Архидалтын эсрэг хууль реклам шиг л байгаа
Архидан согтууралтаас урьдчилан сэргийлэх ба хянах тухай хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг өчигдөр “Хангарьд” ордны хурлын танхимд боллоо. Хуулийн төслийн талаар холбогдох албаны хүмүүс, иргэдийн төлөөлөл, ТББ-ууд санаа бодлоо хуваалцсан юм. Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа “Архидан согтуурах асуудал МОНГОЛ Улсын хувьд аюул дагуулаад байгааг хэн хүнгүй мэдэж байгаа байх. Бидний хэрэглэж байгаа хуулиуд өнөөгийн нийгэмтэйгээ төдийлөн уялдаж үр дүн гарахгүй байгаа. Хуулийн эаалтуудад оруулсан зарим нэг асуудлыг та бүхэнд хүргэе. Архидан согтуурах асуудлыг таслан зогсооход төрийн оролцоотойгоор шийдэх ёстой. Төр архины нийлүүлэлтэд онцгой анхаарал хандуулж, урьдчилан сэргийлэх, эрэлтийг бууруулах, эрүүлжүүлэх байр бус архинд донтох өвчтэй иргэдээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулах зэрэг цогц байдлаар асуудлыг шийдэх ёстой. Архи худалдан борлуулах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг нэг жилээр туршилтын хугацаатайгаар олгох бөгөөд жилийн дотор үйл ажиллагаанд нь тодорхой албан байгууллагууд хяналт тавин цаашид эрхийг сунгах, үгүйг нь шийднэ. Зөрчил гаргаагүй тохиолдолд зөвшөөрөл хүсэгчийн хүсэлтийн дагуу тухайн холбогдох байгууллагуудаар хяналт шалгалт хийн эрхийг хоёр жилээр сунгах саналыг оруулж байгаа юм.
Мөн хөдөө орон нутагт ах дүү танил талаараа тусгай зөвшөөрлийг олгодог гэж хүмүүс их гомдоллодог, Архины тусгай зөвшөөрлийг хэн олгож байхыг хуулиндаа шинэчилж оруулж өгсөн. Манай архи, согтууруулах ундаа үйлдвэрлэгчид архинаас бусад олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Энэ асуудлыг одоо хуулиараа цэгцлэх шаардлагатай. Архи үйлдвэрлэдэг бол архиа л үйлдвэрлэнэ.
Худалдан борлуулагчийг 2500 хүн амд нэгээс ихгүй, аймгийн төвөөс бусад сумын төвд хоёроос дээш байхгүй байхаар зохицуулж өгнө. Мөн согтууруулах ундаа худалдах, үйлчлэх цэг нь тухайн этгээдийн бичиг баримтыг шалгаж 21 нас хүрсэн эсэхийг хянах үүрэгтэй. 21 нас хүрээгүй хүнд үйлчлэхгүй гэдэг анхааруулгыг ил тод бичиж байршуулсан байх шаардлагатай. Архинд босго үнэ тогтоож өгсөн. Түүхий эд болон түүнд ноогдох онцгой албан татвар шингэсэн үнээс бага өртөгтэй согтууруулах ундааг үйлдвэрлэх, борлуулахыг хориглоно. Худалдах, түүгээр үйлчлэх газруудын цагийн хуваарийг 00-10 цаг хүртэл байхаар заалтад тусгасан. Мөн сургууль цэцэрлэгээс 100 метрийн зайд худалдах, түүгээр үйлчлэхийг зөвшөөрөх гэсэн саналыг гаргасан байгаа. Гэхдээ бид бүгд хамтарч санаа бодлоо оруулах учраас хэлэх гэсэн санаагаа хэлж хамтран зөв шийдэл гаргахыг хүсч байна. Зар сурталчилгааны хувьд харахгүй, сонсохгүй, мэдэхгүй гэсэн зарчим баримталж, үйлдвэрлэдэг, импортолдог, худалдаалдаг, үйлчилдэг байгууллагууд ил болон далд бүх төрлийн зар сурталчилгаа явуулахыг хатуу хориглоно.
Бид архи, согтууруулах ундаа борлуулж, үйлдвэрлэж байгаа хүмүүсээ шагнаж урамшуулж дэвэргэж байна. Энэ тун буруу. Урлаг, спортын арга хэмжээг хэн ивээн тэтгэж байна, архи үйлдвэрлэгчид. Бүх зүйл архинаас хараат болчихсон байна. Энэ асуудлыг одоо л зохицуулах ёстой. Бид архи уусан иргэдээ эрүүлжүүлэх хэмээх газар хийдэг. Ийм дүрэм журамтай орон манайхаас өөр оронд алга. Миний мэдэж байгаагаар хамгийн сүүлд ОХУ эрүүлжүүлэхээ ЭМЯ-ндаа хариуцуулж өгсөн байдаг юм. Архи уудаг ч гэсэн тэд Монголын л иргэн, эрдэнэт хүмүүн шүү дээ. Хуулийн нэмэлт заалтад “Хордлого тайлах төв”-ийг барих талаар оруулсан. Энэ саналыг эрүүл мэндийн салбарынхан төдий л ойшоохгүй байгаа. Гэхдээ үүнийг ямар нэг арга замаар шийдэх нь зөв. Манай төр өнөөдөр архины татвараар санхүүжиж байна. Архины татвараар санхүүжих бус харин эерэгээрээ архидан согтуурахтай тэмцэхэд төрөөс мөнгө гаргах ёстой” гэж олон талаас нь ярьсан юм.
Ч.Сосормаа зөвлөх ийн хуулийн заалтуудын талаар танилцуулсны дараа Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хүнс, Худалдаа, Үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Долгормаа санал бодлоо хуваалцлаа. Тэрээр “Нийслэлийн хэмжээнд шинэ цагийн хуваарийн дагуу архи худалдан борлуулах, түүгээр үйлчилдэг албан байгууллага, иргэдийг ажиллуулж байна. Цагдаа, мэргэжлийн хяналтынхантай хамтарч шалгалт хийн зөрчилтэй газрын эрхийг засах арга хэмжээ авсан.
Одоогоор 114 газрын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Шинээр зөвшөөрөл олгохгүй байгаа. Гэхдээ 11 аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгосон. Энэ нь ямар учиртай вэ гэвэл шийдвэр ирэхээс өмнө материалаа өгчихсөн, стандарт шаардлагаа хангачихсан байсан газруудад олгосон юм. Хуулийн шинэ заалтад зөвшөөрлөө хураалгасан тохиолдолд дахин зөвшөөрөл олгохгүй гэж оруулж өгсөн байна. Гэсэн хэдий ч газар дээр нь үүнийг шийдэхэд төвөгтэй. Тухайн аж ахуйн нэгж нэрээ солиод зөвшөөрөл авъя гээд ханддаг тохиолдол цөөнгүй, Мөн тухайн объектоо тусгай зөвшөөрөл авч болно гээд бусдыг хууран борлуулах явдал ч бий. Үүнийг бас хуулиараа зохицуулах нь зөв болов уу” гэлээ. Иргэдийг төлөөлж н.Жавзмаа “Архи худалдан борлуулж, үйлдвэрлэж байгаа бүх зөвшөөрлийг томчууд л өөрсдөө авчихсан байдаг. Бидний энэ яриад байгаа хууль уг нь хууль л байх ёстой. Гэхдээ хуулиа хэрэгжүүлдэггүй улс нь төрийн томчуул шүү дээ. Хууль зөвхөн реклам юм шиг байгаа юм. Архины энэ асуудал Монгол Улс байх уу, үгүй юу гэдэгтээ тулаад байгаа. Энэ хууль бас гууль болох уу, аль эсвэл реклам уу. Та нарт мөнгө чухал уу, эх орон ард түмэн хэрэгтэй юу гэдэг асуулт тавимаар байна. Архи худалдаалдаг газруудыг камержуулах шаардлагатай. Хэн удаа дараа архи аваад байна, түүнийг олонд харуулдаг, жигшээдэг байх хэрэгтэй” гэсэн юм. Хэлэлцүүлэгт олон газрын төлөөлөл санал бодлоо хуваалцсан юм. Тэд худалдан борлуулах цэгийн тоог цөөлбөл гэрээр гар дээрээс архи худалдаалах явдал ихэсдэг. Чанаргүй, найрка борлуулагчид нэмэгдэнэ гэцгээж байсан юм. Мөн архинд донтогчдыг нийгэмшүүлэх, сэтгэлзүйн эмчилгээний төвүүдийг хороо, сум бүрт байгуулах нь зөв. Архи хэрэглэдэггүй өрх гэр, хамт олныг урамшуулж алдаршуулах нь зүйтэй гэхчилэн дор бүрнээ саналаа хэлцгээж байсан. Хэлэлцүүлэгт ирсэн хүн бүр хэлэх зүйл байсан ч заримыг нь бичгээр авахаар болж хэлэлцүүлэг өндөрлөсөн юм.
Л.БОЛОРЦЭЦЭГ
URL:




