҮП-тай 2010 онд түрээсийн гэрээ байгуулсан байна. Түрээсийн гэрээ байгуулсны дараа хэдэн сар дараалан түрээсийн төлбөрөө төлөлгүй луу унжжээ. Иймд МТҮП-ийн захиргаа түрээсийн гэрээгээ цуцлах хүсэлт тавьсан боловч үл хайхарсан тул Сүхбаатар дүүргийн шүүхэд хандсан аж. Түрээсийн гэрээг “Сод монгол” компанийн охин компани болох “Дархан Өэлүн эх” компанитай байгуулжээ. Түрээслэгч компанийхан МТҮП-ийн захиргаа болон Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрийг үл хайхран үйл ажиллагаагаа явуулсаар байсан тул дахин Нийслэлийн шүүхэд давж заалджээ.
Нийслэлийн шүүхийн шийдвэр өнгөрөгч 6 дугаар сарын 22-нд МТҮП өөрийн байраа буцаан авч, түрээсийн гэрээг цуцлах ёстой гэсэн шийдвэр гарсан боловч мөн л өнөөг хүртэл хэрэгжээгүй байна. Шүүхийн шийдвэрийг ч үл тоон “Сод монгол” компанийхан төрийн өмчийг нураан, барилгын хийцийг өөрчилж, барилгын ажил ид дундаа явж байна.
Түүгээр ч үл барам МТҮП-ийн дарга, удирдлагууд, ажил хариуцсан хүмүүсийг хамгаалалтын албаар саатуулан засвар хийж байгаа хэсэгтээ ойртуулах ч үгүй байгаа ажээ. Ёстой л нөгөө даварсаар даварсаар Дагвын орон дээр нь гараад суучихжээ гэдэг шиг эзнийг нь хүртэл хөөж, туун барилга байшинг нь нураагаад эхэлчихсэн байна.
Аргаа барсан МТҮП-ийнхан мэргэжлийн хяналтын газар, цагдаа гээд эрх мэдэл бүхий төрийн албаныхныг дуудсан боловч бахь байдгаараа. Тэднийг шалгалт хийгээд явангуут л “Сод монгол”-ынхон ажилдаа ордог. Одоо ч төрийн өмчид халдсан үйл ажиллагаа үргэлжилж байна.
Энэхүү нийслэлийн өмчийн 1500 м.кв байрыг “Сод монгол” компани анх кинотеатрын зориулалтаар түрээсэлжээ. Тэд кинотеатрын үйл ажиллагаа явуулахын тулд байрыг зориулалтын дагуу засах ёстой хэмээн тайлбарлаж байгаа юм. Хэдий тийм байлаа ч төрийн өмчид зөвшөөрөлгүй, дур зоргоороо халдана гэдэг гэмт хэрэг юм. Зохих хууль, журмын дагуу зөвшөөрлөө аваад үйл ажиллагаа явуулах эрх хэнд ч нээлттэй.

Ц.Анандбазартан улс нийгэмдээ ингэж хандаж байгаа юм чинь хувийн компанидаа хэрхэн ёс бусаар авирлаж байдаг тухай баримтууд бий. Тэрээр долоо хоногт хоёр удаа хурал хийдэг бөгөөд ажилчидаа байнга хараалын хамгийн муу муухай гэсэн vгээр дайрч доромжлон гар хүрч дээрэлхдэг. Мөн эмэгтэй ажилтнууддаа бэлгийн дарамт үзүүлдэг тухай ажилтнууд нь халаглан ярьдаг байна.
Ийм нэгэн этгээд УИХ-ын гишүүн болно гэж сагаж яваа нь монгол төрийг гутаан доройтуулах гэсэн харь гүрний их мөнгөний сонирхол байж мэдэх.

Б.Жонон

URL:

Сэтгэгдэл бичих