Цахим гэмт хэргийн 30 орчим хувийг фэйсбүүк ашиглаж үйлджээ
Улсын хэмжээнд явуулсан судалгаагаар 2019, 2020 он, 2021 оны гуравдугаар улирлын байдлаар цахим төрлийн нийт 4593 хэрэг шалгагдсаны дийлэнх буюу 89.7 хувийг интернэт хэрэгсэл ашиглаж залилах гэмт хэрэг эзэлж байна. Тодруулбал, 2019 онд 880 хэрэг шалгагдсан бол, 2020 онд 1099 хэрэг болж 24.9 хувиар өссөн. Харин 2021 оны гуравдугаар улирлын байдлаар 2140 хэрэг шалгагджээ. Цахим хэрэгсэл, цахим сүлжээ ашиглан үйлдэж буй хэргийн дийлэнх буюу 30 орчим хувийг “Facebook” мэдээллийн сүлжээ ашиглаж үйлдсэн, үүнээс 95.6 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна.
Энэ төрлийн гэмт хэргийн арга хэлбэр улам нарийсч байгааг иргэдэд анхааруулж байна. Гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүс тодорхой нэг мэдээллийн сайтыг дуурайн хуурамчаар хийж, хүмүүсийн сонирхол татсан мэдээллийн зургийг ашиглан мэдээллийг дэлгэрүүлэн үзэх холбоосыг байршуулдаг. Тэр мэдээллийг нь иргэд үзэхийн тулд тухайн холбоосоор нэвтэрч, дараагийн сайт руу дамжин ордог. Гэтэл уг сайт нь хуурамч сайтууд байдаг бөгөөд холбоосоор нэвтэрснээр хэрэглэгчээс фэйсбүүкийн нэр, нууц үгийг шаарддаг. Хэрэглэгч нь нэр, нууц үгээ хийгээд нэвтэрсэн тохиолдолд хуурамч сайт нь мэдээллийг автоматаар хадгалан авч, улмаар иргэдийн фэйсбүүкийн нэр, нууц үгийг ашиглаж, иргэдийг хохироодог. Ихэнх хүмүүс ухаалаг утас болон компьютер дээрээ баталгаагүй газраас татсан файлтай байдаг. Мөн зөөврийн флаш диск, интернет, сүлжээгээр дамжин тусгай зориулалтын вирус татагдаж суудаг байна. Иргэд цахим сүлжээнд хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үгээ өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, өөрийн болон гэр бүлийн гишүүний утас, автомашины дугаар гэх мэт бусад хүн мэдэж тааварлаж болохуйц байдлаар үүсгэдэг. Энэ байдлыг гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүс ашиглаж хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үгийг хууль бусаар олж авч хэрэглэгчийн системд хялбар аргаар нэвтэрч, тухайн хүний найз нөхөд, хамаатан садан, хамт ажилладаг ойр дотны хүмүүс рүү нь мөнгө зээлэх тухай зурвас илгээн төөрөгдөлд оруулж, өөр хүний дансны дугаараар мөнгийг шилжүүлэн авч залилж байна. Мөн хэрэглэгчийн данс болон зээлийн картын мэдээлэлд хууль бусаар халдаж, иргэдийн данснаас мөнгө гуйвуулан авдаг болохыг прокурорын байгууллагаас анхаарууллаа.
Судалгаагаар мөрдөн байцаалтын нийт 1826 хэрэгт 526 хүнийг яллагдагчаар татсан. Гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг хүйсийн байдлаар нь судлахад 354 буюу 67.3 хувь нь эрэгтэй, 172 буюу 32.7 хувь нь эмэгтэй хүн байна. Насны хувьд 13 буюу 2.5 хувь нь насанд хүрээгүй, 244 буюу 46.4 хувь нь 18-25, 244 буюу 46.4 хувь нь 26-45, 25 буюу 4.8 хувь нь 45-аас дээш насны хүмүүс байна. Боловсролын хувьд дийлэнх нь буюу 75.9 хувь нь бүрэн дунд боловсролтой хүмүүс байгаа юм. Ажил эрхлэлтийн хувьд 21.1 хувь нь эрхэлсэн ажилтай, 78.9 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс байна. Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэхэд, залилах гэмт хэргийг ихэвчлэн 18-45 насны, бүрэн дунд боловсролтой, тодорхой эрхэлсэн ажилгүй, хохирогчтой ямар нэгэн харилцаа хамааралгүй, таньж мэдэхгүй хүмүүс үйлдэж байна гэсэн дүн гарчээ.
URL:




