Б.Бат-Эрдэнэ: Боксын холбоонд төрөөс олгодог санхүүжилтийг зогсоох мэдэгдэл хүргүүлсэн

IMG_3988Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр /2023.10.18/ хэлэлцсэн асуудлын  талаар холбогдох сайд нар мэдээлэл хийлээ.

Допингийн эсрэг төвийг эхний ээлжинд олон нийтэд нээлттэй болгохыг Засгийн газраас холбогдох сайдад үүрэг болгожээ. Мөн бүтцийн болон дүрмийн өөрчлөлт хийж, ТУЗ, Удирдах зөвлөлд спортын бүхий л холбооны оролцоог хангасан байх шаардлагыг тавьсан байна. Мөн Үндэсний бөхийн спортод үүсээд байгаа допингийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэж, олон нийтийн хэлэлцүүлэг хийх, цаашид үндэсний спортод допингийн шинжилгээ хийх шаардлагатай эсэх талаар зөвшилцөлд хүрэх ёстой үзжээ.

Энэ тухайд Спортын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл өглөө. 

Тэрээр “Азийн наадмын үеэр Дэлхийн допингийн эсрэг байгууллагын удирдах зөвлөлийн хурал Шанхайд болсон. Энэ үеэр Ази номхон далайн бүс хариуцсан захирал Ё.Хаяаши болон WADA-гийн удирдлагуудтай уулзсан.  Тус байгууллагын зүгээс Монгол Улсын допингийн эсрэг үйл ажиллагаатай холбоотой хууль эрх зүйн зохицуулалтаа боловсруулангуй болгох шаардлага байгааг зөвлөсөн. Энэ дагуу өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгад допингтой холбоотой бүлэг, заалт оруулах тухай хэлэлцлээ. Бусад орнуудад ч WADA-гийн зөвлөмжөөр энэ тухай хуульдаа оруулсан байдаг. Өнгөрсөн жил WADA Монгол Улс допингийн эсрэг үндэсний дүрмээ 10 дугаар сарын 27-ны дотор батал гэсэн шаардлага тавьсан учраас Засгийн газар заасан хугацаанаас өмнө баталж, хүлээсэн үүргээ биелүүлсэн.

-ОХУ-ын тамирчдыг Монголын нэрийн өмнөөс оролцуулах асуудал огт яригдаагүй. Хаана ч ийм асуудал яригдаагүй. Миний хувьд Монгол улсын шигшээ багт гадны легионор тамирчныг авч, Монгол Улсын нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд оролцуулахын эсрэг байдаг.

Азийн наадамд оролцсон хүндийн өргөлт, боксын тамирчдаас допинг илэрсэн асуудлын хувьд тухайн тамирчны харьяалагдаж байгаа хорооны санхүүжилтийг зогсоох хүртэл арга хэмжээ авахаар дүрэм, журамдаа заасны дагуу БТСҮХ-ноос Боксын холбоонд мэдэгдэл хүргүүлээд байна. Үнэхээр допингтой холбоотой асуудал над дээр гарч ирвэл би хариуцлагаа хүлээхэд бэлэн. Хууль хяналтын байгууллага энэ асуудлыг эцсээ хүртэл шалгах хэрэгтэй.


URL: