Р.Даваажав: Аргил, баргил, цээл хоолойгоор хоршин хөөмийдөж, товшуур хөгжмөө хуурдахад танхимд суугаа үзэгчид нам гүм болдог
Хөөмийн яруу тунгалаг аялгуунаас шувууны жиргээ, салхины исгэрээ, горхины хоржигноон, хүрхрээний нүргэлээн, голын хайрга сайрын чулуу үл мэдэг хөдлөх зэрэг байгалийн түмэн өнгийн мянган гайхамшигт авиаг сонсож, сэтгэлийн амар амгаланг мэдэрч болно. Монгол нутгийн байгалийн гоо сайхныг мэдэртэл нь аргил, баргил, цээл хоолойгоор хоршин эгшиглүүлэн хөөмийдөн, товшуур хөгжмөө хуурдахад танхимд суугаа үзэгчид амьсгалаа даран нам гүм болдог юм хэмээн Ховд аймгийн Чандмань сумын хөөмийч Р.Даваажав хуучлав.
Хөөмийч Р.Даваажав 1985 оны үед Холбооны бүгд найрамдах Герман улсад болсон “Монгол соёлын өдөрлөг”-т оролцож хөөмийгөө эгшиглүүлэхэд монгол хөөмийг хүн хөгжим гэж нэрлэн, дэлхийн олон улс орны хүмүүс шагшин магтаж байсан гэдэг.
Хөөмийн яруу тансаг ялгууг дэлхийн олон улс оронд таниулж яваа Р.Даваажав хөөмийч 2016 онд Франц улсын бүх муж, хотоор аялан тоглолт хийж, монголын язгуур урлагийг олонд сурталчилж байсан нэгэн билээ.
Түүний хөөмийн урлагийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй. Тэрээр зөвхөн монголд л байх соёлын биет бус өвийг хөгжүүлэхийн тулд 17 настайгаасаа эхлэн өдгөө 52 жилийн амьдралаа зориулж явна.
Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Р.Даваажавыг зорин ирж хөөмий сурах хүн олон, тэрээр 50 гаруй шавь бэлтгэсэн бөгөөд Франц, Япон хүн хүртэл хөөмий сурахын тулд Ховд аймагт түүнийг зорин ирдэг аж. Хөөмийч маань орон нутагтаа малаа маллаж амьдрахаас гадна сургуулийн хүүхдүүдэд хөөмий, ерөөл магтаал, товшуур хөгжим зааж соёлын биет бус өвөө өвлүүлэн уламжлуулж байна.
Монгол хөөмий бол ямар нэгэн хөгжмийн зэмсэггүйгээр бүхэл бүтэн найрал хамтлагийг ч орлож чадах боломжтойгоороо хорвоод хосгүй аман хуур буюу хоолойд орших орган юм.
URL:




