С.Баярын Ванданов

“Цэрэг хүнийг мянган хоног тэжээж ганц өдөр хэрэглэдэг” гэдэг үнэн бөгөөд нөгөө талаар худал аж. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх гэгч цэргийн нөхрийг мянгаар тогтохгүй хоног тэжээж, нэгээр барахгүй өдөр хэрэглэлээ хөөрхий, өөрөө мэдэхгүй нь даанч гаслантай.

Цэргийн хүн цэрэг л байдаг гэдэг үнэн аж. Талбай дээр жагсахад тэр л байна. Хэн нэгнийг заамдана, доромжилно тэр л байна. Хэрэг шүүх болоход тэр л байна. Үүнээс үүдээд нэгийг бодоход, төрийн шагналт зохиолч Н.Удвал ахайтны “Хатанбаатар Магсаржав” хэмээх түүхэн зохиолд 1911 оны эрх чөлөөний хувьсгал болон түүний үргэлжлэл болох 1921 оны ардын хувьсгалын тухай тодоос тод өгүүлсэн байдаг. Энэ тухай бидний мэдэх “Хатанбаатар Магсаржав” хэмээх кино ч бий. Тус киноны тухай цухас дурьдахад, Монгол Улсад эрх чөлөөний үнэр ханхалж, Орос улсад мөн эрх чөлөөний салхи сэвэлзсэн тийм үе байв.

Өөрөөр хэлбэл сэлэм барьж чаддаг, буу мэдэх хүмүүс цэргийн жанжин болж байв. Энэ бол худал биш. Тиймдээ ч Оросын улаан армиас зугатсан нөхөд нөмөр нөөлөг хайхдаа л манай улсыг бараадсан. Тиймээс баруун хязгаар улсыг тохинуулах үйлсэд Оросоос дүрвэж ирсэн цэргийн жанжин Барон Унгерныг томилж, тэр нь цэргийн жанжнаараа Вандановыг тохоодог. Түүний цэргийн жанжин Ванданов баруун Монголыг тохинуулах гээд яаж балардгийг уншигч та бүхэн сайн санаж байгаа. Үндсэндээ тухайн Засгийн газрыг хаашаа явахыг мэдээгүй, хаашаа ч явсан хамаагүй болчихсон Богд хаан энэ мэт хүнийг хөөргөн, өөрийн ашиг эрхийн төлөө мандуулж байсны гэрч энэ буюу. Шуудхан хэлэхэд “үхэхдээ үхэр буугаа тавьсан” хэрэг.

Тэгвэл У.Хүрэлсүх гэгч нөхөр яг л цагаан хааны цэргийн жанжин мэт загнаж, намынхаа нэрийг солиод зогсохгүй, нэгэн тугийн дор жагсаахын тулд хүчээр МАН-ын батлахыг ч гардуулав. Ерөөсөө В.И.Лениний замаар цөхрөлтгүй намжиж, түрэмгийлж яваа хүн бол У.Хүрэлсүх. Энэ нь намынхаа олон мянган гишүүдийн дургүйцлийг хүргээд амжсан. Өнгөрөгч туулай жилийн сар шинийн баяраар хөөрөг зөрүүлсэн ахмадууд бүхэн энэ талаар л ярьж сууна. Ерөөсөө сар шинийн идээ будааны ганц хачир нь “Баярын Ванданов Хүрэлсүх” гэдэг зүйлийг ярьж байв. Тэд ярихдаа “Бидэнд намын батлах хүчээр өгсөн. Нэгэнт өгсөн зүйлийг авахгүй гээд яахав. Гэхдээ Н.Энхбаяр ийм зүйл байгуулаад МАХН-ын эрх ашгийг хамгаалж байгаа нь сайн хэрэг. Бид дэмжиж байна. Нэг насыг л энэ намын төлөө өнгөрүүлсэн” гэсэн зүйлийг нэгэн дуугаар ярьж байгаа.

Тэгэхээр өнөөдрийн нөхцөл байдлаас харахад МАН задарч байгаа нь нэгэнт ил болсон. Өнгөрөгч оны намрын эхэн сард “Энэ нам нэрээ солиод сонгуульд ялагдвал би хариуцлагыг нь хүлээнэ” хэмээн цээжээ дэлдэж явсан “Вандонов Хүрэлсүх” гэнэт хариуцлагаа ухамсарласан уу, яасан МАХН-ын түр штабынхантай үзэлцээд өгсөн. Болох болохгүй зүйлийг хийсэн “Ванданов Хүрэлсүх” ёстой л цэргийн хүний араншинг гаргасан киноны хамгийн инээдтэй нь өнөөх Оросоос шахагдсан цэргийн дарга нөхөр маань Богд хааны зарлигаар ард олны төлөө тэмцсэн. Тэр нь тэртээ тэргүй унах гэж байсан Богдын Засгийн газарт хүчтэй нөлөөлж, санаснаас ч амархан унасныг санаж байгаа байх.

Магадгүй Богдыг харийнхантай нийлж ардынхаа эсрэг мулгуутаагүй бол тэр хувьсгал тийм амархан мандаа ч бил үү үгүй, ч бил үү. МАХН-ын түр штабын хувьд бол ийм л зүйл болсон. Хэрэв цэргийн дарга У.Хүрэлсүх ийм зүйл хийгээгүй бол Н.Энхбаяр ийм өндөрлөгт ирж, МАХН-ын түр штабаас эхлэн МАХН-ыг сэргээн олон мянган гишүүдийн талархлыг хүлээхгүй л байсан. УИХ-д суудалтай бүр бүлэгтэй болох тухай бүр ч ярилтгүй байсан. Үндсэндээ У.Хүрэлсүх Н.Энхбаярыг хурцалсан хэрэг. Өөрөөр хэлбэл яахаа мэдэхгүй манарч явсан Н.Энхбаярыг нэгэн цэргийн зөвлөх ийнхүү замыг засч өгсөн хэрэг. Яахав, С.Баярт энэ мэт тэнэгдүү цэргийн зөвлөх олдоогүй ч байж магад. Тийм ч учраас У.Хүрэлсүхийг тамирыг нь тасартал зүтгүүлээд золигт гаргах гэсэн бодлого байсан байх. С.Баярт бол алдах зүйл байхгүй. Түүхээс эргэн харахад цэргийн жанжин Ванданов ямар ч боловсролгүй нэгэн байсныг бид бүхэн мэдэх.

Тухайн цагт чинь сэлэм эргүүлдэг бүхэн л жанжин байсан шүү дээ. Харин өнөөдөр гар зангидсан бүхэн дарга болно гэсэн бодол арай л байж болохгүй байх. Өнөөдрийн байдлаас ажиглаж байхад өнөөх “ухаангүй ноёнд урагшгүй албат” гэдэг л болсон юм шигээ.

С.Ууганбаяр


URL:

Сэтгэгдэл бичих