Олзлогдогсдын аминаас илүү эрх ашиг
ОХУ өнгөрсөн сарын сүүлээр Украины эзлэгдсэн бүс нутгуудад ажиллаж байсан сэтгүүлч Виктория Рощинагийн цогцсыг эх оронд нь буцаасан билээ. Викториа Рощина Орост эзлэгдсэн нутаг дэвсгэрээс 2023 онд сураггүй болсон бөгөөд түүнийг оросуудад баривчлагдсан байсныг сүүлд тогтоожээ. Харамсалтай нь, оросууд түүнийг баривчлаад зогсохгүй эрүүдэн шүүж, эд эрхтнийг нь авсан болохыг Украины прокурорууд шүүх эмнэлгийн шинжилгээнд үндэслэн мэдээлсэн юм.
“ВВС”-ийн мэдээлснээр ОХУ-д 8000 гаруй украин хүн олзлогджээ. Өөр 60 мянган хүнийг сураггүй алга болсонд тооцож байна. Үүнд зөвхөн цэргүүдээр тогтохгүй сэтгүүлчид, олон нийтийн идэвхтнүүд, багш нар, жирийн иргэд ч багтаж буй.
Тэгвэл Оросын олзноос суллагдсан украинчуудын 90 хувь нь эрүү шүүлт амссан гэдгээ энэ оны эхээр мэдээлжээ.
Үүний зэрэгцээ ОХУ Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөгчдийг олзлогдогсодтой уулзахыг зөвшөөрдөггүй нь анхаарал татам.
Нөгөө талд Украины эрх баригчид дайны хоригдлууд болон барьцаалагдсан энгийн иргэдээ нэг ч хүн үлдээлгүй суллахын төлөө тасралтгүй ажиллаж байна. Юун түрүүнд хүнд шархадсан, хүнд өвчтэй, эмэгтэйчүүд, удаан хугацаанд олзлогдсон хүмүүсээ эргүүлэн авах шаардлага тавьж буй. Хоригдол солилцооны аливаа хэлэлцээ хийхдээ эдгээр ангилалд тэргүүлэх ач холбогдол өгдөг.
Украины талд ч бас олзны оросууд мэдээж бий. Гэхдээ Украин тэднийг урт хугацаанд баривчлах сонирхолгүй байна. Эсрэгээрээ тэднийг олзны украинчуудтай аль болох эртхэн солилцохыг хүсч байна. Украины Дайнд олзлогдогсдыг эмчлэх ажлыг зохицуулах штаб хоёр долоо хоног тутамд олзлогдогсдыг солилцоход бэлэн гэж мэдэгдээд буй.
Гэвч ОХУ хуурамч мэдээлэл тарааж, украинчуудад сэтгэл зүйн дарамт үзүүлэхийн тулд солилцооны үйл явцыг зориудаар хойшлуулж байна. Олзны хүмүүсийн ар гэрийг байнгын айдас хүйдэс дунд тодорхойгүй байдалд байлгах нь Кремлийн стратеги гэж үзэж байна.
Нэг жишээ татвал, ОХУ 2024 онд Украины эргүүлэн авахыг хүсээгүй олзныхон гэсэн хуурамч жагсаалтыг олон нийтийн сүлжээгээр тараажээ. Энэхүү ташаа мэдээллийн зорилго нь украинчуудыг өөрсдийнх нь засгийн газрын эсрэг босгох, дотоод эв нэгдлийг алдагдуулах юм.
Украины арми Оросын энгийн иргэдийг олзны цэрэг болгон авч байна гэж Кремль буруутгажээ.
Гэхдээ Улаан загалмайн нийгэмлэг, НҮБ, дэлхийн хэвлэл мэдээлэл, олон улсын хүний эрхийн байгууллагуудын төлөөлөгчид Украин дахь олзны орос цэргүүдийн нөхцөл байдлыг байнга хянадаг. Тэдний асуудлыг олон улсын холбогдох конвенцоор зохицуулдаг гэдгийг анхаарууштай.
Харамсалтай нь, Оросын мэдэлд байгаа украинчуудыг ямар ч хууль тогтоомж хамгаалж чадахгүй байгаа бололтой. Тэднийг хүнлэг бус нөхцөлд хорьж, эрүүл мэнд, амь насанд нь байнга заналхийлсныг баримтаар нотолсон нь олон. 2024 оны арванхоёрдугаар сарын байдлаар Украины 184 иргэн, түүний дотор 15 энгийн иргэн Оросын олзонд байхдаа нас баржээ. ОХУ-ын шүүх эмнэлгийн шинжээчид тэдний нас баралтын шалтгаанаар архаг өвчин, сүрьеэ, зүрхний дутагдал зэргийг нэрлэжээ.
Гэвч суллагдсан украинчууд өөр зүйл хэлж буй. Олзонд байх хугацаандаа нас барсан хүмүүсийн цөөнгүй нь цахилгаанд цохиулж, зодуулж, тарчилж, өлсөж нас баржээ.
ОХУ солилцоог удаашруулж буй нэг шалтгаан нь дайны гэмт хэргүүдээ нуун дарагдуулах юм.
Украины Дайнд олзлогдогсдыг эмчлэх ажлыг зохицуулах штаб нийт 64 удаа солилцоо зохион байгуулж, 4757 иргэнээ эх орондоо авчирсан. Цаашид ч солилцоо зохион байгуулж, иргэдээ эргүүлэн авчрахад бэлэн. Гэсэн ч Оросын тал иргэдээ тоохгүй байна гэж үзэж байна. Украины олзонд хоёр жил гаруй болсон оросууд ч бий.
Эдгээр бүх солилцоо олон улсын байгууллагуудын нарийн хяналтан дор явагддаг. Цаашилбал, Арабын нэгдсэн Эмират, Ватикан зэрэг нэр хүндтэй зуучлагчид үйл явцад оролцож байна.
Женевийн гуравдугаар конвенцийн заалтын дагуу Холимог эмнэлгийн комиссуудыг байгуулж, хүнд өвчтэй болон хүнд шархадсан хоригдлуудыг харилцан эх оронд нь буцаах үйл явцыг нээх боломж талуудад бий. Холимог эмнэлгийн комисс нь төвийг сахисан орны хоёр эмч, олзлогдогч орны гурав дахь эмчээс бүрддэг. Тэд олзлогдогсдын нөхцөл байдлыг үнэлж, шаардлагатай бол тэднийг төвийг сахисан улсад эмчилгээнд явуулахыг санал болгох үүрэгтэй.
Орос, Украины талууд хамгийн сүүлд тавдугаар сарын 25-нд харилцан 1000, 1000 олзны цэрэг сольсон. Энэ нь дайн эхэлснээс хойших хамгийн том хоригдол солилцоо байв. Гэвч Мариуполь хотыг бүслэх үеэр Азовсталь үйлдвэрийг хамгаалж байсан хоригдлуудын нэг нь ч тэдний дунд байгаагүй. Эндээс ОХУ ямар хоригдлуудыг өгөх сонирхолгүй байгаа нь тодорхой болжээ.
Украины эцсийн зорилго бол иргэдээ эх оронд нь авчрах. Оросын олзны цэргүүдийг бүгдийг нь буцааж өгөхөд бэлэн байгаагаа тэд илэрхийлж байна. Гэвч ОХУ үнэхээр олзны хүмүүсээ хүсч байна уу?
ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES
URL:




