Орос улс өнгөрсөн 9 жилд байгаагүй том цэрэг татлага явуулна
Оросын ерөнхийлөгч Владимир Путин Даваа гаригт (2025.09.29) 2025 оны эцэс гэхэд 135 мянган хүнийг цэргийн албанд татах зарлиг гаргажээ. Энэ нь өнгөрсөн есөн жилтэй харьцуулбал хамгийн том цэрэг татлага болно гэж албаныхан мэдэгдэв. Тухайлбал, 2016 оны намрын элсэлтийн үеэр Путин 152 мянган хүнийг цэрэгт татах тушаал өгсөн. Орос улс Украинд бүрэн хэмжээний довтолгоо хийж эхэлснээс хойших гурван жилийн хугацаанд жил бүрийн намар дунджаар 127 мянган цэрэг татдаг байжээ. Мөн 2025 оны хаврын цэрэг татлагын үеэр 160 мянган цэрэг татагдсан нь 2011 оны намраас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Орос улсад 18-30 насны эрэгтэйчүүд нэг жил цэргийн алба хаах эрхтэй байдаг тул жилд хоёр удаа цэрэг татдаг.
Ихэвчлэн сургууль, коллежоо төгсдөг хавар илүү олон эрчүүдийг цэрэгт татдаг бөгөөд Оросын нутаг дэвсгэр дэх цэргийн баазад алба хаадаг.
Гэсэн хэдий ч Оросын Украины эсрэг түрэмгийлэл үргэлжилж байгаа тул иргэд шинээр цэрэгт элсэгчдийг дайны фронт руу илгээнэ гэж эмээж байна. Үүний хариуд Кремль болон Батлан хамгаалах яам хугацаат цэргийн алба хаагчдыг байлдааны ажиллагаанд явуулахгүй байгаа гэж мэдэгдэв. Мөн энэ удаагийн цэрэг татлага нь Украины дайнтай холбоогүй гэж зарим албаныхан тайлбарлаж байна. Гэвч Оросын цэргийн албан хаагчдыг Украин олзолсон гэж өмнө нь удаа дараа мэдэгдэж байсан.
Мөн зарим хугацаат цэргийн албан хаагчдыг 2022 оны түрэмгийллийн эхэн үед дайны фронт руу андуурч байрлуулсан болохыг Путин өмнө нь хүлээн зөвшөөрч байжээ.
Ердийн цэрэг татлагаас гадна Орос улс Украин дахь дайнд олон зуун мянган гэрээт цэрэг элсүүлж, өндөр цалин, бүртгүүлэхэд их хэмжээний урамшуулал санал болгож байна. Түүнчлэн Оросын арми 2026 он гэхэд 1.5 сая идэвхтэй албан хаагчтай болгох тушаалыг Путин өгсөн байдаг. Өнгөрсөн долоо хоногт Оросын доод танхимын Төрийн Дум ирэх жилээс эхлэн бүтэн жилийн хугацаатай цэргийн алба хаах загвар руу шилжих хуулийн төслийг гурван хэлэлцүүлгийн эхнийхээр баталсан юм.
ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES
URL:




