Рублийн ханш хаданд гарав

Russian-ruble-810x500Удаан үргэлжилсэн дайн, газрын тосны үнийн бууралт, хатуу хориг арга хэмжээ, уналтад орсон эдийн засаг гээд олон хүчин зүйл байгаа ч Оросын рублийн ханш өссөөр байгааг “CNBC” агентлаг мэдээллээ. “Bank of America”-ийн мэдээлснээр, 40 гаруй хувийн өсөлт нь рублийг дэлхийн хамгийн сайн үзүүлэлттэй валют болгож байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд ханш нь огцом унасан рубль ийнхүү эргэн сэргэхэд юу нөлөөлсөн бол?

Энэ нь хөрөнгийн хяналт, мөнгөний бодлоготой холбоотой гэхээс илүү гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл гэнэт өссөнтэй холбоотой гэж зах зээлийн ажиглагчид үзэж байна. Үүний зэрэгцээ ам.долларын ханш сул байгаа нь аз болов.

Рублийн ам.доллартай харьцах ханшийг энэ оны нэгдүгээр сараас хойших байдлаар доорх зурагт харуулав.

“Уэллс Фарго”-гийн олон улсын эдийн засагч, валютын стратегич Брендан МакКенна рублийн ханш өсөх гурван шалтгааныг нэрлэжээ.

Нэгдүгээрт, Оросын Төв банк хүүг харьцангуй өндөр байлгах сонголт хийсэн. Хоёрдугаарт, хөрөнгийн хяналт болон бусад валютын хязгаарлалтууд бага зэрэг чангарсан. Гуравдугаарт, Орос, Украины энхийн хэлэлцээ тодорхой хэмжээнд ахиц дэвшилтэй байгаа явдал юм.

ОХУ-ын Төв банк өндөр инфляцийг бууруулж, дотоодын зээлийн хүүг 20 хувьтай байлгах, зээлийг чангатгахын тулд мөнгөний асуудалд маш бодлоготой, чанга хандаж буй. Гэвч зээлийн өндөр хүү нь дотоодын бизнес эрхлэгчдийг бараа бүтээгдэхүүн импортлоход саад болж, гадаад валютын эрэлтийг бууруулж байна гэж салбарын ажиглагчид үзжээ. Хэрэглээ сул байгаагаас үүдэн дотоодын импортлогчдын гадаад валютын эрэлт буурсан гэсэн үг юм.

Мөн банкууд ам.доллар эсвэл юань худалдаж авахын тулд рубль зарах шаардлагагүй болсон нь өсөлтөд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн.

Импортын татвар нэмэгдэхтэй холбоотойгоор 2025 оны эхний улиралд хэт нөөц үүссэн. Тодруулбал, өнгөрсөн оны сүүлийн хагаст идэвхтэй импортолсон хэрэглээний цахилгаан бараа, автомашин, ачааны машинууд зарагдахгүй хураагдаад байна. Хэрэглэгчийн худалдан авалт буурсан нь Оросын импортын багагүй хэсгийг бүрдүүлдэг удаан эдэлгээтэй бараа бүтээгдэхүүний салбарт голчлон нөлөөлжээ.

Оросын экспортлогчид ам.доллараар цалинждаг. Гэвч засгийн газар ам.долларыг рублиэр сольж байгаа нь рублийн эрэлтийг нэмэгдүүлжээ. Нөгөөтэйгүүр импортлогч компаниудын худалдан авалт багассан учир тэдний хувьд рублийг ам.доллараар солих хэрэгцээ бараг байхгүй болсон. Энэ нь ам.долларын эрэлт багасна гэсэн үг юм.

Оросын засгийн газар томоохон экспортлогчдыг орлогынхоо тодорхой хэсгийг эх орондоо авчирч, дотоодын зах зээлд рублиэр солихыг шаарддаг. Ялангуяа газрын тосны салбарынхан экспортоос олсон орлогоо дахин рубль болгон хувиргаж буйг шинжээчид онцолж байна.

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар ОХУ-ын томоохон экспортлогчдын гадаад валют борлуулсан хэмжээ 42.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь өмнөх дөрвөн сартай нь харьцуулахад бараг зургаан хувиар өссөн үзүүлэлт.

Төв банк эдийн засаг дахь мөнгөний хэмжээг бууруулж байгаа нь рублийн ханшийг тогтвортой байлгахад тусалж байна гэж Жонс Хопкинсийн их сургуулийн хэрэглээний эдийн засгийн профессор Стив Ханке хэлэв. 2023 оны наймдугаар сарын байдлаар Төв банкны хэвлэсэн мөнгөний хэмжээ маш хурдацтай буюу жилд 24 орчим хувиар өсч байжээ. Гэвч энэ оны нэгдүгээр сараас энэ байдал эрс өөрчлөгдсөн. Өдгөө мөнгөний нийлүүлэлт хумигдаж, жилд ойролцоогоор 1.2 хувийн бууралттай байна.

Цаашилбал, АНУ-ын ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдсоны дараа Орос, Украины энхийн хэлэлцээг байгуулж магадгүй гэж дэлхий нийт найдсан. Энэ итгэл найдвар нь өөдрөг үзлийг төрүүлж, валютын ханшийг дэмжсэн байна.

Шинжээчдийн анхааруулж байгаар рублийн ханшийн одоогийн өсөлт удаан үргэлжлэхгүй байх магадлалтай. Учир нь Оросын экспортын эдийн засгийн гол тулгуур болох газрын тосны үнэ энэ онд мэдэгдэхүйц буурсан нь валютын урсгалд сөргөөр нөлөөлж болзошгүй аж. Рублийн ханш одоогоор дээд цэгтээ ойртсон байна. Удахгүй эргээд суларч магадгүй гэж шинжээчид үзэж байна.

Мөн Орос, Украины хоорондын гал зогсоох хэлэлцээ амжилтад хүрсэн тохиолдолд рублийн ханш маш хурдан буурч магадгүй. Энэ тохиолдолд хөрөнгийн хяналт бүрэн цуцлагдаж, Төв банк ч тэр даруй хүүгээ бууруулж магадгүй юм.

Дэлхийн зах зээлд нефтийн үнэ буурч байгаа тул экспортлогчдын ашиг ч багасч буй. Оросын нефтийн салбарынханд ялангуяа энэ нь тод томруун мэдэгдэж байгаа нь дамжиггүй. Оросын эдийн засаг түүхий нефтийн үнийн хэлбэлзэлд маш мэдрэмтгий. Нефтийн үнэ буурах, рублийн ханш чангарах хоёр нийлснээр Оросын газрын тос, байгалийн хийн орлогыг бууруулж байна.

ЭХ СУРВАЛЖ: CNBC


URL: